Маркс - Эдийн засагч уу?, Философич уу?

Twitter Print
2016 оны 07-р сар 16-нд 19:05 цагт
Мэдээний зураг,

Бага ангид сурч байх үеийн дурсамжинд минь сахал үсэндээ баригдсан хоёр герман эр, дээр нь халзан толгойтой Ленин гурвын зураг бүдэгхэн хирнээ томоохон байр суурь эзэлдэг юм. Тэдний зураг бас толгойг нь дүрсэлсэн барималын өмнө ёслож, улаан галстук зүүж пионер болж байлаа. Маш их баярлаж байсан. Карл Маркстай танилцсан түүх нэг иймэрхүү буюу одоогийн зарим хүүхдүүд Будда эсхүл Христтэй танилцаж байгаатай төстэй. Социалист Монгол улсад Марксгүй зүйл ховор байсан байх. Ямар сайндаа л “Мал маллахаа Марксаар заалгахгүй” гэсэн хэдэр үгийг малч өвгөн хэлсэн гэсэн яриа байдаг. Дунд ангид сурч байхад ардчилсан хувьсгал өрнөж, өнөөх Маркс маань хүчирхийллийг сурталчлагч, ангигүй гэгдэх утопи нийгэм байгуулахын тулд люмпен пролетарийг турхирагч гэх зэргийн ойлголт авч эхэлсэн. Гинжнээс өөр алдах юмгүй пролетари анги, бүх дэлхийд ялах улаан коммунизм энэ тэр гэсэн ойлгоход бэрх зүйл бичдэг байсан нь аргагүй байж гэсэн шүү юм бодсоор тэгсгээд мартсан даа.

Дараа нь оюутан болж, Философийн хичээл сонслоо. Формацийн онолыг үндэслэгч гэсэн утгаар Марксыг үзсэн санагдаж байна. Тэгээд насаараа Марксизм судалсан гэгдэх багш шалгалтанд хэр хатуу шүүдэг вэ гээд урьдчилсан тандалт хийтэл, өмнөх курсын маань нэг залуугийн паян чих дэлсдэг юм байна. Оюутнуудын дунд тарсан яриагаар бол өнөөх оюутан маань Карл Марксын тухай ярина уу гэсэн билет(асуулт) сугалж л дээ. Тэгээд “Маркс чинь зүгээр л нэг эдийн засагч” шүү дээ гэж хэлж багшийг уурлуулаад хөөгдөж гарсан гэдэг. Тэр цагаас хойш Маркс эдийн засагч уу эсвэл философич уу гэсэн асуултыг сонирхдог болсон юм.

Маркс гэж хэн байв аа? Еврей гаралтай гэр бүлд өсч хүмүүжсэн тэрбээр еврейн шашны номлогчийн охинтой гэрлэжээ. Эхнэр нь долоон удаа төрсөн ч ердөө 3 охин нь л хүн болж. Өтөл ахуй цагтаа бас нэг охиноо алдаж гашуудаж байсан байна. Ид хийж бүтээх насандаа байнгын мөрдлөг, хавчлагын дор цагаач байдалтай, өвчинд ээрээстэй амьдарч байжээ. Гэрийн үйлчлэгчтэйгээ учир ургуулж нэг хүүтэй болсон байдаг. Гэхдээ орчин үеийнх шиг, тухайлбал “Терминатор” Арнольд Шварценеггэрийн (Калифорни мужийн амбан захирагч асан) гэрийн үйлчлэгчээс нь төрсөн нууц хүү илэрч шуугиан тарьсантай адил үйл явдал болсон эсэх нь тодорхойгүй.

Хувь хүн талаасаа тэрбээр алдаа оноогоор дүүрэн, ээдрээтэй амьдралыг туулж. Гэвч шинжлэх ухааны ертөнцөд тэрбээр түүхэн хүний байр суурийг нэгэнт олжээ. Дэлхийд алдартай BBC (Их Британийн БиБиСи телевизийн цахим хуудас) Карл Хайнрих Марксыг өнгөрөгч Мянганы хамгийн суут сэтгэгчээр тодруулсан байна. Тэрбээр харьцангуйн онолын Эйнштейн, таталцлын хуулийн Ньютон, хувьсалын онолын Дарвин болон эрхзүйт төрийн Кант нарыг ардаа орхиж түрүүлжээ.

