Мэргэжлээ буруу сонгосноос олон зүйлээр хохирно

Twitter Print
2020 оны 07-р сар 08-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Бидний хэлдэгээр хэрэгтэй, хэрэггүй мэргэжил олгодог, нэрийг ч та бид урьд хожид сонсоогүй мэргэжил олгодог сургуулиуд ч байдаг. Их дээд сургуулиуд борооны дараах мөөг шиг олширч бизнесийн нэг хэлбэр байсныг бид бүхэн мэдэх билээ. Харин одоо даяарчилагдаж байгаа дэлхийн хөгжил, нийгмийн хэрэгцээ шаардлагаар урган гарч байгааг олон шинэ мэргэжилүүдийг та бид хүлээн зөвшөөрөх болов уу. Мэргэжил эзэмшээд л сайхан амьдарна гэсэн бодол толгойд эргэлдэж дөрвөн жилийг дэмий шахуу өнгөрөөж диплом хэмээгчийг өөрийн болгодог. Сургуулиа төгсөөд танил тал, ах дүү хамаатан садангаараа дамжуулж ажилд орох гэж хичээнэ. Энэ нь нэг талаасаа авлигын нэг хэлбэр.

Мэргэжил эзэмшинэ гэдэг сайхан ч өөрт хэрэгтэйг нь сонгоно гэдэг хамгийн чухал бөгөөд хэцүү байдаг. Мэргэжлээ сонгохдоо сэтгэлийн хөөрлөөр биш, хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг, эсвэл өөрийн сонирхож байгаа мэргэжлийнхээ хүнтэй зөвлөлдөх, хувь хүний онцлог, чадвартай харгалзуулан сонгох хэрэгтэй залуусаа. Димломтой зөөгч, худалдагч хийснээс димломгүй барилгачин болсон нь хамаагүй сайхан. Мэргэжлээ сонгоно гэдэг бол насан туршидаа идэх талхаа сонгож байна гэсэн үг. Та ямар талх идмээр байгаа, ямар хачиртай байлгах, хэр их байх гээд л бүх зүйл зөвхөн өөрөөс чинь хамаарах учраас мэргэжлээ зөв сонгох нь хамгийн чухал учир та бүхэн энэ үедээ багахан ч гэсэн цаг, завыг гаргавал зохилтой.

Мэргэжил бүхэн сайхан. Тариачин, эдийн засагч, хуульч, багш, гэх мэтчилэн олон мэргэжил байдаг. Мэргэжлээ сонгохдоо ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Ямар мэргэжилтэй болох уу, хэнээс асуух уу, хамгийн эрэлттэй мэргэжил юу байгаа бол хэмээн тал талаас эрэл, сураг болж хайдаг.Мөн бид яг өөрийгөө ямар мэргэжлээр сурмаар байгаа болон би ер хэн болох вэ гэдгээ таниагүй байдаг учир бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс одоо мэргэжилээр сонгох гэж байгаа дүү нартаа зориулж доорхи зөвлөгөөг хүргэж байна.  

  • Мэргэжил сонгохдоо гардаг түгээмэл алдаа бол эцэг эхийн мэргэжлийг сонгох юм. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл сонирхол, зорилгыг харгалзахгүйгээр өөрийн мэргэжлийг өвлөж ав хэмээн шууд тулгадаг асуудал байдаг. Багшийн хүүхэд багш, эмчийн хүүхэд эмч гэсэн хандлага. Үүнээс гадна гэр бүлд нэг эмч, нэг хуульч байх ёстой гэсэн хандлага одоо хүртэл оршисоор байна.

  • Мэргэжлээ сонгохдоо өөрийн хүсэл сонирхлын дагуу сонголтоо хийх нь хамгийн чухал. Насаарай дургүй зүйлээ хийж амьдрснаас дуртай зүйл хийж амьдрах нь жаргал биш гэж үү. Магадгүй сонгосон чиглэлээсээ өөр чиглэлээр дахин суралцахад цаг хугацаа, мөнгө санхүүгээ дэмий үрсэн хэрэг гарах учраас сонголтоо зөв хийх ёстой. “Мэргэжилдээ хүсэл сонирхолтой эсэхийг судалсан” судалгаагаар амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс өөрийнхөө мэргэжлийн хүсэл сонирхол, нөөц боломжоо тооцоолож зөв сонгосон байдаг.

  • Мэргэжил сонгохдоо найз нөхдийгөө “даган дууриадаг” байдал түгээмэл ажиглагддаг. Хэн нэгэн үлгэр дууриалал болсон найзыгаа дууриах, зөвөлгөөг дагах нь магадгүй ирээдүйдээ хийж буй томоохон алдаа ч байж болно.

