Яруу найрагч Дан.Нямаагийн хайрын түүх...

Twitter Print
2016 оны 07-р сар 03-нд 15:03 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын cоёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч Данзангийн Нямаагийн хайрын түүхийг сонирхуулъя.

-Таны анхны хайр хэзээ ирсэн бэ. Анхны хайр ихэвчлэн бүтдэггүй гэдэг. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцана уу?

-Зургадугаар ангид байсан хаврын өдрүүдээ дурснам. Дээд ангийн охин Даваамаагийн хархан нүд одоо ч сэтгэлд торолзном, эхний цас будран орсон тэр нэгэн өдөр анхны хайрын захидлаа бичиж билээ. Хожим энэ тухайгаа “Нарны алга” номондоо бичсэн шүү дээ.

“...Захидлын үсэг бүр бор, борхон болжмор мэт тогтож ядна. Гэнэт хүн ороод ирж гэмээнэ дэрхийтэл нисэхэд бэлэн. Би эргэн тойрноо гараараа халхалж, цээжээрээ нөмөрлөн байж захидлаа бичлээ. Тэгээд өвөртөллөө. Хаалганыхаа түгжээг зөөлөн мулталж, нэг хэсэг чимээ чагнан зогсов. Ойр хавьд хүн алга бололтой. Цээжин дотроос нар өвөртөлчихсөн мэт халуу шатна.

Сургуулийн өмнө тарьсан хэдэн улиасны навчис хийсэж байв. Гэнэт нэг нь өлмий дор унахад гишгэчихгүйг хичээлээ. Яагаад ч юм захидал минь навч болчихоод хэдэн хэсэг будран хийсэж байх шиг санагднам бөлгөө. Хэзээ надад бий болсныг бүү мэд дээ, юм болгоныг хайрлах зөн төрнө.

Урдаас хэсэг охид ирж явав. Даваамаа ч харагдлаа. Тэр сацуу нүүр минь улаа бутраад хамаг бие дагжин чичирч, нэг мэдэх нь ээ сургуулийг тойрон, байрныхаа зүг гүйж явлаа. Захидлаа хэдийнэ хумхин базжээ. Тэгээд сэтгэлдээ энэлэн байж урлаа. Орой нь анхны цас будран оров. Тэр цас миний захидлын тасархай ажээ. Намрын сүүл сарын салхинаа миний анхны захидлын тасархайнууд цас мэт будранхан хийсэж байлаа...”

Анхны хайрын тухай бодохоор л Даваамаа, цас, анхны захидал гурав санаанд ордог юм.

-Эхнэртэйгээ танилцсан түүх нь ямар бол. Түүндээ зориулж олон шүлэг бичсэн үү?

-Бид онгоцны буудалд танилцсансан. Долдугаар сарын 7-ны тунгалаг наран одоо ч сэтгэлийн минь тэнгэрт гэрэлтэн бий. Цэнхэр дээлтэй, чилгэр бор охины өмнө, хойгуур хэдэн ч удаа алхсан юм бэ дээ. Хожим нь асуухад ер анзаараагүй гэж билээ. Залуугийн зоригоор танилцаж, ажлын утсаа өгөөд салсан юмдаг. Хоёр хоногийн дараа тэр бүсгүй ажил руу минь утасдаж, ахынх руугаа хайрцагтай чихэр, жимс хүргэж өгөхийг гуйсан. Уулзахаар яаран гүйж явахдаа нэгэн насны хань руугаа дэгдэж явснаа хэрхэн мэдэх билээ. Танилцаад удаагүй ч Хөвсгөл рүү амрахаар явсан үед нь хэзээний юм шиг ихэд санасансан. Ирэхийг нь хоног тоолон хүлээж билээ. Одоо ч ийш, тийш явахад нь санадаг хэвээрээ. Бидэн хоёр ханилаад 32 жил болсон байна. Гэргийдээ зориулж олон шүлэг бичсээн, нэг нь энэ байна. 2000 оны есдүгээр сарын 9-нд бичсэн юм.

М.Печоска-даа

Чи минь, хайрт минь

Чин шударгуу, аальт минь

Хархан нүдэт, аньсан уруулт минь

Хашийн шүдээ яралзуулан инээмсэглэгч минь

Хэзээнээс тоссон үйлийн үрт минь

Хээрийн цэцэгнээс ч анхилхан хүзүүт минь

Заримдаа яг л эрх хүүхэд шиг

Чаргуулдан араас дагах өрөвдөлт минь

Цонхоор харуулдан зогсогч минь

Хонхоор гүйж ирэн догдлогч минь

Дандаа л гэрэлт мөрөөдлөөр

Далавчлан урагшаа тэмүүлэгч минь

Уурлахаараа улам тормолзогч минь

Уучланхан намайг гэсгээгч минь

Охин минь, хүү минь, чи минь

Од шүүрсэн азтан минь

Янаг минь, гэргий минь

Явах, ирэх цагийн урт зүү минь

Амьдрал та хоёртоо хайртай шүү, би

Амраг минь, миний хайртай хань минь

-Эхнэрээ яагаад Печоска гэдэг юм бэ. Өхөөрдсөн нэр үү?

-Жинхэнэ нэр нь юм аа. Энэ шүлгээ анхны номондоо нийтлэх гэтэл Утга зохиол хянах газраас “Хачин нэр хаанаас гаргаад ирэв” гэсэн. Залуу ч байж, хасчихъя л гэлээ. Орой нь гэртээ очоод энэ тухайгаа гэргийдээ хэлтэл “Миний нэрийг яагаад оруулж болдоггүй юм бэ” гээд уйлсан. Тэгэхээр нь буцаагаад тавьчихсан. Анх танилцахдаа нэрийг нь цээжлэх гэж зовж байлаа.

-Таны бодлоор хайр гэж юу вэ?

-Хайр бол аз жаргалын тарни, дотоод гэгээрэл. Хайр гэрэлтсэн хүмүүнээс илүү дээд үзэсгэлэн гэж үгүй. Хайраас бусад бүх юм элэгддэг, төгсдөг. Радиогоор овоглосон яруу найрагч Дан.Нямааг хайрын шүлгийн мэргэжилтэн, сэтгэлийн дотоод чинадад нэвтрэгч хэмээн утга зохиолынхон үнэлдэг юм билээ.

Эх сурвалж: С.УУЛ, Т.БОЛОР-ЭРДЭНЭ / Өнөөдөр сонин /

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.