Марксыг алдаршуулсан гол бүтээл нь түүний нийтлэлүүдийн эмхэтгэл болох “Капитал” хэмээх гурван боть зохиол юм. Амьд ахуйдаа тэрбээр эхний ботийг нь л тэрбээр тэрлэж амжсан бөгөөд удаах хоёрыг нь түүний үнэнч анд Энгельс дуусгасан байдаг.

Энэ бүтээлдээ тэд нэмүү өртөг, барааны өртөг, хөдөлмөрийн өртөг болон капиталын өртөгийг тодорхойлж, улмаар эдгээр хүчин зүйлс зах зээлд ямар үүрэг гүйцэтгэдгийг тайлбарласан байдаг. Баялаг бий болгож буй эдгээр хүчин зүйлүүдийн зохист тэнцвэр алдагддаг учир, зах зээлийн системийн мөн чанар тогтворгүй. Хямрал зайлшгүй. Капитализмд өөрөө өөрийгөө идэж устгах хүч нуугдаж байдаг. Хэдий хүй нэгдлийн, боолын, феодалын нийгэмтэй харьцуулахад капитализмд олон давуу тал бий ч гол нь нийгмийн баялгийн хуваарилалт бас л шударга бус байдаг гэнэ. Бараа материал олноор үйлдвэрлэхийн тулд, өөрөөр хэлбэл баялаг бий болгохын тулд багаж зэвсэг, мөнгө, хөрөнгө, газар зайлшгүй хэрэгтэй. Эдгээрийг эзэмшиж буй хөрөнгөтнүүд ажилчин ангийн хөдөлмөрийг сорон мөлжих замаар улам баяждаг. Ядуус нь улам ядуурдаг. Элдэв хямрал, инфляци, ажилгүйдэлд ажилчин анги илүү өртөнө. Капиталист нийгмийн үндсийн үндэс болсон дундаж анги үгүй болж, нийгэм нь эрх мэдэл бүхий хэт цөөнхи (буржуй), үгээгүй олонхи (пролетари) гэсэн хоёр хэсэгт хуваагдана.

Мөн улс төрийн шинжтэй бусад нийтлэлүүдээрээ тэрээр үйлдвэр, банкны эзэд баян хангалуун амьдарч байхад, ажилчид амрах завгүй ажиллаж, өлсгөлөнгийн цалин авч байгааг шүүмжилдэг байв. Хүүхэд, эмэгтэйчүүдийн тэвчишгүй хөдөлмөр ч тухайн үед газар авч байсан нь нийгмийн тогтолцооны гажуудлын үр дүн бөгөөд хүн өөрөөсөө харьжиж (хүнээ алдаж) байна гэж үзжээ. Хөдөлмөрчин хүн үйлдвэрийн түүхий эд болж хувирсаны гол буруутан бол хөрөнгөтөн буюу буржуй нар юм. Буржуй нар төрийг худалдан авах бөгөөд, ингэснээр Төр засаг гэдэг нь хөрөнгөтөн ангийн зүгээс ажилчин ангийг дарангуйлж байх хэрэгсэл болж хувирсан гэж үзжээ. Тийм учраас жинхэнэ баялгыг бий болгодог ажилчин анги хувьсгал хийх замаар эрх мэдэлд хүрэх ёстой гэнэ. Улмаар шударга бус хуваарилалтын эх үндэс болсон хувийн өмчийг устгаж, нийтийн өмчийг бий болгоно. Ингэснээр нийгмийн суурь давхарга болсон эдийн засагт үндсэн өөрчлөлт хийгдэх бөгөөд үүн дээр үндэслэн ангигүй нийгэм бий болж, бултаараа эв хамтдаа амар тайван жаргаж суух аж. Европын социалист болон социаль демократуудаас ялгаатай нь Маркс ардчилсан сонгуульд төдийлөн ач холбогдол өгдөггүй байв. Харин интернационалист пролетариудын зөвлөл гэгчээр удирдуулсан хувьсгалт тэмцлийн ачаар буржуй нарыг (хөрөнгөтөн ангийг) устгах учиртай аж.

