
Жил бүрийн 5 сарын 4-нд намхан боловч үүгээрээ бахархах хөгжилтэй өдөр тохиодог. Ингээд өдрийн тухай:
1. Хэн анх санаачилж, хэзээнээс тэмдэглэх болсон нь тодорхойгүй ч намхан гэж шоолуулдаг хүмүүс өнөөдөр бүх эерэг хандлагыг хүртэж, өөрөөрөө бахархах өдөр. Насанд хүрсэн эмэгтэй хүний өндөр 162,56 /5’4′′/, эрэгтэй хүний өндөр 170 сантиметрээс бага бол намхан буюу “Petite” гэж тооцогддог. Petite гэдэг нь 1300-аад оноос хэрэглээнд нэвтэрсэн “өчүүхэн, жижигхэн, авсаархан” зүйлийг дүрслэх Франц үг байж. 1700-аад оноос намхан эмэгтэйг дараа нь эрэгтэй, эмэгтэй хамаагүй намхан хүмүүсийг тодорхойлдог үг болчихжээ. Бүр 1800-аад онд Наполеоны өндрийг гоочилсон элэглэл сонин хэвлэлээр их гардаг байсан болохоор “Наполеоны комплекс” гэсэн нэр томьёо хүртэл үүсэж байв. Өдгөө петит гэдэг нь намхан хүмүүс, эсвэл намхан хүмүүст зориулсан хувцсыг ингэж хэлдэг. Аа нээрээ, петит гэдэг нь жинтэй огт хамааралгүй гэсэн байна лээ. Өндөр нам байдлыг хэлж байгаа болохоос намхан, жижигхэн байсан ч “хөвсгөр” эсвэл туранхай байсан ч петит-дээ орох нь ээ.
2. Сүүлийн 2 мянган жилийн хугацаанд олдсон хүний араг ясны олдворуудад тулгуурлан хүний өндрийн өөрчлөлтийг судлахад хүний дундаж өндөр 170 сантиметр орчимд хэлбэлзсэн гэнэ. 2013 оны Тюбингены их сургуулийн судалгаанаас харахад 1810-1980 он хүртэлх хугацаанд дэлхийн улс орнуудын эрчүүдийн биеийн өндөр сүүлийн 2 зууны турш тогтмол өсөж байгааг тогтоосон. Шалтгаан нь эрүүл мэнд, хоол тэжээл чанартай болсных.
3. 2016 оны өөр нэгэн судалгаанд 1896 онд төрсөн насанд хүрсэн эрэгтэйг 2014 онд 18 нас хүрч байгаа хүүтэй харьцуулахад 162-оос 171 сантиметр буюу 9 см, харин эмэгтэйчүүдийн хувьд 151-ээс 159 буюу 8 см-ээр нэмэгдсэн гэж гарчээ. Тэгэхээр одоогийн залуусын өндөр 100 жилийн өмнөх өвөг дээдсээс даруй 8-9 сантиметр буюу 5%-иар илүү өндөр гэсэн үг. Хүний өндрийн өсөлт Европ болон Төв Азийн эрчүүдэд илүү буюу 11 см-р илүү илэрсэн бол хамгийн бага нь Өмнөд Азийн эрчүүд ердөө 5 см-ээр өссөн. 100 жилийн дараа энэ ялгаа 12 см болно гэнэ. Монголчуудын хувьд 1914 онд эрчүүдийн дундаж өндөр 159,1 см байсан бол эмэгтэйчүүдийн дундаж өндөр 147,9 см байсан аж. Харин 100 жилийн дараа дундаж өндөр 10-10,3 см-ээр нэмэгдэж эрчүүдийн дундаж өндөр 169,1 см, эмэгтэйчүүдийн дундаж өндөр 158,2 см болжээ /2016 оны мэдээлэл/.
4. Тэгвэл намхан хүмүүсийн талаар баримтууд хүргэе. Эрүүл мэндийн хувьд намхан хүмүүс цус өтгөрөлтөөр өвчлөх, хорт хавдар тусах эрсдэл өндөр хүмүүстэй харьцуулахад бага. Яагаад гэвэл намхан хүмүүсийн бие махбод өөрийгөө тэжээхэд бага нөөц зарцуулж, хортой эсвэл илүү дайвар үлдэгдлийн хуримтлал багатай. Мөн өндөр хүмүүсийг бодвол ташааны хэсэг илүү хүчирхэг учраас холын зайн гүйлт, дугуйн уралдаанд ороход ихэвчлэн түрүүлдэг. Илүү уян хатан, илүү хурдтайгаас гадна хурдан хариу үйлдэл үзүүлдэг, газар унах магадлал бага, илүү урт буюу өндөр хүмүүсээс дунджаар 2 жилээр илүү насалдаг ч гол нь залуу харагддаг. Ер нь сантиметр тутамд 7 сараар илүү амьдрах магадлалтай гэнэ. Аа мэдээж, онгоцонд хаан юмуу хатан шиг л нисэж, ямар ч орон дээр тухай хэвтэн амардаг гээд маш олон давуу талтай. Ялангуяа намхан ганц бие эрчүүдэд хэлэхэд санаснаас илүү хосоо олох, гэрлэх магадлал өндөр байдаг.
5. Тэгвэл намхан байгаа шалтгаан юу юм бэ? Хүний өндрийн 80% хүртэлх нь гене, үлдсэн хувийг хүрээлэн буй орчны хүчин зүйлс буюу хоол тэжээл, ДНХ-ын дарааллын өөрчлөлт, амьдралын чанар, цаг агаар гэх мэт зүйлс байна.
Мөн хүний өндөр өдөр бүр л хэлбэлздэг. Өглөө сэрэхдээ хамгийн өндөр байдаг бол өдөржин идэвхтэй байснаас нуруу ачаалал аван дарагдсаар намхан болдог. Дээрээс ч нь хүн бүр 40 наснаас эхлээд 10 жил тутамд 2,5 сантиметрээр намхан болсоор байдаг учраас өндөр хүмүүсийг үл тоон намхан хүмүүс өнөөдөр өөрөөрөө бахархаарай.
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.