
АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Сан Франциско дахь гэрт нэгэн этгээд дайран орж, Нэнси Пелосигийн нөхөр Пол Пелосид халдаж, толгойг нь алхаар цохьсон хэрэг өнгөрсөн баасан гарагийн шөнө гарчээ.
82 настай Пол Пелоси эмнэлэгт хүргэгдсэн ба тэрээр гавлын яс болон баруун гарандаа мэс засал хийлгэжээ.
Хэргийг үйлдсэн 42 настай Дэвид Дипэйп нь мөн эмнэлэгт хүргэгдсэн ба түүнийг хүний амь насанд халдахыг завдсан, зэвсэгт халдлага үйлдсэн, ахмад настанд халдсан, бие махбодид гэмтэл учруулсан, орон байранд хууль бусаар нэвтэрсэн зэрэг хэрэгт тус тус буруутгажээ.
Нэнси Пелосигийн хувьд тухайн хэрэг гарах үед Вашингтонд байсан ба эрх баригчид хэрэг үйлдсэн этгээдийн Нэнси Пелосигийн гэрт дайран орж, халдлага үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
CNN агентлагийн мэдээлснээр Пол Пелоси халдлага үйлдсэн этгээдээс ариун цэврийн өрөө орох зөвшөөрөл хүссэн ба гэрийнхээ ариун цэврийн өрөөнд цэнэглэж байсан гар утсаараа 911 руу залгаж, халдлагад өртсөнөө операторт шууд бусаар илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Нэнси Пелоситэй утсаар холбогдож, тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн ба утсаар ярих үед Нэнси Пелоси нөхрийнхөө дэргэд байхаар, Сан Франциско руу буцаж байсан гэжээ.
Хэргийг үйлдсэн этгээд Пелосигийн гэр лүү дайран орсныхоо дараа Нэнси Пелосийг гарч ирэхийг шаардсан аж.
Нью Йорк хотын цагдаагийн газраас удахгүй болох сонгуультай холбоотойгоор улстөрчид, улс төрийн арга хэмжээнүүд, санал хураах байрууд нь экстремистүүдийн халдлагад өртөх өндөр эрсдэотэйг анхааруулжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.