
Израильд коронавирусын дельта хувилбарын халдвар тархсантай холбоотойгоор ирэх долоо хоногоос эхлэн израильчүүд барилга байгууламж, танхим дотор буюу битүү орчинд амны хаалт зайлшгүй зүүх шаардлагатай болох аж.
Энэ нь тус улсад сүүлийн 24 цагт коронавирусын халдварын 169 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой ба өнгөрсөн хэдэн сарын турш Израильд коронавирусын халдварын ийм олон тохиолдол нэг өдөрт бүртгэгдээгүй билээ.
Түүнээс гадна эрх баригчид иргэдээ хилийн чанадад аялахгүй байхыг тэр дундаа коронавирусын вакцинд хамрагдаагүй хүүхдүүдээ дагуулж өөр улс орнууд руу явахгүй байхыг зөвлөж байна.
Иргэдийг коронавирусын халдвартай хүнтэй хавьталд орсон л бол коронавирусын вакцинд хамрагдсан байсан ч PCR шинжилгээ өгөхийг уриалж байна.
Израиль дахь коронавирусын эсрэг дархлаажуулах ажлыг хариуцсан мэргэжилтэн Нахман Эш Израилийн хил нээлттэй, хүн амын дунд сүргийн дархлаа үүсээгүй байгаа үед коронавирусын халдвар дахин дэгдэх нь гарцаагүй гэдгийг онцолжээ. Түүний хэлж байгаагаар Израилийн хүн амын дунд коронавирусын эсрэг сүргийн дархлаа үүсэхэд Израилийн хүн амын 80 хувь нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой аж.
Коронавирусын халдвар авсан шинэ тохиолдлуудын 70 хувь нь Энэтхэгт анх илэрсэн дельта хувилбарын вирусын халдвар байгаа нь тогтоогдоод байгаа ба уг вирусын халдвар илүү хурдацтай тархах чадвартай нь нотлогдсон билээ.
Эх сурвалж: interfax.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn