Ямар ч байсан цуурхай цонхтой, бохир лаг нь овоорсон эмнэлгийг тэвчээд суухгүй, тэврээд эвлэрэхгүй л юм байна

Twitter Print
2020 оны 12-р сар 25-нд 13:50 цагт
Мэдээний зураг,

Яадгийн, дунд нь зүрх зурчихлаа. Үзэлцээд байгаа хүмүүсийг үүрд зүрхээр холбосон ч ер нь яадгийн. За тэгэхээр ийм байна аа. Манай ЭМ-ийн салбар хямарсан, энэ үнэн.

Хямарчихаад мэргэжлийн бус сайдтай Мэнэнгийн талд төөрч явтал вирус гарчихсан. Сүр сүр мэдэгдэл, сүржин сүржин арга хэмжээ зөндөө авсан. Шошгоо сайн дэглэж, хаягаа сайтар будаж, гарчигаа супер өгсөн л дөө. Нүүрээ гялайтал будчихаад нөгөө дотоожоо хиртэй нь өмсдөгтэй л адил гэж мэд.

Үр дүнд нь хилээрээ оруулж ирэхгүй тогтоон барьсан. Дотооддоо халдвар гараагүй байхад дон дон гээд хэт удаан хугацаанд хөл хорьж, хөөрхий биднийг бас их хохироосон. Эдийн засаг царцаж, эх хүүхдүүд гэртээ цоожлогдож, эрчүүд загасанд ч явах эрхгүй зад базуулсан. Үйлдвэрлэгчид, бизнесийнхэн ажилгүй, орлогогүй зогссон. Цалинтай, цалингүйгээрээ талцаад зодолдох дөхсөн. За тэр хандив тусламж бол албан бус мэдээгээр 800 шахам сая ам.доллар хүрсэн гэсэн мэдээлэл харагддаг юм билээ. Тэгсэн яав, шинэ засаг шинэ баг бүрдүүлсэн. Нөгөө Цагаан ордны индрээс ч гоё индрүүдийн ардуур юу байгааг ухаад гаргаад ирсэн. Гай болж түрүүчийн сайдын үед тусгаарлах байрны эрх авсан Энхсаран сувилал анхны голомт болчихдог юм даа. Энхсарангийнхаа эзнийг хайгаад орон даяар манаргаж явтал Баянзүрхийн эмнэлгээс балаг тархсан.

Одоо бүр ХӨСҮТ-ийн эмч сувилагч нар ээлжилж өвдөөд эвгүй байгаа. Ингээд нөгөө хэдэн сар хоригдож, хэдэн сая ногооны дэмжлэг авсан ЭМ-ийн салбарын эмнэлэг нь өөрөө голомт болчихлоо. Мөнхсайханы оронд би байсан бол хаанаас яаж халдварлаад, хаагуур гараад байгааг очиж хайна. Эрсний хүчинд Энхсарангаас хүмүүсээ нүүлгэсэн. Халаалт, шүршүүр гээд мэргэжлийн эмч хүн ухаан алдмаар наад захын шаардлага хангаагүйг нь илчлээд эхэлсэн. ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид бас өвдөөд эвгүйдсэн. Дахиад л гар чийдэн бариад ч болсон алдсан, асгасан нүх цоорхойгоор хайна биз дээ. Хүн хаясан түлхүүр, алдсан утсаа хайдагтай л адил. Ингээд нөгөө алдарт ХӨСҮТ маань эмч, сувилагч нар нь нуруугаа амраах аятайхан буйдан байтугай хоол цайгаа халаах хэрэгсэлгүй, өвчтөнүүдтэйгээ нэг ариун цэврийн өрөөтэй, инженер техникийн ажилтнуудаа есөн сарын турш ганц удаа шинжилгээнд хамруулаагүй, бохир лаг тунаж хуримтлал үүссэн, цуурхай цонхтой, хүйтэн сэрүүн, ковидын үед ажиллах хүчний нөөцийн төлөвлөгөө ч байхгүй...өө ингээд тоочоод байвал ямар их сэтгэл дутсан нь харагдана. Эмч, сувилагч, ажилтнуудыг бол шалан дээр унт, шавхай арч, шалбааг зөө, халдвар аваад халуураад хэвт, ар гэрийнхэндээ аваачиж өг гэсэнтэй өөрцгүй нөхцөлд ажиллуулж байсан гэж харж байна.

