Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

Twitter Print
2014 оны 07-р сар 03-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж л хэлье дээ, өөр яахав. Ямар Монголд байгаа биш. Харин Монголд бол өөр хэрэг, ямар ч хэрэг тулгалаа, тэр нь батлагдлаа гэсэн эцсээ хүртэл үзнэ шүү дээ. Аргалуулаад өнгөрөх гэж танил талаараа хөөцөлдүүлэн яриулж хөөрүүлж, хоног хугацаа алдуулан хөвүүлсээр эцэст нь юу гэдэг нь мэдэгдэхгүй холион бантан болгож орхидог. Бас Төрийн хамгаалалт гэдэг юмаар халхавчлан ёстой л хөшөө чулуу болтлоо гүрийнэ шүү дээ. Ер нь манайхан төрийн өндөр болоод нам доогуур аль ч албан тушаалыг боломжтой бүх арга замаар ашиглаж авахыг урьтал болгодог гэвэл бүгдээрээ зөвшөөрнө. Монгол ухаан гэж арай болохгүй байх.

Гэтэл манайд харагддаг зарим нэг хэрэг явдалд гадаадын өндөр хөгжилтэй орны иргэд, нэн ялангуяа Зүүн Өмнөд Азийн улс орнуудын улс төрчид огт өөрөөр ханддаг. Тэд алдаа гаргасан л бол "уучлаарай" гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлэхээс гадна буруугаа хүлээн ямарч албан тушаалаас сайн дураараа огцорч чаддаг. 

Япончууд энэ тал дээр бүр онцгой өөрөөр ханддаг аж. Тухайлбал Японы баруун нутгийн Хиого мужийн төрийн нэгэн албан хаагч Ryutaro Nonomura улсын мөнгө хувьдаа болон зүй бусаар ашигласан хэрэгт тулгагдаж яах аргагүй хэргээ хүлээсэн байна. Хүлээх, хүлээхдээ бүр хүүхэд мэт эхэр татан уйлж учир явдлаа тайлбарлах гэж оролдсон аж. Тэрээр нийтдээ 30,000 ам.доллар орчмыг дөрвөн жилийн хугацаанд 195 удаа дотоод томилолтоор явахдаа зарцуулсан байна. Томилолтын хугацаанд 106 удаад нэгэн халуун рашаантай амралтын газар зочилж үйлчлүүлсэн боловч албан ажлын шугамаар гэдгийг илтгэх төлбөрийн тасалбар аваагүй байсан аж.

2011 оноос Хиого мужийн нийтийн хуралд сонгогдсон Нономура "би энэ Японы нийгмийг өөрчлөх гэсэн юм...би амьдралаараа дэнчин тавьсан...та нар ойлгохгүй байна уу..." гэж учирлажээ. Хиого мужийн төв Кобе хотод болсон хэвлэлийн хурал дээр тэрээр нус нулимс болж шившигээ тарьсан бичлэгийг YouTube хуудсан дээр өчигдөр үдээс хойш тавьсанаас хойш одоо нэг сая гаруй хүн үзээд байгаа аж.

Нийгмийн мэдээлэл харилцааны хэрэглэгчид түүнд хайр найргүй шүүмжилж маш олон тооны сэтгэгдэл өгсөн байна. 

Монголд бол юун ингэж уйлан хайлан уучлалт гуйх, ёстой "май" гээд салаавч үзүүлээд гэдсээ маажиж зогсоно доо. 

 

 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.