Цэргүүд дур мэдэн танк жолоодсон уу

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 15:06 цагт
Мэдээний зураг,

Сарын өмнө Зэвсэгт хүчний 016 дугаар ангид бүртгэлтэй “Т-72” маркийн танк Говьсүмбэр аймгийн нутагт онхолдож, Ж гэх ахлагч нас барсан талаар мэдээллэсэн. Гэвч үүнд ЗХЖШ-аас энэ хэрэгт буруутай албан тушаалтанд ямар нэгэн хариуцлага ч тооцоогүй, хэвлэлийнхэнд ч тайлбар хийгээгүй шинжээчид явсан байгаа гэсэн нэрийдлээр хэргийг нуун дарж байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр тус ангиас Дорнод болон Өмнөговь аймаг дахь Зэвсэгт хүчний ангиуд руу танк хуваарилж, хүргэж өгөхөөр байж. Гэсэн ч хуваарилагдсан танкуудын нэгнийх нь конс буюу хүчлүүрийн гэмтлийг нь засаад удаагүй байхад нь шалгаж үзэхээр танкчин нисэх зурвас дээгүүр хурдтай давхисан байна. Ийнхүү зурвасын төгсгөлд огцом эргэснээс болж онхолдсон байна. Дөрвөн хүний багтаамжтай танкны цамхаг дээр гурван хүн сууж явсан байна.  Харин их бууных нь дээр талийгаач Ж байсан гэж эх сурвалж мэдээлэв.

Уг нь танкуудыг цэргийн ангиудад хүргэж өгөх бүрэлдэхүүнийг ЗХЖШ-аас баталж, ахлагчаар нь ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа н.Ганхүүг явуулахаар болсон гэдэг. Гэтэл тухайн үед н.Ганхүү явах ёстой байсан ч тухайн өдрөө очоогүй гэнэ. Харин тэр үед цэргүүд нь дураараа танкыг асаасан байж болзошгүй юм байна. Мөн дээрх бүрэлдэхүүнд талийгаач Ж байгаагүй бөгөөд тухайн өдөр яагаад тэнд очсон нь ч одоо хүртэл тодорхойгүй хэвээр байна.

“Т-72” маркийн 50 танкийг 2010 онд ОХУ-аас Зэвсэг техник нийлүүлэх гэрээний дагуу тусламжаар авсан харьцангуй сүүлийн үеийн техник аж. Уг танкны нэг бүрийн үнэлгээ нь 1.4 сая ам.доллар аж. Хэдийгээр танк онхолдож хүний амь эрсэдсэн ч хэрэг явдлын дараа осолдсон техникийг хоёр танкын тусламжтайгаар татаж гаргасан байна. Ингээд асааж үзэхэд ямар ч хүндрэлгүй ажиллаж байжээ. Харин ослын улмаас их бууны гол төмөр гулзайсан байж болзошгүй аж. Тиймээс ОХУ-аас мэргэжилтнүүд авчирч шалгуулахаар төлөвлөсөн байж болзошгүй аж. 

 

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.