  • Тиймээс мэргэжлээ сонгохдоо мэргэжлийн хүний зөвөлгөөг авах нь хамгийн чухал. Мэргэжлийн хүмүүс гэдэгт найз нөхөд, аав ээж, багш зэргийг оруулж үл болно. Боловсрол, мэргэжил сонголтын талаар зөвөлгөө өгдөг хувь хүн, төрийн бус байгууллагыг хамааруулж ойлговол зохино.

  • “Түгээмэл мэргэжил” сонгож алдаа гаргадаг. Өөрөөр хэлбэл тухайн салбарын мэргэжил нь нийгэмд нийлүүлэлт нь илүүдсэн мэргэжлийг сонгодог тохиодол байна. Багш, эмч, хуульч гэх мэт түгээмэл мэргэжилүүдээр төрийн болон хувийн ихээнх их, дээд сургуулиуд олон төгсөгчдийг нийлүүлж байгаа болохоор түгээмэл мэргэжлээр аль болох татгалзах хэрэгтэй байна. Гэхдээ “мэргэжилдээ эзэн” болж чадна гэвэл ямар ч сургуульд ямар ч мэргэжлээр суралцах бүрэн боломжтой гэдгийг санахад илүүдэхгүй.

  • Ерөнхий боловсролын сургуулиас салж хувийн ч хамаагүй их дээд сургуульд орж байвал боллоо гэсэн хандлагаасаа салах ёстой. Оюутан болно гэдэг бол таны амьдралд урсгалаараа болж байгаа нэгэн үйл явдал ч гэсэн усыг хаашаа ямар байдалтай урсгах вэ гэдэг таны сонголт учраас зөв сонголтыг хийх ёстой.

  • Ямар мэргэжилтэй болж, ямар сургуульд суралцахаа эртнээс төлөвлөх ёстой. Төлөвлөн гэдэг бол тухайн мэргэжлийнхээ талаар сайн судлан гэсэн үг. Аль болох олон хүнээс зөвөлгөө авч, мэргэжлийн хүнээс туслалцаа хүсэх хэрэгтэй. Гэхдээ олон хүний зөвөлгөөн дунд тойрч болохгүй.

  • Аливаа мэргэжил хүн бүхнээс тодорхой авьяас чадвар, нөөц боломж, хувийн сэтгэл зүйн онцлогыг шаардаж байдаг учраас тухайн сонгож буй мэргэжилдээ өөрийгөө хэр тохирч байгааг нягтлаж үзэх хэрэгтэй. Сонгож байгаа мэргэжил маань сургуулиа төгссний дараа юу үйлдвэрлэх, ямар чадвар шаардагдах, хэр амжилтанд хүрч болохыг тооцоолвол бүүр сайн.

  • Та мэргэжлээ сонгосон бол дараа нь сургуулиа сонгох хэрэгтэй. Нийгэмд төрийн гэх тодотголтой сургуулиудыг илүүд үзэх явдал их байгаа ч гэсэн тухайн нэг бүрчилсэн мэргэжлээр Монголдоо тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэдэг хувийн сургуулиудыг судлаж үзэхэд илүүдэхгүй. Сургуулийн мэргэжлийн боловсон хүчин, сургалтын төлбөр, материалаг бааз, суралцах орчин нөхцөл, мэдээлэл технологийн хангамж, сургуулийн гадаад харилцаа зэргийг анхаарч сонголтоо хийх нь чухал.

Дээр бичсэн бүхнээс харахад мэргэжил сонголт нь урсгалаар явагддаг зүйл биш;  суралцагч, хувь хүний идэвхи оролдлого, төлөвлөлт хийх, мэргэжлийн чиг баримжаа олох судалгаа хийх зэрэг хүчин зүйлээс шалтгаалах нарийн үйл явц юм. Нэмж хэлэхэд, залуучуудаа өөрийгөө сайн таньж мэд, судлах чухал юм шүү. Зөвхөн дээд боловсролын төлөө сэтгэлийн хөөрлөөр их дээд сургуульд элсэн суралцаж хайран цаг, мөнгөө үрдэх вий дээ. Тиймээс өөрийнхөө хүсэл сонирхол, ур чадвар, сэтгэл зүйн онцлог зэрэгт тулгуурлан, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээр мэргэжил сонголтоо хийх нь чухал бөгөөд энэ тал дээр мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Өнгөрсөн оны байдлаар Монгол улсад хамгийн эрэлттэй байгаа 20 мэргэжил, ямар хичээлээр ЭЕШ-т өгсөн байх ёстойг дараах хүснэгтээр харууллаа.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.