
Хэл, сэтгэлгээ, соёлын харилцан шүтэлцээ, холбоо хамаарлын асуудлыг эрдэмтэн мэргэд эрт дээр цагаас судалж, тэдгээр нь өөр хоорондоо харилцан шүтэлцэж, харилцан нөлөөлж, харилцан нөхцөлдөж байдаг зүй тогтлыг тайлж тайлбарласаар иржээ.
Эдүгээ эрдэмтэдийн дурдаж байгаагаар, сэтгэхүй хэмээх нь нийт хүмүүн төрөлхтөнд хамааралтай нийтлэг шинжтэй, харин сэтгэлгээ нь тухайн хэл-соёлт үндэстэн угсаатанд, заримдаа алив нэгэн бодгаль хүнд хамааралтай, түүний хандлага, үнэлэмжийн илэрхийлэл болдог, өвөрмөц онцлог, ялгаа заагтай байна.
Я.Цэвэл абугайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д СЭТГЭХҮЙ хэмээх үгийг “хүний онцгой чанар болох бодох, тунгаан бодох чадвар” хэмээн тайлбарлажээ. Харин СЭТГЭЛГЭЭ /СЭТГЭЛГЭ/ хэмээх үгийг “хүний төрөлхи чанараас гарч ирэх санаа” хэмээн тайлсан байна.
Монголын аугаа их эрдэмтэн Бямбын Ринчен абугай “Төрсөн бие минь ондоо боловч, төв сэтгэлгэ инү нэгэн бус уу” хэмээн өгүүлжээ.
Монголын хэлшинжлэлийн нэрт эрдэмтэн Ж.Баянсан “Бид сэтгэлгээ гэдгийг латин гаралтай англиар mentality, оросоор менталитет гэдэг нэрлэлтэй дүйлгэн ойлгож байна” хэмээн дурдсан байдаг.
XIX зууны үеийн Германы нэрт хэл шинжлэлч В. Гумбольдт “Ард түмний хэл гэдэг бол тэдний оюун санаа юм. Ард түмний оюун санаа гэдэг бол даруй тэдний хэл юм” гэж тодорхойлжээ.
Монголын нэрт соён гэгээрүүлэгч Го.Аким абугай өнгөрсөн зууны 90-ээд оны дундуур бичихдээ,“...дэлхийд 2796 хэл байгаа аж. Чухамхүү эдгээр хэлний ард өөрийн өвөрмөц сэтгэлгээтэй, өөрийн өвөрмөц соёлтой ард түмэн байна гэсэн үг” хэмээн дурдсан байна.
Хятадын эрдэмтэн Ван Дөчүнь “Бидний оршин байгаа ертөнц бол хэл соёл дээр тогтдог. Хэл болгон өөр өөр сэтгэлгээний тогтолцоог илэрхийлж, өөр өөр бодит байдлыг төлөөлж байдаг. Өөр хэлээр харилцдаг үндэстнүүд гэдэг бол өөр өөр ертөнц юм” гэж тэмдэглэсэн байна.
Соёл хэмээхүй нь цар хүрээ нь өгүүлшгүй өргөн, агуулга хэлбэр нь үлэмж баян, нэн ээдрээ адармаатай нийгмийн үзэгдэл юм. Соёл нь тухайн үндэстэн угсаатны өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэлгээний онцлог, амьдралын хэв маяг, аж төрөхүй ёсон, сүсэг бишрэл, ёс суртахуун, зан заншил зэрэг олон талыг багтааж байдаг бөгөөд тухайн улс орны түүх, уламжлалтай салшгүй холбоотой ажээ.
Эрдэмтэн мэргэд эдүгээ хүртэл соёл гэж чухам юуг хэлэх тухайд нэг мөр яв цав тогтсон нэгдмэл нэгэн томъёолол дүгнэлтэд хүрч чадаагүй ажээ.
