Л.Пүрэвбаатар: Х.Баттулга дотоодын өрсөлдөгч нараа намнах ажиллагаа руу орчихлоо

Twitter Print
2014 оны 07-р сар 02-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Монголын Төмөр замын инженерүүдийн холбооны зөвлөх Л.Пүрэвбаатартай ярилцлаа.

-“Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын талаар 2010 онд УИХ тогтоолын төсөл гаргаад бодлогоо тодорхой болгочихсон байдаг. Үүнд “Засгийн газраас оруулж ирсэн саналыг хэлэлцээд УИХ шийдвэрлэнэ” гэчихсэн байдаг. Улстөрийн хүрээнд шийдэгдээд явчих энэ асуудалд сүүлийн үед олон нийт хүртэл татагдаад орчихлоо. Яг мэргэжлийн хүний хувьд энэ асуудал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Төмөр замын царигийн асуудал, техник эдийн засгийн үндэслэл, зураг дизайн, төсөв хөрөнгө, боловсон хүчний томилгоо зэрэг асуудлыг улстөрчид шийдээд явж байна. Мөн төмөр замын царигийн асуудлыг шийдэх явц дундуур олон нийт оролцож, мэргэжлийн байгууллагууд нь хүртэл талцаж байгаа нь цаашид алдаа мадагт хүргэж магадгүй. Ер нь 2010 онд гарсан 32 дугаар тогтоолоор төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталж шийдэхдээ, энэ асуудлыг шийдэх хувилбарыг оруулчихсан юм байна лээ. Товч хэлбэл, Засгийн газар УИХ-д өргөн бариад шийдүүлнэ гэсэн ийм л хувилбартай байгаа. Үүний дагуу л явж байна. Төмөр замын асуудлыг нэгэнт улстөрийн хүрээнд, төр засгийн механизмын замаар шийдэж явах нь алдаа мадаггүй байх болов уу гэж бодож байна.

-2011 онд гарсан Засгийн газрын тогтоолд “Төмөр замд европ стандартыг нэвтрүүлнэ” гэсэн байдаг. Яагаад энэ тогтоол хэрэгжихгүй байна вэ. Бодлогын залгамж чанар алдагдаад байна уу?

-“Европ стандартыг төмөр замын салбарт хэрэгжүүлье” гэсэн шийдвэр бол мэргэжлийн бид нарын хувьд зөв чиглэл болчихсон байгаа. Төмөр зам дээр дохиоллын ситем, төмөр, бетон, дэр болон удирдлагын тогтолцоо, ашиглалтын тогтолцоо нь ч тэр Европын стандартад нийцүүлнэ гэсэн бодолтойгоор явж ирсэн. Яг энэ шийдвэрээрээ бүх техникийн сонголтуудаа хийчихсэн байгаа. Гэтэл одоо, үүнд заавал хятадын техник хэрэгслийг ашиглахгүй гэсэн заалт оруулах ёстой юм уу, эсвэл энэ талаар гоочилж муучилж яриад байгаа юм уу би сайн ойлгохгүй байгаа юм.

-Нэг талаас төмөр замын асуудал бол цэвэр эдийн засгийн асуудал. Гэхдээ дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа 2 том улсын дунд оршдог гэдэг утгаараа төмөр замын асуудал яалт ч үгүй геополитикийн асуудал болоод явчихдаг. Анх ярьж байснаараа ОХУ руу 3, Хятад улс руу 3 гарц төмөр зам тавина гэдэг асуудлыг ярьж байсан. Энэ асуудлаа эцэслэн шийдээд цаашаа явчих боломжгүй юм болов уу?

-2011 оны 10 дугаар сард би ОХУ-ын Санктпетербург хотод болсон “Транзит Орос” гэсэн хурал дээр “Транзит Монгол” гэсэн үг хэлээд индэрээс бууж ирэхэд “Оросын Төмөр зам нийгэмлэг”-ийн тэргүүн В.Якунин “Ер нь бид Таван толгойн асуудлын тухайд бол буянаараа болог. Харин Төмөр замын асуудлын тухайд Х.Баттулга биднийг маш их хуурч мэхэллээ” гэсэн үгийг хэлж байсан. Энэ асуудлыг би сайд асан Х.Баттулгад танилцуулаагүй. Хүмүүсийн хооронд зөөсөн хов жив болно гэж бодоод. Харин дэд сайд н.Гансүхэд хэлж байсан. Цаашдаа Оросын талтай хийж байгаа хамтын ажиллагаа бол буруу замаар орж байгаа юм байна, болж бүтэхгүй болж байгаа юм байна гэдгийг л ойлгож, ер нь цаашид үүнийг засч залруулахад ямар арга хэмжээ авч болох вэ гэсэн байдалтай явж ирлээ. Гэтэл энэ асуудал улам даамжирч В.Якунины нэрээр, Оросын талын өргөн царигийн талаарх байр суурийг ашиглаад Х.Баттулга сайд өөрийн дотоодын өрсөлдөгч нараа намнах үйл явдал руу орчихов уу гэж бодож байна.

-Ашигт малтмалаас илүү цаг хугацаа үнэтэй гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байсан. Төмөр замыг хааш нь тавьбал зүй зохиостой юм бол. Та энэ байгууллагад маш олон жил ажилласан хүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?  

-Бид уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортонд гаргах аргаа бол арай өөрөөр харж байсан юм. Тэр концевцоо бид “Дамжин өнгөрөх төмөр замыг хөгжүүлэх концевц” гэж нэрлэж байсан. Өөрөөр хэлбэл Хятад Орос хоёрыг холбосон 2-3 гарцтай, транзит төмөр замуудыг барьж байгуулаад ашиглах юм бол уул уурхайн бүтээгдэхүүнээ хойшоо тэр, урагшаа ч тэр гаргаж болно гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа бид энэ зургийг хийсэн.

Зургаас харахад өнөөдрийн гаргаж байгаа тогтоол шийдвэрийн ерөнхий утгатай нийлж байгаа. Орос руу гурван гарц, Хятад руу гурван гарцтай байх төлөвлөгөө юм. Монголоор дамжин өнгөрөх энэ төмөр зам өөрөө геополитикийн ач холбогдолтой. Хойт талдаа Сибирийн төмөр зам, урд талдаа “Транс Ази”-ийн төмөр зам гэсэн Ази Европыг холбож байгаа юм.

-Засгийн газрын хийх бүтээн байгуулалтын ажлууд дотор төмөр замын бүтээн байгуулалт томоохон байр суурийг эзэлж байсан. 2 аймагт далангийн ажил хийчихсэн байгаа тухай мэдээлж байсан.  Түүнээс хойш төмөр зам баригдаад, нүүрсээ экспорлоод байгаа зүйл харагдахгүй байна. Мөнгөгүйдээ хийхгүй байна уу, хийх сонирхолгүйдээ хийхгүй байна уу?

-Би 2008 онд Улаанбаатар төмөр замаас гарч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төмөр замын газрын дэд даргаар ажилласан. Тэр үед 8 гарц бүхий 5 мянган км төмөр замыг барьж ашиглах том төлөвлөгөөг Х.Баттулга сайдтай хамтарч зохион байгуулж, ярьж байлаа. Үүнийг барьж байгуулъя, хийж бүтээе гэсэн мэргэжлийн хүмүүс, төмөр замчид байсан. Харамсалтай нь энэ бүхнийг ашиглах сонирхол байсангүй. Тэр бүү хэл энэ төмөр замыг барих сонирхол байна уу, үгүй юу гэдэг дээр эргэлзэж байгаа. 

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.