Гэвч шинээр байгуулагдаад байсан Германы социаль демократ намууд түүний онолд авах гээхийн ухаанаар хандсан юм. Баялгийн шударга хуваарилалт, эдийн засаг дахь тэгш эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, шашин эс шүтэх эрх чөлөө, хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал гэсэн олон үзэл баримтлалыг нь улс төрийн номлолдоо ашиглажээ. Харин тэр хувьсгалт тэмцэл, коммунист улс төрийн байгуулал гэх зэрэг шийдлүүдээс нь татгалзсан байдаг.

Философи, улс төрийн сэтгэлгээнд тэрбээр хувьсгалын шинжтэй өөрчлөлт хийж чаджээ. Жишээ нь философи бол танин мэдэх, байгааг тайлбарлах төдий биш харин аливааг өөрчлөх ухаан гэсэн утгатай үгийг хэлсэн байдаг. Ертөнцийг үзэх үзлээ тэрбээр шашны нөлөөгүйгээр томьёолохыг оролдсон байдаг. Бүхнийг мэддэг, хардаг, зохицуулдаг бурхан, эзэн, далдын хүчин, сүнс, санаа гэх зэргээс илүү Материалист диалектик гэсэн хөгжлийн хөдөлгүүр хүний нийгэмд үйлчилдэг аж. Хүн төрөлхтөний түүх бол дарлагч ба дарлагдагч ангийн тэмцлийн түүх. Нийгэм хөгжиж шинэ шатанд гарахын тулд тэмцэл зөрчил зайлшгүй. Гэхдээ энэ тэмцлийн түүхийг дуусгаж, тэмцэлгүй шударга нийгэм байгуулах боломжтой. Тэр бол түүнийхээр коммунизм байлаа. Үүний тулд буржуй буюу мөлжигч хөрөнгөтнүүдийг устгах ёстой. Гэхдээ коммунизм руу шууд хүрчихгүй. Эхэлж пролетари анги нь төрийн эрхийг аваад социализм байгуулна. Социалист нийгмийн гол зорилго нь буржуй ангийг устгаж, капиталыг нийтэд дахин хуваарилсан тийм шилжилт байх гэнэ.

Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад Маркс тухайн цаг үеийнхээ л бүтээгдэхүүн байж. Тэр үед зэрлэг капитализм хүчээ авч, алдарт Чарли Чаплиний “Хүүхэд” (1921он) хэмээх кинонд гардаг шиг нөхцөл байдал ноёрхож байсан биз ээ. Түүний хувьсгалт үзэл цаг үедээ үзүүлсэн хариу үйлдэл байсан гэж үзэх үндэстэй. Нөгөө талаас тэрбээр хурц ухаан, шүүмжлэлт сэтгэн бодох чадварынхаа ачаар капиталист нийгмийн оршихуй ба хөгжихүйн зүй тогтолыг тайлбарлаж, улмаар сая сая хүнийг араасаа дагуулж чадсан.

Гэвч түүний онол хэдэн янзаар ойлгогдож бас “туршигдсан” гэж болохоор. Өнөөдрийн төв болон хойд Европын орнуудын нийгмийн баримжаатай зах зээлийн байгуулалд Марксын онолын сүүдэр тусаастай. Герман, Швед зэрэг орнууд коммунизм байгуулаагүй ч, ямартаа ч тэнд хэт хөрөнгөтөн, мөлжигч буржуй нар устаж алга болжээ. Ангийн дайснууд гэгдсэн Буржуй нарыг коммунист хувьсгал биш харин ардчилал, шударга ёс, тэгш боломж устгасан гэж судлаачид үздэг. Европын ихэнхи хөгжингүй орнуудад хүчирхэг нийгмийн хамгаалал бүхий асар том дундаж анги оршин тогтнож байна. Хүн авьяас чадлаараа капиталист болох боломж бүрэн нээлттэй.