“Британника” их нэвтэрхий тольд дурдсанаар дэлхийн улс орнуудын албан ёсны ном хэвлэлд 160 гаруй тодорхойлолт байдаг ажгуу. Зарим эрдэмтэн 250 гаруй тодорхойлолт байдаг тухай дурдсан байна. Хятадын зарим эрдэмтэн дэлхий даяар нийт 500 гаруй тодорхойлолт байдаг тухай өгүүлжээ. Энэ бүхнээс үзэхүл соёл хэмээхүй нь нэн өргөн утга агуулгатай, нийлмэл цогц ухагдахуун юм.
Эрдэмтэд орчин үеийн соёл судлал, хүн судлалын ухааны үүднээс соёлын хэд хэдэн үндсэн шинжийг дурдаж, соёл болбоос нийгэмд дадаж хэвшихээс бус удамшлаар буй болдоггүй, аливаа нэгэн нийгэмлэгийн хамтын үнэлэмж байхаас бус хувь хүн дангаараа эзэмшдэггүй, соёл нь бүхэлдээ бэлгэдлийн шинжтэй байдаг гэхчлэн тодорхойлж байна.
Тэгвэл аливаа үндэстэн угсаатны сэтгэлгээ нь хэлэнд тусч, хэлээр дамжин илэрдэг байна. Үндэстний сэтгэлгээний хэв маяг, онцлог, шинж төрх зэрэг нь тухайн үндэстний хэл үүсэн бүрэлдэх хөрс суурь болдог ажээ. Тийнхүү хэлээр дамжин илэрдэг сэтгэлгээний хэв маяг, өвөрмөц онцлог, шинж төрх зэрэг нь тухайн үндэстний өвөрмөц соёлыг бүрдүүлнэ. Хэл нь соёлыг тээж өртөөлдөг, хэлний аливаа махбод нь соёлын тодорхой агуулгыг тээж агуулж байдаг. Хэл нь сэтгэлгээнээс хараат байж сая оршин тогтнодог, сэтгэлгээ нь хэл оршин тогтнох үндсэн хүчин зүйл болдог байна. Аливаа гадаад хэл сурах нь зөвхөн хэлний үйл ажиллагаа төдий бус, бас сэтгэлгээний үйл ажиллагаа хэмээн үздэг нь бас үүнтэй холбоотой юм.
Соёлын хөгжил цэцэглэл нь хэлийг улам баяжуулж, хэл баяжсанаар сэтгэлгээний цар хүрээ өргөжин тэлдэг шүтэн барилдлага, зүй тогтолтой ажээ. Тиймийн учир үндэстний сэтгэлгээ гэж үгүй аваас хэл гэж үгүй, хэл гэж үгүй аваас соёл гэж бас үгүй хэмээн үздэг. Сэтгэлээ, соёл, хэлний шүтэлцээ холбоог бид аль нэг тал нь үгүйгээр оршиж үл чадах гурвалжин дүрсний бүдүүвч зургаар дүрслэж болох юм.
Хэл нь соёлыг тээж өртөөлдөг бол соёл нь тухайн үндэстэн угсаатны түүхийг тээгч нь болдог байна.
Хятадын эртний түүх шастирт “Аливаа нэг улсыг мөхөөсүгэй хэмээвээс анх тэргүүнд түүхийг нь устгаваас зохилтой” хэмээн өгүүлсэн байдаг. Түүхийг нь устгахын тулд юуны өмнө түүнийг өртөөлөн тээгч нь болох соёлыг нь устгах шаардлагатай болно. Үг хэл, үсэг бичиг нь устсанаар соёл нь мөхөж, соёл нь мөхсөнөөр түүх нь устаж, түүх нь устсанаар бүхэл бүтэн үндэстэн улс мөхөж сүйрсэн гашуун үнэн хүн төрөлхтний түүхнээ цөөн бус байдгийг та бид мэднэ. Нэгэнт түүх үгүй аваас үндэстэн улс яахин оршин тогтнохсон билээ.
