
1956 оны 05-р сарын 24-ний өдөр Швейцарийн Луганод /Lugano/ анхны Евровишн уралдаан болжээ.
Италийн Санремо фестивалиас санаа авч, Монакод 1955 онд Европын өргөн нэвтрүүлгийн холбооны хурлын үеэр Евровишн дууны наадмыг зохион байгуулахаар шийдэж, Швейцарын Лугано дахь амралтын газрыг сонгожээ. Уг нь анхны шоу бүхэлдээ радио шоу болох ёстой байсан ч Европын хэд хэдэн тв ирсэн байна. Шоу 1,40 цаг үргэлжилж, 7 /Швейцар, Франц, Бельги, Герман, Итали, Нидерланд, Луксембург/ орны оролцогчид 2 удаа тайзан дээр гарч дуулахад Фернандо Паггигаар удирдуулсан 24 хөгжимчин хөгжимджээ. Анхны тэмцээний ялагчаар Швейцарын оролцогч Лис Ассиа “Refrain” дуугаар ялагч болсон.
Евровишн тэмцээнээс төрөн гарч байсан ялагчдаас дурьдвал: АББА "Waterloo" 1974, Селин Дион "Ne partez pas sans moi" 1988 /Швейцарийн нэр дээр оролцсон байдаг/, Тото Кутуно "Insieme: 1992" 1990, Дима Билан “Believe” 2008, Александр Рибак “Fairytale” 2009, Кончита Вурст “Rise Like a Phoenix” 2014 нар ялагч болжээ. Дашрамд дурьдахад ялагч болсон улс дараагийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалттай.
Ковидоос болоод 2020 онд тэмцээн бололгүй оролцогч 41 орны уран бүтээлчдийг 2021 оны тэмцээнд урьж, “Eurovision Song Contest: The Story of Fire Saga” нэртэй уран сайхны киног Нетфликс бүтээсэн. Харин 2021 оны 5 сарын 18-22-нд Нидерландын Роттердам хотод зохион байгуулагдаж, ялагч нь Италийн “Måneskin” хамтлаг “Zittie e Buoni” дуугаараа тэргүүн байр эзэлж 2022 оны тэмцээнийг өөрийн улсад зохион байгуулахаар болж, шилэн микрофон цомыг хамтлагаараа хүртэх үеэрээ, “Рок-н-ролл хэзээ ч мөхөхгүй” гэжээ. Тэд 2006 оноос хойш энэхүү шагналыг хүртсэн анхны хамтлаг болсноос гадна Италийн уран бүтээлчдийн хувьд 1990 оноос хойш анх удаа цомын эзэн болов.
1974 онд АББА хамтлаг оролцоход Евровишн тэмцээн хамгийн их үзэгчтэй байсан бол 2015 онд Австри улс анх удаа оролцожээ. Өмнө нь 1 улсаас 3 уран бүтээлч оролцохыг зөвшөөрдөг байсан бол шинэ дүрэмдээ 6 уран бүтээлч оролцохыг зөвшөөрдөг болсон.
Хамгийн олон удаа ялагчаар тодорсон улс нь Ирланд 7, Швед 6, харин Люксембург улс 5 удаа ялагч болсон ч 5 оролцогчийн 1 ч тус улсын харьяат байсангүй 4 нь Франц, 1 нь Грек байв. Анх зохиогдсоноос хойш хамгийн их нь 52 улс оролцсон, 1968 онд хамгийн анх өнгөтөөр цацагдсан.
Тэмцээний үндсэн 5 ивээн тэтгэгч орон нь Их Британи, Франц, Герман, Испани, Итали юм байна.
Хамгийн анх уг тэмцээнийг зохион байгуулсан шалтгаан нь Европыг сэргээх, хүмүүст урам зориг өгөх байжээ.
2022 онд уг наадам Италийн Турин хотд 5-р сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, 40 оролцогч оролцсоноос Украйны Калуш Оркестра /Kalush Orchestra/ хамтлаг Стефаниа /Stefania/ дуугаараа тэргүүн байр эзлэв.
Харин 67 дахь удаагийн Евровишн наадам, Украйн улсын нөхцөл байдалтай холбоотойгоор уламжлалаа эвдэн, Английн Ливерпүүл хотд болсон бөгөөд тэргүүн байрыг Шведийн дуучин Loreen /Lorine Zineb Nora Talhaoui/ “Tattoo” дуугаараа эзэлжээ.
Удаах байруудыг Финландын дуучин Каарижа “Ча Ча Ча” дуугаар, Францын дуучин Ла Зарра “Эвидеммент” дуугаараа ээзэлж улс орныхоо хөгжөөн дэмжигчдийг баярлуулав.
Гүндсамбуугийн Ариунчулуун
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.