Туркийн Ерөнхийлөгч ОХУ-д айлчилна

Twitter Print
2023 оны 09-р сар 04-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ даваа гарагт ОХУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах аж.

Туркийн төрийн тэргүүний хувьд дээрх уулзалтын гол зорилго нь ОХУ-ыг Хар тэнгисээр үр тариа экспортлох гэрээнд эргэн нэгдэхийг ятгах явдал юм.

Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт Оросын өмнөд эргийн Сочи хотод болох аж.

2022 оны 7-р сард НҮБ болон Турк улсын дэмжлэгтэй хэрэгжсэн үр тариа экспортлох тухай хэлэлцээрийн ачаар Украины Хар тэнгисийн 3 боомтоос ойролцоогоор 33 сая тонн үр тариа экспортонд гарсан билээ.

Гэсэн ч 6 долоо хоногийн өмнө Кремль уг хэлэлцээрээс гарч буйгаа мэдэгдсэн юм. Кремлийн зүгээс талууд ОХУ-ын хүнсний бараа бүтээгдэхүүн болон бордооны экспортонд тулгарч буй саад бэрхшээлийг арилгана гэсэн нөхцлийг биелүүлээгүй, түүнчлэн Оросын экспортод тогтоосон тээвэрлэлт, даатгалын хязгаарлалт нь хөдөө аж ахуйн салбарын экспортонд сөргөөр нөлөөлсөн зэрэг шалтгааныг дурджээ.

Анкара Африк, Ойрх Дорнод болон Азид хүнсний хямрал үүсэхээс сэргийлж чадсан үр тарианы хэлэлцээрт ОХУ-ыг дахин нэгтгэхийг эрмэлзэж байгаа ба өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын нийслэл Москва хотноо Туркийн Гадаад харилцааны сайд Хакан Фидан, Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахаасаа өмнө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр үр тарианы хэлэлцээр нь дэлхийн бүх улс орнуудын хувьд чухал ач холбогдолтойг онцолжээ.

Хөгжиж буй улс орнууд Украин болон ОХУ-ын үр тариа, арвай, наранцэцгийн тосны экспортоос өндөр хамааралтай юм. Туркийн Ерөнхийлөгч Р. Т. Эрдоганы хувьд ОХУ Украин руу довтолсныг үл харгалзан ОХУ-тай нягт харилцаатай хэвээр байгаа бөгөөд Турк Оросын эсрэг тогтоосон барууны улс орнуудын хоригт нэгдээгүйгээс гадна Оросын худалдаа, тээврийн гол түнш хэвээр байгаа юм.

Нөгөө талаас НАТО-гийн гишүүн орон болох Турк улс Украинд зэр зэвсэг нийлүүлж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж, Киевийн НАТО-д элсэх хүсэлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: Aljazeera.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.