
Тэмдэглэлийн дэвтэр хэрхэн хөтлөх вэ?
Толгойд бодогдсон бүхий л зүйлсээ эргэцүүлэн бодолгүйгээр ганц үг, өгүүлбэрээр ямар ч дүрмийн алдаа, утга найруулга хийх гэж зоволгүйгээр шууд дэвтэрт буулгаж Та үзсэн үү? Үзээгүй бол Таныг тэгж бичиж үзээсэй гэж хүсэж байна. Ингэснээр аливааг бид мартахгүй эргэн түүнийгээ харж засаж залруулж, бодлуудаа эмхлэн цэгцлэх боломж бүрдэх юм. Өдөрт дунджаар хүний тархинд 50000-70000 бодлууд эргэлддэг гэсэн судалгаа байдаг. Ямартай ч цаасан дээр буусан юм бүхэн эргээд бидэнд заавал хэрэг болдог.
Миний хувьд би олон төрлийн тэмдэглэлийн дэвтэр ашигладаг. Тэдгээр дэвтэр бүр нь өөр өөрийн гэсэн зорилготой нээгдэж байсан. Зарим хүмүүс зүгээр л тэмдэглэлийн дэвтэр цуглуулах хоббитой, зарим нь гоё дэвтэр дээрээ бичихээс ч хайран санагдаад хадгалдаг хүмүүс байдаг. Тэгвэл өөрт байгаа тэмдэглэлийн дэвтрүүдээ хэрхэн ашиглаж болох тухай мэдээллийг Та бүхэндээ хүргэхээр боллоо. Магадгүй Та миний хийж хэрэгжүүлж байгаа зүйлсээс санаа авч болох юм.
1. Өдрийн төлөвлөгөөний дэвтэр:
Уг дэвтэр дээрээ би урьд орой нь маргааш хийх зүйлсийнхээ жагсаалтыг гарган бичдэг. Бичихдээ чухлаас нь хялбар руу нь бичдэг. Эхлээд чухал ажлаа амжуулчихвал дараа нь хялбар ажлууд төдийлөн хэцүү санагдахгүй, сэтгэл санаа өөдрөг байна. Ажил, амьдралаа өдрөөр төлөвлөхийн ач тус нь тухайн хүн өмнөх өдрөөс илүү дараагийн өдрийн ажлаа сайжруулан төлөвлөх давуу тал үүсдэг гэж боддог.
Өдрийн төлөвлөгөөг гаргахдаа:
Өдөр бүр өөр өөр амьдрал таныг угтахыг сана.
Хийхийг хүсэж буй зүйлээ хийх сайхан боломж.
Ажлаа дэс дараалалтай хийх, өдөрт олон ажил хийж өөрийгөө ачаалах хэрэггүй гэдгийг сана.
Урьд өдрийн төлөвлөгөөндөө сэтгэл дундуур байвал өнөөдрийн төлөвлөгөөндөө оруулж ихийг амжуулах боломж.
Өдрийн төлөвлөгөөг гаргаснаар:
Таны хийх ажил эмх цэгцтэй болно.
Юу хийх ёстойгоо мартахгүй.
Цагаа урьдчилан тооцоолох боломжтой.
Олон ажлыг нэг зэрэг хийх, олон зүйлсийн тухай бодох шаардлагагүй болно.
Үр дүнгээ хянах боломжтой. Дараагийн өдрийн төлөвлөгөөг гаргахад хялбар байх болно.
2. Мөрөөдлийн дэвтэр:
Энэхүү дэвтэр дээр би өөрийн хүсэж мөрөөддөг зүйлүүдээ бичдэг. Томоор мөрөөдөхийг өөртөө хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Хүн хэдий чинээ томоор мөрөөдөж чадна төдий чинээ мөрөөдлийнхөө төлөө хичээдэг гэж боддог. Болж өгвөл авахыг хүссэн, хийхийг хүссэн зүйлийнхээ зургийг олоод нааж бүтээлчээр хандахыг чухалчилдаг. Ингэснээр миний нүдэнд харагдаж, мөрөөдлөө биелүүлэх сэдлийг надад өгдөг юм. Жил ирэх тусам л миний мөрөөдөл томорсоор л байна.