Өрнө, дорнын сэтгэлгээ, соёлын онцлог нь өрнө дахин хийгээд дорно дахины ертөнцийг үзэх үзэл, логик сэтгэлгээ зэргээр илрэхээс гадна аж төрөх ёсон, бичиг үсгийн уламжлал, мэндлэх авгайлах ёсон зэрэг ердийн соёлын түвшинд илэрдэг ажээ.
Хорвоо ертөнцийн бүхүй л юмс үзэгдэл ерөнхий-тусгай, хийсвэр-бодитой, бүхэл-хэсгийн харьцаанд оршдог хэмээн үздэг. Тэгвэл дорно дахины ард түмэн ерөнхий, хийсвэр, бүхэл талаас нь ургуулан сэтгэдэг, харин өрнө дахин эн тэргүүнд тусгай, бодитой, хэсгийн талаас нь сэтгэдэг ажээ. Өөрөөр хэлбэл дорно дахинд бүхэллэг сэтгэлгээ, өрнө дахинд задлаг сэтгэлгээ голлодог байна.
Дорно дахин бүхэлдээ нийлэг хэв маягаар сэтгэнэ, өрнө дахин бүхэлдээ задлаг хэв маягаар сэтгэнэ. Өөрөөр хэлбэл, дорно дахин “хоёрыг нэгтгэж нэг болгоно”, өрнө дахин “нэгийг задалж хоёр болгоно”. Өрнө дахин “толгой өвдвөөс толгойг эмчилж, хөл өвдвөөс хөлийг эмчлэх” буюу “ойг олж харахаас илүүтэй модыг олж харах” ажээ. Дорно дахин харин “толгой өвдвөөс хөлийг эмчилж, хөл өвдвөөс толгойг эмчлэх” буюу “модыг олж харахаас илүүтэй ойг харах” ажээ. Эндээс үзэхүл, дорно дахины сэтгэлгээний нийлэг хэв маягийн гол онцлог шинж нь аливаа юмс үзэгдлийг бүхэл цогцоор нь, түгээмэл хэлхээ холбоонд нь хардаг явдал юм.
Тухайлбал, Хятадын уламжлалт сэтгэлгээ соёлын хамгийн үндсэн ай ухагдахууны нэг болох “тэнгэр хийгээд хүний зохирол”-ын үзэл санаа нь дээр өгүүлсэн дорно дахины сэтгэлгээний нийлэг хэв маягийн хамгийн дээд, хамгийн төгс боловсронгуй илрэл гэж үздэг.
Японы Кейо Их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой сорил хийжээ. Хэсэг япон хүн, хэсэг америк хүнд модоор хийсэн цац суваргын дүрснүүд үзүүлж, эдгээр дүрсийг “daxes” гэж нэрлэсэн байна. Дараа нь дээрх хоёр хэсэг хүмүүст дахин хоёр өөр цар дээр тавьсан дүрснүүд үзүүлжээ. Нэг цар дээр нь модоор хийсэн элдэв хэлбэр дүрснүүд, нөгөө цар дээр нь өөр эдээр хийсэн цац суваргын дүрснүүд байж. Ингээд аль цар дээр хамгийн олон “daxes” байгааг асуухад америк хүмүүс тухайн дүрсийг ямар эдээр хийснийг нь үл анхааран, зөвхөн цац суваргын дүрсийг л онцолсон байна. Харин япон хүмүүс хэлбэр дүрсийг нь үл анхааран, зөвхөн модоор хийсэн дүрсийг нь онцолжээ.
Эндээс үзэхүл өрнийн хүн тодорхой нарийн талыг нь илүүтэй анхаардаг бол дорнын хүн бүхэл бүтцийн талыг эн тэргүүнд сэтгэдэг ажээ.