Хөөрхий дасчихсан ч байдаг байх, даамай дуугарвал халагдах гээд байдаг биз. Бүтэн жил энэ хэд маань л ээлж халаагүй цуцаж байна. Золиос юм уу, хаашаа юм. Маш тухгүй, таагүй, халдвар авах бүрэн боломжтой нөхцөлд ажиллуулж байжээ. Гэтэл бид өдөр болгон 11:00 цагт мэдээлэл өгдөг нөгөө гурваараа л төсөөлөөд, өхөөрдөөд зөндөө удсан даа. Нөгөө залуу сайд Мөнхсайхан чинь яаж тэсдэг юм, нүүлгэж байгаад хог шороо, шавхай шалбаагаа цэвэрлэнэ, орчин үеийн эмнэлэг ямар байх ёстой вэ, тийм төвшинд аваачина л гэнэ дээ. Тэгсэн яав. Ард түмний хүү Нямхүү арагшаа цахдаад, урагшаа уллаад хэвтчихсэн. Хуучнаараа цуурхай цонхтой, цурамхийх газаргүй, 00-оосоо эмч өвчтөнгүй дамжиж халдаад гэвтэж байя гэнэ ээ. Зунжин, намаржин засч сэлбэж байхгүй яасын. Мөнхсайханыг ч нэлээн дайрч байх шиг байна. Энэ залуу бол эмч, удирдагч биш, улстөрч ч биш. Хэцүү үед ЭМ-ийн салбарыг удирдаж таарсан. Ажиглаад байхад өөртөө итгэлгүй байдал үе үе цухалздаг юм билээ. Арга ч үгүй байх.

Сайд болонгуут нь манай хэвлэлийнхэн хаалтын гэрээ барьж хашиж тойроод, угшилтай улстөрчид урдуур нь томроод... улс төрд хөрсөө таньж хөлөө олж ядаж яваа хүн гэхэд харин ч хэл амнаас айлгүй зоригтой шийдвэр гаргалаа. Одоо харин хэдэн зуун сая хүнтэй улсуудын жишээг ярихаасаа илүү гуравхан сая хүндээ тохирсон арга хэмжээ авчихмаар байгаа юм. Хүн амаа бүсчилж байгаад яаж ийгээд бүрэн шинжилгээнд хамруулаад, янз байдлаа мэдээд, яр болсон вирусаа хумьчихвал дотооддоо хөл хориод байх шаардлага ч байхгүй болно. Шинэ Зеланд 6.0 сая хүн амтай, иргэдээ хааж хатуу барьж байгаад бүрэн шинжлээд бариад авлаа. Баригддаг л юм байна. Улаанбаатар бол 1,5 сая хүн амтай, 15, 30, 50 сая хүн амтай хот биш. Тэгэхээр боломж харагдаад л байгаа юм даа. Аа тэр ундны усны мэргэжилтэн Чимэд хэн ч билээ доктороор халдварт өвчний үед зөвлүүлдэгээ болиорой, Мөнхсайхаан. Салбар салбартаа л үнэтэй байя, зүгээр. Өөрөө үе мөчний мэс заслын эмч, зөвлөх нь ундны усны чиглэлийн доктор! Өө тийм, эцэст нь явсан шиг явж, ирсэн шиг ирж чаддаг бай даа, хоёр оо. Амьдрах эх орноо энэ залуус өөрсдөө бүтээж, өөрсдөө тодорхойлох эрхтэй гэдгийг Нямхүү гуай ч бас ойлгох болсон.

Ямар ч байсан цуурхай цонхтой, бохир лаг нь овоорсон эмнэлгийг тэвчээд суухгүй, тэврээд эвлэрэхгүй л юм байна. Харлаа, үнэллээ. За тэгээд урагшаа, залуу хүн байж замын дунд эвдэрч новшров доо. Улс төр гэдэг онжогыг чинь хэдхэн долоогоод, урдуур чинь хэдхэн хормой эргэлдээд л онхолдуулдаг салбар шүү дээ!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.46.136) 2020-12-26 09:20
      • 0
      • 0

      Нямхүү одоо зусалж болоогүй юу. Халдвартйн эмнэлгээ харчих. Ажилчдынхаа шинэ жилийг ч мөнгө болгож харж, дундаас нь зусалдгийг чинь мэдэхийн дээдээр мэднэ. Одоо жүжиглэхээ больж үз

      Хариулах

    • З

      (213.55.241.34) 2020-12-26 02:47
      • 0
      • 0

      Туйлширсан Монголчууд. Хулгайч эмчийг бурхан шиг шүтсэн

      Хариулах

    • Галсанпунцаг

      (43.242.243.39) 2020-12-25 16:37
      • 0
      • 0

      Нямхүү гэгч яг яс юман дээр ямар хүн гэдгийг бол ард бид мэдэхгүй өглөө болгон тогтмол мэдээ уншдаг болсоноор нь л сайн хүн байх гээд ой тойнд автоматаар орцон тэрнээс ямар хамт ажиллаж бгаа биш яаж мэдэхэв дасаж дурласан хар масс бий болсон байхоо наад хүнд чинь

      Хариулах