3. Уншсан номын тэмдэглэлийн дэвтэр:
Миний хувьд уншсан ном бүрийнхээ тэмдэглэлийн хөтөлдөг. Тэмдэглэлээ блогтоо оруулдагыг Та бүхэн минь мэдэх байхаа. Ингэж тэмдэглэл хөтөлснөөр миний төсөөлөн бодох чадвар, үгийн сонголт, утга найруулга өдрөөс өдөрт нэмэгддэг. Тэмдэглэл хөтлөхдөө эхлээд өөрт таалагдсан ишлэл, гол дүрийн баатрын тухай, мөн тухайн номын хүмүүст хүргэх гэсэн гол санааг тэмдэглэн авдаг. Дараа нь тэдгээрийг эргэн уншиж, утга найруулга дээр нь суудаг. Эхлээд дэвтэр дээр бичин, дараа нь шивж оруулах нь тухайн өгүүлбэртээ засвар хийх боломж бүрддэг юм. Миний хувьд хамгийн сүүлд гэхэд 2019-2020 онд нийт 18 ширхэг ном уншиж, тэмдэглэл хөтөлсөн байсан.
4. Шинэ санаагаа бичих дэвтэр:
Уг дэвтэр дээрээ би толгойд орж ирсэн шинэ санаа, энд тэнд харсан шинэ бүтээл, боломжуудыг тэмдэглэн авдаг. Нэг ёсондоо миний дараа дараагийн хийх ажлыг чиглүүлэн өгдөг миний туслагч дэвтэр гэсэн үг юм. Бичиж тэмдэглэсэн шинэ санаа бүрээ дараа нь нэг нэгээр нь задлан бичдэг. Ингэснээр аль санааг нь хамгийн эхэнд хэрэгжүүлж болох, алийг нь хойш тавьж болох арга зам нээгддэг юм.
5. Сургамжит тэмдэглэлийн дэвтэр:
Үүн дээр би сонссон подкаст, уншсан блог, үзсэн влог зэргээс олж авсан сургамжит зүйлсийг бичиж тэмдэглэдэг юм. Өнөөдөр маш олон сонирхолтой подкаст, блогууд Монголд бий болсоор л байна. Тэдгээрээс ажил, амьдралдаа хэрэгжүүлж болох мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжүүд маш их байдаг. Тэр болгоныг би толгойдоо бодоод яваад байлгүй цаасан дээр буулгаж тэмдэглэх нь хамгийн оновчтой зүйл гэж боддог. Бичиж тэмдэглэхдээ гарчиг, он, сар, өдрийг заавал бичнэ.
6. Орлого, зарлагын дэвтэр:
Мэдээж хүн бүр амьдралдаа орлого олж, зарлага гаргаж амьдардаг. Санхүүгийн сахилга батыг өөртөө суулгах гэж хичээж яваа. Учир нь эмэгтэйчүүд бид нэг зүйлээс амархан уйдаж байдаг их хувирамтгай улс шүү дээ. Тийм болохоор миний энэ оны зорилго бол “Санхүүгийн сахилга бат” юм. Энэхүү дэвтрээ би “Хар дэвтэр” ч гэж нэрлэдэг.
7. Ажлын дэвтэр:
Уг дэвтэр дээр би ажилтай холбогдолтой бүхий л зүйлсийг бичиж тэмдэглэдэг. Хурал, цуглаан, сургалт, семинар гээд ажилтай холбоотой бүхий л зүйлс багтсан дэвтэр.
8. Нийтлэл, бичвэрийн дэвтэр:
Энэхүү дэвтрүүд дээр маань өөрийн блогтоо оруулдаг бүхий л бичвэрүүдээ бичдэг юм. Эхлээд бичих зүйлийнхээ гарчгийг олж, дараа нь найруулан бичих. Гол нь хүнд хүртээмжтэй, хүнд хэрэгтэй зүйлсийг бичихийг зорьдог.
Ингээд одоогийн байдлаар эдгээр дэвтрүүдийг ашиглаж байгаа ба цаашдаа аяллын дэвтэр, гэр бүлийн дэвтэр гээд улам баяжуулан явах бодолтой байгаа шүү.
Б.Солонго
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.