Хятадууд Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн баярт бэлдэж байна

Twitter Print
2021 оны 06-р сар 28-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр 7-р сарын 1-нд тохиож байгаатай холбоотойгоор нийслэл Бээжин хотын гудамж талбайнууд Хятадын төрийн далбаа болон өнгө өнгийн цэцгээр өнгө засч, эрх баригчид хотын автозамыг хэсэгчлэн хааж, хяналт шалгалтаа чангатгаад байна.

Хятадын эрх баригчид Коммунист намын ойн баярт өнгөрсөн 1 жилийн турш бэлтгэж байгаа ба ойн баярын үйл ажиллагаа болон арга хэмжээнүүд нь Коммунист намын түүхийг алдаршуулж, иргэдийн Хятадын социалист дэглэмд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилго агуулж байна. Бээжин хотын гудамж, талбайд, "Коммунист нам үгүй бол шинэ Хятад үгүй." гэсэн уриа лоозонг өлгөжээ.

Ойн баярын үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн зарим нь нууц хэвээр байгаа ч дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Тяньаньмэний талбай дээр болон 2008 оны Бээжингийн Олимпын наадамд зориулан барьсан Шувууны үүр цэнгэлдэхэд томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулагдах тухай бичжээ.

Өнгөрсөн 5-р сараас эхлэн улбар шар өнгийн ажлын хувцас өмссөн тохижилт үйлчилгээний ажилчид Бээжин хотын зам талбайг цэвэрлэж, цэцгүүдээр чимэглэж эхэлсэн бол Хятадын Аюулгүй албаны ажилтнууд хяналт шалгалтаа чангатгаж, зарим нэг хязгаарлалтыг тогтоожээ.

Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн албан хаагчид Бээжингийн төвийн Дончэн дүүргийн айл өрх тус бүрээр орж, иргэдийн бүртгэлийг шалгаж, байр тус бүрт амьдарч буй иргэдийн тоог бүртгэн авчээ.

Түүнээс гадна эрх баригчид цахим худалдааны платформуудад 6-р сараас хойш Бээжин хотын оршин суугчдад хийн баллон зэрэг шатамхай бодис хүргэж өгөхийг хоригложээ. Хятад улс даяар эмнэлгүүд, сургуулиуд бодон цэргийн ангиуд Коммунист намын 100 жилийн ойн баярт зориулсан арга хэмжээ, семинар, үзэсгэлэн зэргийг зохион байгуулах аж.

Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-china

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.