Худалдаа үйлдвэрлэлийн Дээд сургуулийн 63 оюутан авилгын хэргээр шүүгдэж байна

Twitter Print
2014 оны 07-р сар 01-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

Худалдаа үйлдвэрлэлийн Дээд сургуулийн 63 оюутан Эрүүгийн хуулийн 268, 269, 270 зүйл анги буюу авилгал хээл хахууль бусдад өгөх, зуучлах, авах гэсэн зүйл ангиудаар хоёр жилийн өмнө хэрэгт холбогдон одоог хүртэл шалгагдаж байгаа аж. Энэ хэрэг саяхан шүүхэд шилжсэн байна. Хэрэг хоёр жилийн өмнө буюу Худалдаа үйлдвэрлэлийн Дээд сургууль МУИС-ийн харъяанд шилжихээс өмнө болсон бөгөөд эдгээр оюутнууд тус сургуулийн захирал асан Б.Жавхлантөгс болон Сургалтын албанд мэргэжилтэн хийж байсан залууд хахууль өгч улмаар дүнгийн системд нэвтэрч засвар хийсэн хэрэгт холбогдсон юм. Б.Жавхлантөгс нар нь оюутнуудын дүнг засч өгөх нэрийдлээр хахууль авдаг байсан нь тогтоогдоод байгаа юм. 

Өчигдөр тус хэргийн анхан шатны шүүх хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлсэн ч өмгөөлөгч, холбогдогчдийн ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар ирэх сарын 23-ныг хүртэл хойшилсон юм.

Энэ хэрэг 36 өмгөөлөгч, 70-аад шүүгдэгчидтэй. Дээрээс нь тэдний ар гэрийнхэн гээд 200-300 хүний багтаамжтай заал танхим шаардлагатай болж байгаа юм билээ. Монгол улсын түүхэнд маш олон шүүгдэгчидтэй, шүүгчтэй, залуу үеийг бөөнөөр нь яллаж байгаа шүүх хурал болж буй юм. Тэдэнд сургууль төгсөхийн тулд дүнгээ засуулсан, энэ үедээ авилгал, хээл хахууль өгсөн байж магадгүй гэх үндэслэлээр хэрэг  үүсгэсэн аж. Зарим шүүгдэгч нарын тухайд 268.2-оор эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа юм билээ. Энэ нь маш хүнд. 5-8 жилийн хорих ялтай аж. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа хүүхдүүдийн хувьд ийнхүү шүүгдэгч болж байгаа нь харамсалтай. 

Өмгөөлөгч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ олон хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэснийг та юу гэж бодож байна?

-Цагдаа хуулийнхны гажуудал гэж хэлж болно. Хүн ирээдүйн амьдралаа бодож дүн авахын тулд сурлагынхаа дэвтэр дээрх дүнгээ засуулсан нь шунахайн сэдэлтэй хэрэг мөн үү биш үү гэдгийг ялгаж салгах хэрэгтэй юм. Шоронд орохын тулд дөрвөн жил сургуульд сураагүй л байх. Ойгомжгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Яг дүнгээ засуулах гэж мөнгө өгсөн юм уу, эсвэл сургуулийн төгсөлт, баяр наадамтай холбоотой мөнгө өгсөн юм уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм.

-Таныхаар шүүхээр шийдвэрлэх албагүй гэж үзэж байгаа юм уу?

-Заавал шүүхээр оруулах хэрэг байсан уу. Хийж байгаа үйлдэлдээ эрхзүйн бүрэн чадамжгүй гэдэг үүднээс захиргааны шүүхээр оруулах боломж байгаагүй юм болов уу гэж бодож байна. 70 хүүхдэд ял оноож байна гэдэг хүмүүжүүлэх, хүнлэг шударга ардчилсан нийгэмд тохирохгүй.

-Хууль гажуудалтай байна гэж та хэлэх гээд байна уу?

-Прокурорын байгууллага ч өөрийн бодлогыг эргүүлж харах хэрэгтэй болжээ. Хуулиа боловсронгуй болгох шаардлагатай болсон байна. Авилгал хээл хахууль өгөх, авах, зуучлах гэсэн энэ хуулийн заалтыг. Нийгэм өөрчлөгдөж байна. Дагаад хүмүүсийн сэтгэлгээ, бодол санаа, ахуй байдал өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор хуульчлалыг нарийвчлан боловсруулж, обьектив, субьектив талын шинжүүдийг эрүүгийг хэрэг үүсгэхдээ хүртэл нарийвчлан тусгаж өгөх шаардлагатай болчихож. Дүн гаргуулах гэж өгсөн мөнгө үнэхээр шунахайн сэдэлтэй хэрэг мөн үү биш үү. Ямар нэгэн хүсэл зорилгод тэмүүлсэн оюун санааны шинжүүд байна уу гэдгийг прокурор, мөрдөн байцаагчид хаа хаанаа бодолцох цаг болсон байна. Тэгэхгүй бол энэ мэт хуулийн гажуудлууд цаашид гарсаар байна. Хүний ирээдүйн сан сайхныхаа төлөө хийсэн үйлдлийг шунахайн сэдэл гэж үзэж байгаа нь хэр зохимжтой вэ. Харин албан тушаалын төлөө ч юм уу, тодорхой үр дүнд хүрэхийн тулд мөнгө өгсөн бол шунахайн сэдэл болно. Маш ялгаатай зүйл.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.32.87) 2014-07-30 09:45
      • 0
      • 0

      Ene huuhduud amidarlaa ch ehelj amjaagui bhad har tolbo uldeeh n shuuh tur niigem yu bolood bna. Bid temtseh edniig ogtsruulah heregtei.

      Хариулах