
Төмөр замтай холбоотой тархи угаалт-3
Дэлхийн түүхэнд алимтай холбоотой миний мэдэх 2 домог байдаг.
- Хэрүүлийн алим.
Эртний грекийн нэгэн домог бий. ““Хамгийн үзэсгэлэнт бүсгүйд” гэх бичгийг дээр нь сийлсэн алтан алимыг 3 эмэгтэй бурханы хамгийн царайлагт нь өг” гэсэн тушаалыг Зевс өгчээ. Зевсийн элч Парис ташаалыг нь ёсоор болгон гоо үзэсгэлэн, дурлалын бурхан болох Афродитад алтан алимыг өгсөн нь бусад бурхадын хилэнг хүргэсэн гэдэг. Үүнийх нь хариуд Афродита үзэсгэлэнт Еленаг хулгайлахад нь Парист тусласан аж. Эл явдлаас болж дайн эхлэн, Троя хот сөнөсөн гэдэг. Эртний грекийн домогтой танил биш хүмүүс Бред Питт гол дүрд нь тоглодог “Троя” гэдэг киног эрх биш санаж байгаа байлгүй.
Төмөр зам үнэхээр хэрүүлийн алим боллоо. Хоёр төмрийн хоорондох зай-царигийг ингэж улстөржүүлсэн орон байхгүй. Олон царигтай улс орон гэж байгаа. Энэ талаар "Хоёр төмрийн хоорондын зайг манайх шиг улстөржүүлсэн түүх энэ дэлхийд байхгүй" гэсэн нийтлэлд дэлгэрэнгүй бичсэн./http://news.gogo.mn/r/136653/
Явсаар байгаад энэ нь бол эдийн засгийн шийдэл байх уу, хүйтэн дайны үеийн “төмөр хөшиг” босгох бодлого байх уу? гэдэг асуултын тэмдэгт тулж байна.
Энэ царигаар иргэдээ хоёр талцуулан дайсагнуулж байгаа хүмүүсээс зарим зүйлийг тулгаж асуумаар байна.
- Эрээн өртөө рүү барьсан манай 1520 мм төмөр замын 2 үзүүрийг буулгах уу?
- Эсвэл төмөр замын аюулгүй бүс гэж зарлаад Дарханаас хойш 1435 мм царигтай төмөр замтай болох уу?
Хамгийн гол нь бодит мэдээлэл, баримт, үндэслэлтэй л хариу авмаар, бас ярьмаар байна шүү гэдгийг улстөрчдөд хатуу сануулмаар байна. Энэ төмөр замаар бид зөвхөн нүүрсээ өгөхгүй өргөн цар хүрээтэй, эдийн засгийн ач холбогдолтойгоор ашиглах бодлоготой гэдгийг эрх биш мэдмээр. Гэтэл монголчуудыг эрлийз, хурлийз болгох хятадуудыг тээвэрлэж авчрах зорилготой мэтээр мушгин гуйвуулж, олныг төөрөгдүүлж, айдас хүйдэст автуулж байгаа гэх мэт ташаа ойлголт төрүүлж байгаа нь харамсалтай. Тэр бууны нохой гэдэг нь ч хол явахгүй. Тээвэр гэдэг чинь бүхэл бүтэн шинжлэх ухаан юм. Явцуу эрх ашгийн хүрээнд хийгдэж буй хар инстинкт, хар PR-ын бай ч биш. Үүгээр хол явахгүй.
- Ньютоны алим.
Английн эрдэмтэн Исаак Ньютон алимны модны сүүдэрт сууж байтал дээрээс нь алим унаж дэлхийн татах хүчний хуулийг нээсэн гэдэг бас нэг түүх байдаг.
Манай зам тээврийн салбарт 2008 оноос хойш бодлогогүй, хариуцлагагүй үйлдлүүд маш их болж байсан.
Тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын гарын үсэгтэй 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хятадын төмөр замын групп (China Railway Group Limited) гэдэг компанитай байгуулсан санамж бичигт “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Тавантолгойн коксжих нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан барих төмөр замын төслийн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн асуудлыг Хятадын тал бүрэн хариуцах бөгөөд Монгол улсын Засгийн газар Хятадын талд Тавантолгойн коксжих нүүрсний орд газрыг ашиглах онцгой эрхийг олгоно” гэж заасан байгаа нь цагаан цаасан дээр хараар бичигдэж тухайн үеийн сайд Х.Баттулгын гарын үсэг дурайтал зурагдсан байгаа. Энэ мэт зарим нэг асуудал дээр Х.Баттулгын ой санамжийг эргүүлэн авчрах аян өрнүүлэхэд буруудахааргүй харагдаж байгаа биз.
Гэрээ нь энэ байна.
Энэ санамж бичигт хятадын тал барина. Таван Толгойн ордоо хятадуудаар ухуулна гээд заасан байгаа.
Мөн тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Дэд сайд А.Гансүхийн 2009 оны 07 сарын 23-ны өдөр гарын үсэг зурж, Хятадын төмөр замын яамтай байгуулсан өөр нэгэн санамж бичигт, “Талууд харилцан тохиролцсоны дагуу Хятад-Монголын хамтарсан төмөр замын компани байгуулах бөгөөд талууд тус бүр 50%-ийн хувьцаа эзэмшинэ. Хятадын тал төмөр замын компанид техник, технологи, барилгын ажлын хөрөнгө оруулалт оруулах замаар хувьцаа эзэмших бөгөөд Монголын тал хайгуул хийн нөөц нь тогтоогдсон уул уурхайн ашигт малтмал ашиглах эрхээр хувь нийлүүлнэ” гэж заажээ. Цаашилбал, “Шивээхүрэн – Нарийн сухайт, Сайншанд – Замын-Үүд болон Баруун-Урт – Бичигтийн чиглэлийн төмөр замуудыг 1435 мм-ийн (нарийн) царигаар барина” гэсэн байна. Энэ мэтчилэн судлаад байвал өчнөөн олон баримт бичиг байх бөгөөд зөвхөн эдгээр баримтуудаас үзэхэд, Монгол Улсын баялагийг ухаад, зараад байна гэж уурлаад байдаг Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга маань өөрөө Тавантолгойн коксжих нүүрсийг вагоноор нь биш орд газраар нь оросуудад, бас хятадуудад бэлэглэхээр тохиролцож байжээ. Ёстой ичиг ичиг гэмээр байгаа биз.
Надад ганц асуулт бас ганц хүсэлт байна.
Яг ямар алим, хэзээ та хоёрын толгойн дээр унаж үзэл бодлыг чинь эрс өөрчлөв? Энэ тухайгаа улсын нууц гэлгүй ард түмэндээ сайхан тайлбарлаад өгнө үү? Х.Баттулга гишүүн ээ.
Техникийн ухааны доктор Монголын Төмөр замын Инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.