
Анх хүн үүсэхэд завсрын төрөлд буй сүнс ээжийн хэвлийд ороод эцэг, эхийн дусал цусан дахь таван махбод нэг бүртэй таталцаж нэгдэн нийлж амьт биеийг тогтооно. Тийнхүү амилаж тогтсон ураг ээжийн хэвлийд өдөр өдрөөр биежин томорсоор, эд эрхтэн бүрэн бүрдсэнээр энэ орчлонд хүн болж төрнө.
Хэсэг хугацаанд амьдарсан биеэс сэтгэл сүнс салахдаа анх таталцан нэгдэж байсан таван махбод нэг бүрчлэн түлхэлцэж, биеийн эд эрхтэн бүрээс хагацан салж одсоноор амь тасрана.
Үүнтэй адил учрал бүр бие биедээ эвсэн таталцсанаар үүснэ. Хагацал бүр бие биедээ үл нийцэн түлхэлцсэнээр салж хагацана.
Сайхан учрал жаргалыг, муухай учрал зовлонг мэдрүүлнэ. Сайхнаас хагацахад зовлонг, муухайгаас хагацахад жаргалыг мэдрэнэ.
Мөнх бус орчлонд элдэв олон янзын сайхан, муухайтай учирч, хагацана бид. Энэ бүхэн бидний өөрсдийн бие, хэл, сэтгэлээрээ үйлдсэн буян, нүглийн үйлийн үрд үүсээд байгаа юм.
Тиймээс үйлийн үрийн жам ёсыг ухаарч, сэтгэлээ гүн шархлуулалгүй, хэт хөөрлийн бус, хэт айж сандарч бус, ая эвийг нь олоод, ухаанаа төвлрүүлэн сэтгэлийн зовлон багатайгаар, тайвнаар, аль болох зөв рүү нь чиглүүлээд л туулаад байх хэрэгтэй.
Ганбаатарын Одонцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.