АНУ-ын Мичиганы Их сургуулийн сэтгэл судлаач эрдэмтэд өөр нэгэн сорил хийжээ. Судлаачид америк, хятад оюутнуудад нэгэн ижил зураг үзүүлж, харааны төвлөрлийг нь ажигласан байна. Уг зураг нь тодорхой нэгэн дүрс, арын суурь дэвсгэр зурагнаас бүтсэн байж. (Тухайлбал, их талын дунд яваа ганц арслангийн зураг гэх мэт)
Америк оюутан гол дүрс буюу арслангийн зургийг анхлан ажиглаж байсан бол хятад оюутан дэвсгэр зураг буюу тал газрын зургийг анх түрүүнд ажиглаж, дараа нь гол зураг буюу арслангийн зураг дээр анхаарал нь төвлөрч байжээ.
Станфордын Их сургуулийн эрдэмтэд англи болон хятадын сонин хэвлэлд нийтлэгдсэн гэмт хэргийн тухай мэдээг харьцуулан судалжээ. Английн хэвлэл тухайн гэмт хэргийг бодгаль талаас нь, тухайлбал уг гэмт хэргийн онцлог, үйлдсэн арга зэрэг талаас нь мэдээлдэг бол, хятадын хэвлэл бүхэл талаас нь буюу гэмт хэргийн уг үндэс, хүмүүс нийгмийн харилцаа зэрэг талаас нь голчлон мэдээлдэг байна. Эндээс дорнодахин хийгээд өрнөдахины сэтгэлгээний бүхэллэг хийгээд задлаг шинжийг харж болно.
Эртний хоёр их сэтгэгч, гүн ухаантан Күнз, Сократ хоёрын эш сургаалаа номлодог арга ухааныг харьцуулж үзвээс дорно, өрнийн сэтгэлгээний ялгааг амархан олж харна хэмээдэг. Күнз болбоос шавь нар нь ямар нэгэн юмс үзэгдэл, эш ёсны тухай асууж, харин Күнз тайлж номлоно. Харин Сократ болбоос юмс үзэгдэл, эш ёсны тухай асуулт тавьж, шавь нар нь эрэгцүүлэн тунгааж, задлан шинжилнэ. Күнзийн сургаал номлолын гол цөм болох “Шүүмжлэл өгүүлэл” хэмээх ном бүхэлдээ шавь нар нь асуун лавлаж, Күнз сургаж номлох хэлбэрээр бүтээгдсэн байдаг нь чухамдаа бүхлээс хэсэг руу хандсан бүхэллэг сэтгэлгээний илрэл юм.
Дорно дахин хийгээд өрнө дахины цаг хугацаа, орон зай хийгээд хүмүүний овог нэрийг өгүүлэх илэрхийлэх арга нь үндсээрээ ялгаатай. Дорно дахины цаг хугацааны ухагдахуун нь он-сар-өдөр-цаг-хором гэж бүхлээс хэсэг руу хандаж өгүүлнэ, өрнө дахин яг эсрэгээр нь хором-цаг-өдөр-сар-жилгэж хэсгээс бүхэл руу нь өгүүлдэг. Орон зайн тухайд дорно дахин улс-муж-хот гэж харин өрнө дахин эсрэгээр нь хот-муж-улс гэж сэтгэнэ. Овог нэрийн тухайд дорно дахин овог-нэр гэж өрнө дахин нэр-овог гэж хэсгээс бүхэл руу сэтгэнэ. Хуруу даран тоо тоолоход дорнын хүн голчлон эрхий хуруунаас чигчий хурууны чигт, өрнийн хүн чигчий хуруунаас эрхий хурууны чигт тоолно. Бидний CV хэмээн англиар нь шууд нэрлэчихдэг болсон товч намтар түүх бичихдээ дорно дахин голчлон төрсөн он сар өдрөөс эхлэн одоогийн ажил хүртэл дараалуулдаг бол өрнийн жаяг журам нь үүний эсрэгээр хойноос нь урагшаа дараалуулдаг. Энэ бүхэн бол хэлэнд тусаж, хэлээр дамжин илэрч буй үндэстний сэтгэлгээний онцлог юм.