Хятад, Хойд Солонгос, Куба, Вьетнамд ч одоо хир нь Маркст итгэгч нар хэдэн зуун саяараа тоологдоно. Харамсалтай нь Хойд Солонгост “улаан Буржуй” давхарга үүсчихээд байна гэж барууны зарим судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл Буддагийн сургаалийг гажуудуулдаг лам нар байдгийн адил, “Марксист бус” Марксист цөөнх нь үгээгүй ядуу ардыг төрийн машин, суртал нэвтрүүлэг, харгис цагдаагийн хүчээр барьж байдаг тогтолцоо Хойд Солонгост оршиж байна гэсэн дүгнэлттэй олонтаа таарч болно.

Орос оронд октябрийн хувьсгал ялаагүй бол Монголчуудын хувь заяа огт өөрөөр бичигдсэн байж ч болох юм. Бид мэдэхгүй байна гэдэг байхгүй байна гэсэн үг огт биш. Юу хэлэх гээд байна вэ гэвэл Марксын нөлөө одоо ч бидний амьдралд, гэхдээ бидэнд мэдэгдэхгүйгээр оршсоор байна. Монгол Улс НҮБ-д элссэн, Монгол хүн сансарт ниссэн, МАХН хэмээх байгууллага 1930 аад оны их террор үйлдсэн гэх зэрэг их олон үйл явдал Марксын үзэл санааг дагагсадтай ямар нэг сэжмээр салшгүй холбоотой.

Хэрвээ Маркс цаг хугацааны машинаар аялаад өнөөгийн Монголд ирсэн бол зарим нэг зүйлийг хэлэх байсан болов уу гэж төсөөлж байна. Жишээ нь, 1921 оны Монгол бол капиталист нийгэм биш ээ. Монголчууд морио барихдаа Уурга хэрэглэдэг. Уургыг капиталын үр хөврөл гэж үзье. Тэгвэл Монголд уургыг эзэмшигч хөрөнгөтөн анги бий болоогүй л байв. Адуучин эр (ажилчин анги) ч уургыг булааж авах хувьсгал хийх шаардлагагүй. Мал сүрэг капитал мөн үү? Заримдаг утгаар тийм. Гэвч мал сүрэг өөрөө малчин ангийг мөлжих хэрэгсэл болж чадах уу? Үгүй. 1921 оны Монголын нийгэмд Нэмүү өртөг үйлдвэрлэдэг эдийн засаг байв уу? Үгүй.

Гэсэн хэдий ч Марксизм улс төрийн үзэл суртлын хувьд Монголд шашин адил дэлгэрсэн. Харин нийгмийн байгууллыг тайлбарлах гэсэн үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй л болов уу. Маркс өөрөө аливаа шашин, суртал, өмнөх үеийнхний онол, улс төрийн номлолыг сохроор дагахаас зайлсхийдэг байлаа. Санваартан хадам, идеалист багш, цалинг нь өгдөг ажил олгогчийнхоо нөлөөнөөс өөрийгөө Чөлөөлөх ёстой гэж эрмэлздэг байсан нь илт. Тухайлбал, шашин бол ард түмний хувьд мансууруулагч (зовлон зүдгүүрээс зугтахад нь тусалдаг) хар тамхи юм гэсэн алдарт үгээ хэлсэн байдаг. Орчин үеийн хүмүүсийн хувьд энэ нь ойлгоход хялбар боловч харьцангуй шашинжсан тухайн цаг үедээ бас л дэвшилтэт эсвэл гаж гэмээр тайлбар байлаа.

Төгсгөлд нь “Маркс - Эдийн засагч уу?, Философич уу?” гэсэн асуултандаа эргэж орьё. Магадгүй энэ нь “Бүргэд - Шувуу юу?, Жигүүртэн үү?” гэж асууснаас ялгаагүй байж болох юм.

Ч. Отгoчулуу

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.