
Суганы хөлс хэт их ялгарах нь биед ямар нэгэн зовиур байгааг илтгэдэг хэмээн эмч нар үздэг юм байна. Үүнд ихэнх тохиолдолд мэдрэл, судасны тэнцвэргүйдэл (оросоор бол вегето-сосудистая дистония), эсвэл бамбай булчирхайн асуудалтай болсныг илтгэдэг гэнэ. Тиймээс нэн түрүүнд дээр дурьдсан өвчин байгаа эсэхийг оношлох шинжилгээг хийлгэх хэрэгтэй. Харин хэт хөлрөлтийг багасгахын тулд дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.
Эрүүл хооллолт
Согтууруулах ундаа, сармис, кофе, сонгино зэрэг нь хөлрөлтийг нэмэгдүүлж, биеэс эвгүй үнэрийг ялгаруулахад нөлөөлдөг. Өглөө уусан кофе нь биеийн халууны хэмийг нэмэгдүүлэх ба кофеин нь хөлс ялгаруулахад дэм болж өгдөг. Тиймээс, суганы хөлс ялгаралтыг бууруулахын тулд кофег хүйтнээр нь уух, эсвэл кофеингүй кофе уугаарай.
Хөвөн даавуун материалаар хийгдсэн хувцас сонгох
Хөвөн даавуу нь чийгийг шингээж, агаар нэвтрүүлдэг. Биед илүү эвтэйхэн бөгөөд нян үржих нөхцлийг бүрдүүлдэггүй. Харин синтетик хиймэл материал нь чийгийг нэвтрүүлэлгүй хуримтлуулах ба халуун орчинд нян үржсэнээр эвгүй үнэр ялгарахад нөлөөлдөг байна.
Халуун, хүйтэн шүршүүр
Халуун хүйтэн нь ээлжилсэн шүршүүрт байнга орсон тохиолдолд л үр дүн үзүүлнэ. Шүршүүрт орох үедээ суга орчмыг 2-3 минутын туршид халуун бүлээн усаар массаж хийгээд, дараа нь хүйтэн усаар шүршинэ. Ингээд 5-6 удаа ээлжлээрэй.
Хүүхдийн саван
Сүүлийн үед хөлс дарагч антиперспирант, дезодорантуудыг маш ихээр шүүмжлээд байгаа билээ. Тиймээс, хамгийн энгийн бөгөөд хоргүй аргыг хэрэглээд үзээрэй. Үүний тулд хүүхдийн саванг норгоод нойтон хэсгээр нь сугандаа түрхээд хатаагаарай.
Ардын арга
Хэрвээ бүгчим, битүү орчинд удаан хугацаанд байх шаардлагатай байгаа бол хөлс дарагч түрхсэний дараа үйлчилгээг нь нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн тальк буюу цацлага эсвэл хүнсний содыг сугандаа цацаарай.
Мөн хөлсний ялгаралтыг хүчиллэг орчин багасгадаг гэдгийг санаж яваарай. Үүний тулд нимбэг, жүрж, лайм зэрэг жимсний зүсмээр сугаа арчаад үзээрэй.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.