
Хөгжил гэхээсээ илүү хөх Монголоороо үлдчих юмсан гэсэн хүч тэнцвэргүй тулаан өрнөөд хагас мянганыг үдэж байна даа. Манжуудын устгал, оросуудын хэлмэгдүүлэлтийн ард арай гэж амь голтой үлдсэн монголчуудыг өмнөд хөршийн өөртөө уусгах бодлого 30 жил гуядаж хөөгөөд өнөөг хүрлээ.
У.Хүрэлсүхийн үед монгол хүнээ хөгжүүлэх, чанаржуулах цогц хөтөлбөр хэрэгжиж, монгол контентуудад анхаарч, соёл урлаг, боловсролоор дамжуулан монголчуудын зүрхэнд бөхөлзөж буй галыг бөхөлж байгаад асаах бодлого дөнгөж л эхлэлээ тавьж байна. Гэтэл яав, аль хэдийнэ хэдхэн жийпний мөнгөөр авлигадуулсан боловсролын түшмэдүүд нь хэдэн жилийн өмнө уран зохиолын хичээлийг дунд сургуулийн хөтөлбөрөөс хөөж хасаад хаядаг юм байна. Уншдаггүй нэгэн үеийнхэн ухалзаад ороод ирсний гайгаар зөв бичиж, зөв ярьдаг хүн ховор болов. Ямартаа нэр дэвшигч нь хүртэл Болдийн Дэмбэрэл болчихсон овгоо оцойтол буруу бичээд явж байдаг юм.
Сонгуульд өрсөлдөж байгаа нам нь улс төрийн тулхтай хүчин гэж өөрсдийгөө рекламдах гээд тулахтай болчихсон л гүйж явна, цаана чинь. Тулхтай юм уу, тулаад авахгүй бол ойчмоор ядарсан нам юм уу, бүү мэд. Нөгөө цагаан толгойт сайдын үед хятадуудтай нягт хамтахч ажиллаад, яамандаа жийп аваад, язгуур урлагаа судлуулаад үйлчлээд давхиад байсан урт хугацаандаа урд хөршийн хараат болчихсон яам шүү дээ. Үгийн утгаа ч ойлгохгүй, үндэсний хэл бичгийн төөрөгдөлд гүн унаад, гүйцэд живж байтал их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөс монгол хэл бичиг, Монголын түүхийн хичээлийг хасахаар төлөвлөөд ороод ирлээ. Ерөнхий сайд аа, таны Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн Монголыг Монгол биш болгох энэ үндэслэлээ дунд сургуулийн хичээлтэй давхацдаг гэж тайлбарлаж байгаа юм байна. Уучлаарай, дунд сургуульд бол дөнгөж л зөв бичиж сурдаг, зүг чигтэй болдог. Их, дээд сургуульд үндэсний хэл бичгээ хэл шинжлэлийн төвшинд судалж, академик боловсрол олдог юм шүү. Түүхийн хувьд ч ялгаагүй.
6-18 насныхан түүхээ ухаарч, уудалж, судалж бус цээжилж сурдаг. Их, дээд сургуульд бол судалгааны төвшинд суралцдаг. Энэ мэтийн ялгааг эл Цэдэвсүрэн ойлгохгүй байна гэж байхгүй. Угаасаа БСШУ-ны яаманд олон жил омтгойрон шигдэж, Монголын соёлыг гадагшаа наймаалцаж, дотогшоо доройтуулж ирсэн, 10, 20 жилээр боловсролын салбарыг шимэгчлэн амьдарч, шимийг нь хүртэж суудаг Гобсекууд дэндүү олон шүү дээ. Тэднийгээ халж солихгүй бол тэндээс төрсөн Боловсролын сайдтан үйлийг нь үргэлжлүүлээд, Монгол соёлын үндсийг нь тасдаж тайраад явдаг юм байна. Харлаа, үзлээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аосын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлого, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө-2030 гэсэн чухал ач холбогдолтой баримт бичгүүдэд таны томилсон сайд Л.Цэдэвсүрэн монгол хэл бичиг, түүхийн хичээлийг хасч танах талаар тусгасан байгааг юу гэж ойлгох вэ? За тэгээд нөгөө Оюун-Эрдэнэ та нарын бариад байгаа Соёл урлагийн ордон, Үндэсний түүхийн музей чинь өнөөдрөөс эхлээд үзэгчгүй болж байгаа нь энэ дээ.
Эсвэл монгол хэл бичгийг устгах өмнөд хөршийн бодлогыг өмнөөс нь энэ маягаар дэмжих тохиролцоотой юм бол тойроод байлгүй үнэнээ хэлээд, үүдээр гарах хэрэгтэй. Үндэстнийг устгахын тулд хэл, соёлоор нь тогло, түүхийг нь нулим, түүнээс чинагш өөрсдөө сүйрч, өрөөлдөөд ойчно. Яг энэ замаар ярайтал урагшилж байна даа. Ядаж хэл шинжлэл, түүхийн эрдэмтэн багш нартайгаа зөвлөлдсөн үү? Боловсролын сайд Л.Цэдэвсүрэн гэж энэ эмэгтэй чинь харин эвгүй хөдөлдөг, эвтэйхэн харагддаг нөхөр юм. Засгийн газар нь соёл боловсрол, түүхийн зам тавих гээд ядаад байдаг, Боловсролын шинэхэн сайд хатагтай урт хугацаандаа баллуурдаад, холын зайндаа хорлоод болж байгаа юм уу, Хүрэлсүх ээ?
Р.Эмүжин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Irgen
(65.74.233.194) 2020-10-08 10:01Auultand n said n hariulah htei dee
Хариулах