Норникель компани 2 их наяд ам. долларын торгууль төлжээ

Twitter Print
2021 оны 03-р сар 11-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Оросын уул уурхай, металлургийн Норильский Никель компани байгаль орчныг бохирдуулсан хэргээр 2 их наяд ам. долларын торгууль төлжээ.

Никель болон палладийн олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Норникель компанийн цистернээс дизель түлш урсаж, үйлдвэрийн ойр орчимд байрлах гол мөрнүүдийг бохирдуулсан хэрэг өнгөрсөн жилийн 5-р сард болсон билээ. 21 мянган тонн дизель түлш Оросын Арктикийн бүсийн гол мөрнүүд рүү урсаж, байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тухайн үед тус бүс нутагт онц байдал хүртэл зарлахад хүрсэн билээ.

Оросын засгийн газрын хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Норникель компанийн торгуульд төлсөн мөнгийг юуны түрүүнд Норильск хот болон тус хотын ойр орчмын байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулахад зарцуулахад анхаарахыг даалгасан байна. Норникель компанид шүүхээс оноосон торгууль нь ОХУ-ын түүхэнд байгаль орчинд учруулсан хор хохирлын төлөө ноогдуулсан хамгийн өндөр торгууль болон тэмдэглэгдэн үлдэж байгаа ба өнгөрсөн лхагва гарагт торгуулиа төлж барагдуулсан Норникель компанийн 2020 оны цэвэр ашгийн хэмжээ 39 хувиар буурчээ. Сибирьт байрлах Норникель компанийн эрчим хүчний станцын түлш хадгалах цистерн зэвэрч, хөрсөнд суулт өгсөнөөс болж цоорсон ба үүнээс болж өнгөрсөн жилийн 5-р сарын 29-нд уг цистернээс дизель түлш гоожиж, ойр орчмын гол мөрнүүд болон Карын тэнгис рүү урсдаг Пясино нуурыг бохирдуулсан юм. Норникель компанийн цистернээс урссан түлш нийт 350 кв.км талбай бүхий орчныг бохирдуулжээ.

ОХУ дахь Грийнпийс байгууллагын цаг уурын төслийн менежер Василий Яблоковын онцолсноор Норникель компанийн байгаль орчинд учруулсан хор уршиг хэдэн 10 жил үргэлжлэх бол байгаль орчны мэргэжилтэн Олег Митволийн хэлснээр бохирдлыг цэвэрлэхэд 5-10 жил шаардлагатай ба нийт 100 их наяд орчим рубль зарцуулагдах аж. Норникель компани цистернээс нь түлш урссан асуудлыг оройтож мэдээлсэн хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин шүүмжилсэн ч компанийн зүгээс бүгдийг зохих ёсоор, цаг тухайд нь мэдээлсэн гэдгээ онцолсон юм. Өмнө нь 2016 онд Норникель компанийн үйлдвэрт гарсан ослын улмаас ойр орчмынх нь гол улаан өнгөтэй болж байсан явдал ч гарч байсан аж. Нөгөөтэйгүүр тус компани 2030 он хүртэл байгаль орчны төслүүдэд нийт 5.5 их наяд ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.