Я.Содбаатар: Хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүнийг авлигын хэргээр шалгаж байгаа ч одоогоор тогтоогдсон зүйл байхгүй

Twitter Print
2020 оны 08-р сар 20-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

Улсын онцгой комиссын Шуурхай штабад иргэдийн татан авах ажлыг хариуцан ажиллаж буй ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй 69 хүнийг авлигын хэргээр шалгаж байгаа ч одоогоор тогтоогдсон зүйл байхгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.

УИХ дахь АН-ын дэд дарга С.Одонтуяа болон өөрсдийнх нь хүсэлтээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна. Иргэдийн зүгээс тусгай нислэгт багтахын тулд авлига өгсөн гэх мэдээлэл гарч буй бөгөөд өдөрт ийм агуулгатай 10-20 гомдол ирж байгаа аж. Иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулахаар найман байгууллагын 69 ажилтан ажиллаж байгаа бөгөөд иргэдээс асуудал тавьсаар байгаа тул эдгээр хүн өөрсдөө ч шалгуулах хүсэлт гаргажээ.

Шадар сайд Я.Содбаатар “Төрийн албан хаагч авлига хээл хахуультай холбоотой асуудал байвал УОК-т хандах боломжтой, шуурхай ажиллана” гэдгийг хэллээ. Иргэдийн татан авсны дараа байрлуулж буй тусгаарлах байртай холбоотой гомдлууд мөн гарсаар буй. Тэгвэл тусгаарлах байруудын нөхцөлийг дахин шалгах үүрэг өгсөн байна. Иргэдийн татан авалт нэмэгдэж буйтай холбоотойгоор 100 км радиуст байгаа 213 буудал 46 амралтын газрыг судалжээ. Ариун цэврийн байгууламж болон нэг зэрэг хэдэн хүн байрлуулах боломжтой талаар судлахад халдвар хамгааллын дэглэм, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цөөн нь л тэнцэж байгаа аж. Нэгдүгээр сарын 27-нд 900 ор хоног байсан бол одоо 4000 болоод байна гэж Шадар сайд мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.