Эдүгээ тархи судлаач, сэтгэл судлаач, хэл шинжээч, соёл судлаач зэрэг олон салбарын эрдэмтэд, судлаачид хүний уураг тархины гүн нарийн нууц руу улам бүр гүнзгий нэвтэрч, хүний их тархины баруун тал бөмбөлөг, зүүн тал бөмбөлөг тус тусдаа үүрэг зорилготой болохыг нэгэнт баталжээ.
Их тархины баруун тал бөмбөлөг нь янз бүрийн дүр, уран дүрслэлийг эмхэлж цэгцэлдэг бол зүүн тал бөмбөлөг нь хэлний янз бүрийн дохио тэмдэгтийг голлон эмхэлдэг ажээ. Баруун, зүүн тал бөмбөлөгийн сэтгэлгээний хэрэглүүр нь харилцан өөр өөр агаад баруун тал бөмбөлөгийн сэтгэлгээний хэрэглүүр нь уран дүрслэл болохын учир ийм сэтгэлгээг дүрслэлийн сэтгэлгээ хэмээж болох ажээ. Зүүн тал бөмбөлөгийн сэтгэлгээний хэрэглүүр нь хэл болохын учир ийм сэтгэлгээгхэлний сэтгэлгээ хэмээж болох ажээ. Үсэг бичиг нь хүмүүсийн алхам тутамдаа хэрэглэдэг харилцааны хэрэглүүр болохын хувьд сэтгэлгээнд гүн гүнзгий нөлөөлдөг байна.
Өрнө дахины бичиг үсэг буюу авианы бичиг үсэг нь дүрс хийгээд утга илтгэж эс чадах агаад зөвхөн авиа илтгэнэ. Тиймээс дүр дүрслэл лүгээ шууд холбоо хамаарал үгүй, зөвхөн үг хэлийг тэмдэглэдэг дохио тэмдэгт болно. Тэгвэл дорно дахины утга бичиг буюу тухалбал ханз үсэг нь авиа илтгэхээс гадна бас дүрс хийгээд утгыг илтгэж чадна. Авианы бичиг нь уураг тархины зүүн тал бөмбөлөгийг ихээхэн идэвхжүүлж хөгжүүлдэг тул өрнө дахины хүний хэлний сэтгэлгээ илүүтэй хөгждөг ажээ. Авиа, дүрс, утга гурав харилцан сүлэлдэж бүтсэн ханз үсэг нь уран дүрслэлийн сэтгэлгээний хэрэглүүр болж, уураг тархины баруун тал бөмбөлөгийг түлхүү өдөөж хөгжүүлснээр, хятад хүний дүрслэг сэтгэлгээ илүүтэй хөгждөг байна. Задлаг шинжтэй хэлний сэтгэлгээ нь нарийн тодорхой шинжийг, бүхэллэг шинжтэй дүрслэлийн сэтгэлгээ нь далд битүүлэг шинжийг тус тус агуулдаг ажээ.
