
Хятадын эрх баригчид энэ мягмар гарагт Хонгконгийн тусгай захиргааны бүсийн сонгуулийн тухай хуульд оруулах нэмэли өөрчлөлтөө батлахаар төлөвлөжээ.
Хонгконгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Хонгконгийн засаг захиргаанд "эх оронч" үзэлтэй хүмүүс л алба хаших аж. Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар Бээжин уг хуулийн төслийг баталснаар Хонгконг дахь хяналтаа чангатгах ба Хонгконгийн Хууль тогтоох зөвлөлд суух гишүүн БНХАУ-д үнэнч гэдгээ батлах шаардлагатай болж байгаа нь сөрөг хүчнийхний Хонгконгийн Хууль тогтоох зөвлөлд орох боломжийг хааж, Хонгконгийн ардчиллыг үгүй хийх аж.
Хятадын эрх баригчид Хонгконгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг энэ сарын дундуур болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурлаар баталсан билээ. Шинэ хуулийн төслийн дагуу Хонгконгийн Хууль тогтоох зөвлөл дахь гишүүдийн тоог 70-аас 90 болгон нэмэгдүүлж байгаа ба Хонгконгийн сонгуулийн хороо Хууль тогтоох зөвлөлд нэр дэвших гишүүдийг томилох аж. Хонгконгийн Хууль тогтох зөвлөл буюу парламент нь 70 суудалтай байсны талыг нь Хонгконгийн иргэдийн шууд санал хураалтаар сонгож ба талыг нь эдийн засаг, бизнес, банк зэрэг тусгай сонирхлын бүлгүүдээс сонгодог байсан юм. Бээжингийн эрх баригчдын Хонгконг дахь нөлөөгөө нэмэгдүүлэх оролдлого бүр Хонгкончуудын эсэргүүцэлтэй тулж, 2019 онд олон сарын турш үргэлжилсэн ардчилсан иргэний хөдөлгөөний жагсаал цуглаан нь Бээжингийн эрх баригчдын зүгээс Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг батлахад хүргэсэн юм.
Ингэснээр Бээжин дээрх жагсаал цуглаанд оролцсон сөрөг хүчнийхэн болон ардчилсан иргэний хөдөлгөөний гишүүдийг шийтгэх үндэслэлтэй болсон ба Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Хонгконгийн ардчилсан иргэний хөдөлгөөний олон тооны төлөөлөгчид баригдаж, шүүхээс ял авсан юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.