Нэгэн зууны өмнө дэлхийн умард хагасыг сүйрүүлэх байсан нууц

Twitter Print
2016 оны 06-р сар 30-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

3ургадугаар сарын 30-ны энэ өдөр тэртээ 1908 онд өглөөний 7:15 цагийн орчимд Зүүн Сибирийн Лена мөрөн, Подкаменский Тунгуск голын уудам сав нутагт асар том галт бөмбөлөг чих дүлийрэм дуу чимээ дагуулан, улаан гал маналзуулсаар зүүн өмнөөс баруун хойт зүгийг чиглэн нисэж одоод хүнгүй зэлүүд хөвчийн дээгүүр долоо орчим километр өндөрт асар хүчтэй дэлбэрчээ.

Дэлбэрэлт болсон газраас 65 орчим км зайтай оршдог эвенкүүдийн амьдардаг Ванавар тосгоныхны яриагаар, уг дэлбэрэлтийн давалгаанаар хэдхэн секундын дотор барагцаагаар одоогийн Москва хотын эзэлдэг хэмжээний нутаг дэвсгэрийн хэдэн сая модыг хядчихжээ. Дэлбэрэлтийн дараа ч дэлхийн нилээд хэдэн орны агаар мандалд хэдэн шөнийн турш хачирхалтай туяа татаж, хүмүүс унтаж чадаагүй гэдэг.

Энэ нутагт юу дэлбэрсэн юм бол? Асар том солир уу, эсвэл харь гаригийнхны хөлөг онгоц уу? Манай гараг эсрэг биеттэй мөргөлдөв үү, эсвэл ербусын газар хөдлөлт үү? Бөөгийн хараал уу, эсвэл суут бүтээгчийн туршилт уу? Тунгусын энэ оньсого мэт зүйлийн учрыг өдгөө 100 гаран жил өнгөрсөн ч тайлж чадаагүй байна.

1945 онд Японы Нагасаки хотыг сүйтгэсэн атомын бөмбөгний чадлаас 2000 дахин давсан энэ хүчтэй дэлбэрэлтийн тухай мэдээ цуглуулах зорилгоор эхний экспедицийг зөвхөн 1927-1928 оны өвөл л зохион байгуулжээ. Экспедицийг зөвлөлтийн эрдэмтэн Леонид Кулик удирдав. Тэрбээр тунгусийн үзэгдлийн байж болох цорын ганц тайлбар нь солир байх гэж үзэж, түүнийг эрэхээр дэлбэрэлт болсон төв цэг рүү явжээ. Тэр үед тийм хол газар аялах нь их зардал шаардсан, түвэгтэй ажил байв. Эхлээд Красноярск хүртэл галт тэргээр явж, дараа нь умар зүг хэдэн зуун километр явган явах ёстой байлаа. Дэлбэрэлтээс хойш 19 жилийн дараа зохион байгуулсан Куликийн анхны экспедицийн бүрэлдүүнд эвенк ястны олон газарчин орж, цаа буга унахаар болов. Кулик ч, түүнээс хойш тийшээ очсон олон зуун эрдэмтэн солирын ул мөр олсонгүй.

Тунгусийн үзэгдлийг тайлбарласан зуу гаруй онол бий, тэдгээрийн дотор үл танигдах нисдэг биет унасан, цагийн тонгоруунд орж, 1908 он руу хаягдсан дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөмбөгдөгч нисэх онгоц дэлбэрсэн, дэлхий хар цоорхойгоор нэвтэрсэн, маш их нягтралаас болж халсан шумуулын асар том үүл дэлбэрсэн гэх мэт санаанд багтамгүй таамаг бий.

Энэ сүйрэл болсон газар руу дайны өмнөх жилүүдэд дахин дөрвөнтөө экспедиц зохион байгуулсан ч Леонид Кулик фронтод амь урэгдсэний дараа 1942 онд эрэл хайгуулын ажлыг зогсоожээ. 1946 онд инженер Александр Казанцев 1928 онд Л.Куликийн экспедицид туслахаар ажиллаж явсан Виктор Сытины ярьсан зүйлээс болон Хиросима, Нагасакийг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн тухай мэдээллээс сэдэвлэн "Дэлбэрэлт" гэдэг нэртэй шинжлэх ухааны уран зөгнөлт өгүүллэг бичсэн бөгөөд энд 1908 оны уг үйл явдлыг тайлбарлахыг оролджээ. Тэрээр Тунгусын хөвчид гараг хоорондын сансрын хөлөг сүйрсэн хэмээжээ. Энэ нь олон нийтийн бодол санааны дэмжлэг хүлээн, нэг бус судлаачийн анхаарлыг шууд татсан ч зарим эрдэмтэн түүнд нь эгдүүцэн дургүйцжээ.

Гэвч XX зууны дундуур сансрын хөлгийн сэгийг эрж олохоор Тунгусын хөвч рүү хэд хэдэн хэсгийг илгээжээ. Тэдгээрийн нэгийг нь сансрын техникийн ерөнхий зохион бүтээгч Сepгей Королев зохион байгуулж бүрэлдэхүүнд нь Георгий Гречко сансарт хараахан нисээгүй байх үедээ орж ажилласан байна. Хожим нь А.Гречко тэр тухайгаа америкийн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: "Тунгуст чухам юу болсон тухай асуултад шинжлэх ухаан ойрын хэдэн арван жилд, тэр байтугай хэдэн зуун жилд ч хариулт өгч чадах эсэхийг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ дэлбэрэлтийг газрын бус гаралтай болов уу гэж бодсон. Харин сансраас бидэн рүү чухам юу нисч ирсэнийг, энэ нь солир уу, харь гаргийнхны хөлөг үү гэдгийг судлах хэрэгтэй. Олон улс төрчийн бодож буй шиг цөмийн дэлбэлэлт байсан гэдэг нь юу л бол? Үүнд би их эргэлзэж байгаа" гэжээ.

Мөн Серб гаралтай AНУ-ын cyyт зохион бүтээгч Никола Тесла yтacгүйгээр цахилгаан эрчим хүчийг алсад дамжуулах алдарт туршилтаа чухам энэ эзгүй зэлүүд газрыг сонгож хийсэн гэж зарим нь үздэг. Ворденклиффын цамхаг хэмээн алдаршсан энэ өндөр сууринаас ионосферийн давхаргаар дамжуулан ертөнцийн аль ч бөөрөнд эрчим хүчийг аянгын цахилал мэт дамжуулах боломжтой хэмээн Тесла узэж байв. Гэвч дээрх аварга суурийг Тесла 1932 онд босгожээ.

Эцэст нь, Тунгусын асуудлыг судлах өнөөгийн шатанд сүүлт одны болон солирын гэсэн хоёр л хувилбар байгаа аж. Нарны системийн бүх биет сансрын бөмбөгдөлтөд байнга өртөж байдаг тул уг дэлбэрэлтийг хөрш Сарны болон бусад гаригийн гадарга, тэдгээрийн дагуулуудтай холбоотой байх гэсэн сэжиг таамаг дэвшүүлдэг байна. Тийм болохоор 1908 оны тэр үйл явдлыг Дэлхий жижиг сүүлт одтой юмуу эсвэл чулуун солиртой мөргөлдсөн байх гэсэн хувилбараар судлах нь зөв гэж үздэг байна. Аль ч талаас нь авч үзэх хангалттай олон баримт байгаа болно. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.