Хятадын алдарт уран зураач Чи Байши“Ур гайхамшиг болбоос төстэй хийгээд төс үгүй хоёрын завсар оршино” хэмээн өгүүлсэн байдаг нь чухамдаа дээр өгүүлсэн дүрслэлийн сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн хэрэг гэлтэй. Хятадын сонгодог урлаг, ялангуяа уран зураг, яруу найрагт эртнээс нааш “рид, ид шидийн гэлтэй дүр дүрслэлийг” ихэд чухалчилж ирснээрээ бодит юмс үзэгдлийг илүүтэй шүтдэг өрнө дахины урлагаас ялгагддаг. Хятадын урлагт бодит юмс үзэгдлээс гадна хүний сэтгэлийн гүн чанадыг илүүтэй чухалчилдаг. Тиймийн учир шүлгийг зөвхөн зураг мэт үзэх аваас хүний сэтгэлийн нарийн нууц, дээд хүслэнг бүрэн илэрхийлж эс чадна. Харин тэрхүү “зургийн” дотор хүмүүний сэтгэл санаа, зан ааль, шинж төрх, хүсэл эрмэлзэл, орь хүслэн бүхэн багтаж, шүлгийн сэтгэлгэ, зургийн санаа, яруу уянга бүгд хэм тэгш зэрэгцэн оршиж байж сая“шүлгийн дундаас зураг тодорч, зургийн дундаас шүлэг эгшиглэдэг” бүтээл төрдөг хэмээн үздэг.
Нэг талаар дэлхий ертөнц улам бүр даяаршин, нөгөөтэйгүүр Монгол Улсын гадаад харилцаа өргөжин тэлж буй энэ цаг үед өрнө, дорнын сэтгэлгээний онцлог, өөр өөр үндэстэн угсаатны сэтгэлгээ, хэл, соёлын шүтэлцээ хийгээд нөлөөллийн хүчин зүйлийг зөв таньж, зөв тодорхойлж, үнэлж дүгнэх явдал нэн тулгам чухал асуудал мөн. Үндэстний сэтгэлгээ, хэл, соёлын дархлаа тогтооход олон хүчин зүйл нөлөөлөх нь мэдээж боловч, дээр өгүүлсэн харилцан шүтэлцээний үүднээс авч үзвэл, омтгойлж үл болох нэг чухал хүчин зүйл нь гадаад хэл хийгээд гадаад хэлнээс орчуулах, дуун хөрвүүлэх ажил юм.
Нэгэн соёлын дотор орших ер энгийн зүйлийг өөр нэгэн соёлд ихээхэн хүч, ухаан зарж тайлбарлах, дамжуулах явдал байнга тааралддаг. Тийнхүү хэл шинжлэл, гүн ухаан, угсаатны судлал, соёл судлал, орчуулга судлал зэрэг олон ухааны уулзвар зааг дээр соёлын орчуулга судлал хэмээх харьцангуй шинэхэн салбар ухаан үүсэн бүрэлдсэн байна. Соёлыг тээгч нь болох хэл, хэлээр дамжин илэрдэг сэтгэлгээ, үндэстний соёлыг өртөөлөн дамжуулагч нь болох орчуулга хөрвүүлэг гурвын өвөр хоорондын холбоо хамаарал, зүй тогтлыг судалдаг ухааныг соёлын орчуулга судлал хэмээн нэрлэж байна.
Соёлын орчуулга судлалын үүднээс “идээшүүлэх” (domestication, доместикация) ба“ондоошуулах” (foreignization, форенизация)-ийг орчуулгын үндсэн хоёр арга ухаан, стратеги гэж үздэг.
Тухайн үндэстэн угсаатны сэтгэлгээ, соёлын ухагдахууныг орчуулж дамжуулахдаа уншигч хүнд ойлгомжтой байхыг чухалчлах уу, эс бөгөөс эх бичвэрт үнэнч шударгуу хандахыг чухалчлах уу гэсэн асуулт орчуулагч дуун хөрвүүлэгчийн өмнө тулгардаг байна. Уншигч хүнд ойлгомжтой байхыг чухалчлаваас “идээшүүлэх”, эх бичвэрт үнэнч хандахыг чухалчлаваас “ондоошуулах” хэрэгтэй болдог ажээ.
Бид орчуулгын зарим нэг ажиглалт жишээн дээр үндэстэн угсаатны сэтгэлгээ соёлын онцлог ялгаа зөрөөг хэрхэн илэрхийлж, дамжуулах асуудлыг соёлын орчуулга судлалын үүднээс авч үзэж болно.
“Өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг зэрэг тогтвортой хэллэг нь тухайн хэлээр харилцагч үндэстний сэтгэлгээний хэв шинж буюу ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдлын илэрхийлэл, энэ шинжээрээ тухайн үндэстний эдийн болон оюуны соёлын баримт болдог” ажээ. Тиймээс өвөрмөц хэллэгийн утгыг тухайн үндэстэн угсаатны сэтгэлгээ, соёл, хэлний баримт болох талаас нь зөв ухааран орчуулах, тайлбарлах нь нэн чухал юм байна.
Үгчлэн орчуулбал “Зайсангийн гэдсэнд завь онгоц багтдаг” гэсэн утгатай хэлц үг хятад хэлнээ байдаг. Монгол хэлний “Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана” гэсэн хэллэгтэй утга дүйнэ. Өнөөдөр Монгол Улсад хэрэглэж байгаа бараг бүх “Хятад монгол толь бичиг”-т яг ингэж дүйлгэн оноосон байдаг. Соёлын орчуулгын үүднээс үзэхүл, тийнхүү хэт дүйлгэн оноох нь төдий л оновчтой бус юм. Учир нь уншигч хүнд ойлгомжтой байхыг чухалчлан, хэт дүйлгэн орчуулснаар нэг талаар хятад үндэстний сэтгэлгээ, соёлын гүн чанад утга агуулга, учир холбогдол бүдгэрч орхигдоод, нөгөө талаар бас монгол уншигчийн сэтгэлгээнд сөргөөр нөлөөлөх гэмтэй байна. Тиймээс “Тэргүүлэгч сайдын цээжинд тэнгис далай багтдаг” гэх маягаар оноовол арай зохимжтой болох мэт.
Эх бичвэрийн гүн чанадад оршиж буй үндэстэн угсаатны соёлын утга агуулгыг омтгойлон, зөвхөн ойлгомжтой байхыг хэт чухалчилснаар, “хятад хүний цээжинд эмээл хазаартай морь багтаагаад”, “монгол хүний цээжинд завь онгоц багтаагаад” байвал орчуулга яруу сайхан болж эс чадахаас гадна хамгийн гол нь хятад хэл бичиг мэддэггүй монгол уншигч “хятад хүн бас эмээл хазаартай мориор зүйрлэдэг юм байна” хэмээн эндүү ташаа ойлгож, буруу зөрүү сэтгэх гэмтэй байна.
“Зам бүхэн Ромд хүрдэг” (All Roads Lead to Rome, Все дороги ведут в Рим) гэсэн утгатай хэллэг байдаг. Өрнө дахинд түгээмэл хэрэглэдэг, өөрийн үүх түүхтэй, алдартай зүйр үг юм. БНХАУ-ын дарга саяхан 2017 оны “Давосын дэлхийн эдийн засгийн форум” дээр хэлсэн үгэндээ уг зүйр үгийг бас эш татан хэрэглэсэн байдаг. Энэхүү алдартай зүйр үгийг бид хэрхэн монголчлон орчуулбаас илүү зохимжтой вэ? “Зам нь ондоо ч зорилго нь нэг, арга нь ондоо ч , амжилт нь нэг”, гэх юм уу “хийх арга ухаан нь өөр өөр боловч, хүрэх үр дүн нь нэгэн адил” гэхчлэн тайлбарлах ёстой юу? Эсвэл тэрхүү алдарт хэллэгийг хэвээр нь хэрэглэх ёстой юу? Ийм асуудал орчуулагч дуун хөрвүүлэгчийн өмнө байнга тулгарч байдаг.
“Домгийн сэтгэлгээ хүн төрөлхтний язгуур соёлыг тээж явдаг, ...домгийн сэтгэлгээ нь ертөнцийг үзэх үзлийн нэг хэлбэр” хэмээн философичид онцолсон байдаг.
