Япон улс Фукушима АЦС-ын реакторын хөргүүрийн усыг далайд урсгана

Twitter Print
2023 оны 01-р сар 14-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Япон улс Фукушима атомын цахилгаан станцын реакторыг хөргөхөд ашиглаж байгаа олон сая тонн усыг энэ онд далайд урсгахаар төлөвлөжээ.

Фукушима АЦС-ын үйл ажиллагааг хариуцсан оператор Токиогийн Цахилгаан Эрчим Хүчний компани болон Олон Улсын Атомын Эрчим Хүчний агентлаг Фукушимад нөөцлөгдсөн усан дахь цацраг идэвхт бодисын хэмжээ Япон улсын стандартад нийцсэн, аюулгүй гэдгийг онцолж байна.

Фукушима АЦС-аас өдөр болгон 100 метр куб бохир ус гарч байгаа нь гүний ус, далайн ус болон реакторуудыг хөргөхөд ашиглаж байсан усны холимог бөгөөд Tepco компани уг усыг цэвэршүүлэн, цистернд нөөцөлсөөр байгаа юм.

Өнөөдрийн байдлаар нийт 1.3 сая метр куб ус нөөцлөөд байгаа ба цаашид Фукушима АЦС бохир ус хадгалах зайгүй болох эрсдэлтэй тулаад байгаа аж.

Цэвэршүүлсэн дээрх бохир усанд голчлон цацраг идэвхт изотопууд байгаагаас тритийн хэмжээ нь Япон улсын стандартад зааснаас бага зэрэг өндөр байгаа аж.

Мэргэжилтнүүд уснаас тритийг гаргаж авах маш хэцүү, тритий бодисын хэмжээ маш өндөр байж байж л хүний эрүүл мэндэд нөлөөлнө гэдгийг онцолжээ.

Фукушимад цугларсан усыг далайд урсгах төслийг Японы засгийн газар 2021 онд дэмжсэн ч Японы хөрш орнууд болон загасчид уг төслийг эсэргүүцсээр байгаа юм.

Номхон далай дахь улс орнууд Япон улсын зүгээс өгч байгаа мэдээлэл нь ил тод, нээлттэй байж чадахгүй байна хэмээн буруушааж байгаа юм.

Номхон далайн арлуудын форумын ерөнхий нарийн бичгийн дарга Хэнри Пуна, "Номхон далайн арлуудын хүн амын хувьд далай тэнгис нь аж амьдралын салшгүй хэсэг юм.

2021 онд болсон Номхон далайн арлуудын дээд түвшний уулзалтын үеэр Япон улс Фукушима АЦС-ын усыг далай руу урсгахаасаа өмнө Номхон далайн арлуудад уг үйл ажиллагаатай холбоотой хараат бус, баримт нотолгоонд суурилсан мэдээллүүдээ танилцуулна гэсэн амлалт өгсөн ч Япон улс амлалтаа зөрчиж байна." хэмээн мэдэгджээ.

2011 оны 3-р сарын 11-нд Япон улсын зүүн хойд бүс нутагт 9 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс болж цунами болсон билээ.

Цунамигийн давалгаанд өртсөн Фукушима АЦС-ын 3 реактор усанд автаж, томоохон осолд хүргэсэн билээ. Ослын улмаас Фукушима АЦС-ын ойр орчмыг хааж, 150 мянга гаруй иргэдийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.