Бээжин цахим шууд дамжуулалтын од бүсгүйд 210 сая ам. долларын торгууль ноогдууллаа

Twitter Print
2021 оны 12-р сар 21-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Хятадын эрх баригчид тус улсад лайв стрийм буюу цахим орчинд шууд дамжуулалтаар бараа бүтээгдэхүүн сурталчилдаг хамгийн алдартай бүсгүйд татвараас зайлсхийсэн хэргээр 1.34 тэрбум юань буюу 210 сая ам. долларын торгууль ноогдуулжээ. Вияа нэрээрээ цахим орчинд алдартай Хуан Вэй хэдэн арван сая дагагчтай бөгөөд тэрээр цахим орчинд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн сурталчилж, мөнгө олдог аж.

Ханьжоу мужийн удирдлагууд Хуан Вэйг 2019-2020 оны хооронд орлогоо нуун дарагдуулж, олон тооны зөрчил гаргасан хэмээн буруутгажээ. Weibo нийгмийн сүлжээн дэх албан ёсны хуудсаараа дамжуулан Хуан Вэй уучлалт гуйж, татварын албанаас ноогдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ.

Цахим худалдан авалт огцом өссөнтэй холбоотойгоор 36 настай Хуан Вэйн алдар нэр огцом өсч, хүмүүс түүнийг "шууд дамжуулалтын хатан" хэмээн нэрлэх болжээ. Тэрээр Таобао сайт дээр бэлэн гоймонгоос авахуулаад сансрын пуужингийн хөөргөлтийг хүртэл сурталчилдаг аж.

Хуан Вэй энэ даваа гарагийн орой гоо сайхны бараа бүтээгдэхүүн сурталчлах арга хэмжээ шууд дамжуулах байсан ч түүний аккаунт идэвхгүй болсон байна. Тэрээр Таймс сэтгүүлээс жил бүр гаргадаг оны хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтанд хүртэл багтсан аж. Хятадын Глобал Таймс сонинд бичсэнээр Хуан Вэй оногдуулсан шийтгэл нь бусдад анхааруулга болж өгөх аж.

Сүүлийн саруудад Бээжин цахим шууд дамжуулалтын салбарт өөрчлөлт шинэчлэлт хийж эхлээд байгаа юм. Хятадын цахим шууд дамжуулалтын салбар нь дэлхийд тэргүүлэх ба Хятадад нийт 400 сая хүн видео блог хөтөлдөг байна.

Өнгөрсөн сард Бээжин цахим орчинд алдартай хүмүүсийг цахим платформоо ашиглан янз бүрийн хувьцаа, үнэт цаас зэргийг сурталчлахыг хориглосон ба цахим орчинд алдартай 88 хүнд анхааруулга, сануулга өгчээ.

Хятадын цахим орчинд алдартай Жу Чэнуй АНУ-д 10.2 сая ам. доллар, Лин Шаньшан 4.3 сая ам. долларын торгууль тус тус төлж, Weibo дахь хаягуудаа хаалгаж байсан билээ. Чайна Дэйли сонинд бичсэнээр татвараас зайлсхийсэн иргэдийг шийтгэх нь татварын эрх тэгш, шударга орчинг бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.