Монголчуудын “тэнгэрийн заадас”, “тэнгэрийн заадал”, “тэнгэрийн оёдол” гэхчлэн нэрлэдэг ухагдахууныг өрнө дахинд “сүүн зам” (“Млечный Путь”, “Milky Way”) хэмээн, дорно дахин буюу тухайлбал хятадад “тэнгэрийн гол”, “мөнгөн гол” гэхчлэн өөр өөрөөр нэрлэдэг нь мөнхүү үндэстэн угсаатны ертөнцийг үзэх үзэл, таньсан танилт, үнэлэмж, үндэстний сэтгэлгээ, соёлын ялгаа зөрөөг илтгэх агаад тэрхүү ялгааг бид эдгээр ухагдахууны домог түүхээс нь эрвэл тодорхой мэдэж болдог.
Эдүгээ манай зарим эрдэмтэн, судлаач “монголчууд гадаад хэлийг ихээр үзсэнээс сэтгэлгээ нь эвдэрч, өрнө дорнын соёлд ихээр нэрвэгдэж байна” хэмээн бичиж, ярьж байгаа нь нэг талаар үнэний хувьтай боловч, нөгөө талаар эдүгээгийн даяаршлын эрин үед үүнээс өөрөөр байх ямар ч боломжгүй, хана хэрэм барьж, хааж боож үл болох нь мэдээж. Тиймээс хэл, соёлын ухаалаг зөв бодлого явуулж, өрнө дорнын түгээмэл гадаад хэлийг сайтар эзэмшихийн зэрэгцээ, эх монгол хэлээрээ зөв сайхан ярьж, яруу сайхан найруулж бичиж чаддаг монгол сэтгэлгээг зөв төлөвшүүлж чадваас жинхэнэ дархлаа буй болно.
Академич Бямбын Ринчен “Эх хэл, гадаад хэлийг эн тэгш сурах хэрэгтэй. Эс мэдвээс элэг доог болохын зовлон буюу” хэмээн өгүүлсэн байдаг.
“Хөдлөшгүй хатуу хэдий ч, хөшүүн хойрго бус, сургамж жишиг болговч, сохроор эс дуурайх” хэмээн дорнын гүн ухаанд өгүүлсэн байдаг.
Гадаад хэлийг хэдийчинээ сайн сурч, сэтгэлгээ, соёлынх нь онцлог ялгааг хэдийчинээ зөв таньж мэдэж чадваас, төдийчинээ ертөнцийг таньж, сэтгэлгээ хөгжиж, дархлаа тогтоно. Хэл сэтгэлгээ, соёлын харилцан шүтэлцээний үүднээс үзсэн ч, хэлийг нь сурахгүйгээр сэтгэлгээ, соёлыг нь яахин таньж чадахсан билээ. Таньж мэдэж чадаагүй таг харанхуй байх аваас харийн соёлын зүйлээс харсан үзсэн төдийхнээ сохроор даган дуурайж, харин ч илүүтэй автдаг учиртай хэмээмой.
Хамаг үнэн болбоос зүрх сэтгэл дор буй
Харагдах дүр болбоос гадна өнгө дор буй хэмээсэн мэргэн үг байдаг бөлгөө.
М.ЧИМЭДЦЭЕЭ
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Хэлбичгийн ухааны доктор (Ph.D), орчуулагч
Судлаач
(103.57.94.60) 2021-05-02 10:51Орчуулга нэртэй оршуулга маягийн юм хийдэг хүмүүс энэ өгүүллийг уншаасай. Эрдэмтэй хүний сайн өгүүлэл байна. Таны орчуулсан Күнзийн сургаалыг уншиж үзсэн. Маш сайхан орчуулсан байна лээ.
Хариулах
Уншигч
(103.57.94.60) 2021-04-14 13:08Энэ тун сайхан бичсэн өгүүлэл юм.Маш олон шинэ зүйл мэдэж авлаа. Баярлалаа
Хариулах