Ард түмний баялгийг хэдхэн хүн хүртэх гэж байна

Twitter Print
2014 оны 06-р сар 30-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Маргааш УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийнэ. Энэ удаагийн чуулганаар ашигт малтмалын тухай хуулийг батлах гэж байгаа нь олны анхаарлыг ихэд татлаа. Мөн УИХ-ын нэгдсэн чуулганаар болон байнгын хороодоор хэлэлцэгдэн батлагдах гэж байгаа хуулиудын талаар УИХ-ын бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэлэхдээ "маргааш УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийнэ. Энэ өдөр маш чухал хуулиуд эцсийн хэлэлцүүлгээр орох гэж байна. Эдгээр нь ашигт малтмалын тухай хууль, газрын тосны тухай хууль, төмөр замын бодлогын тухай хууль юм. Ялангуяа Ашигт малтмалын тухай хууль хамгийн чухал. Монгол улсын цаашдын хөгжил цэцэглэлт, баялагийн эзэд болсон ард түмэн баялагаасаа хүртэж чадах эсэхтэй холбоотой маш чухал хууль. Харамсалтай нь энэ хууль маань морин дэл дээр шийдэгдэх гэж байна. Юу гэсэн үг вэ гэвэл маш богино хугацаанд хэлэлцэгдэж, түүхий хууль болох гэж байгаа учир өнөөдөр сэтгүүлч нарт мэдээлэл хийж байна. Яагаад гэвэл маргааш чуулганы үдээс өмнөх хуралдаанд эхний хэлэлцүүлэг, үдээс хойш эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Энэ том хуулийг ингэж түргэн шуурхай гаргаж болохгүй. Үүнийг эсэргүүцэж байна. Ялангуяа бие даагчдын зөвлөлөөс Ашигт малтмалын тухай хуулин дээр өмнөх алдаагаа засая, сайжуурлья. Энэ хуулийн 5.3, 5.4, 5.5-д байгаа ард түмэн нь өөрийнхөө баялагийг худалдаж авдагаа больё гэдэг зүйл заалтыг оруулахыг хүссэн. Хөрсөн доорх баялагаа гадны улсын жишгээр үнэлдэг больё. Эдгээр зүйл заалтуудыг хэлэлцэхгүйгээр орхиж явах гэж байна. Энэ чухал заалтуудыг хэлэлцхгүй юм бол энэ хуулийг хэлэлцээд батлаад хэрэггүй.

Газрын тосны хуулиар үндсэндээ нэг компанид үйлчлэх гэж байна. “Петро чайна Дайчин тамсаг” ХХК-ны 1993 онд хийсэн гэрээ Монгол улсад ямар алдагдал авч ирсэн. Дэлхий нийтийн жишигт ард түмэн нь тавиас дээш хувийг хүртдэг. Гэтэл манай тал 24 хувийг эзэмжиж байна. Энэ байдлыг өөрчлөхийг хүссэн. Гэтэл 1993 оны гэрээг өөрчлөхгүй гэж оруулж ирж байна. Нэг компанид үйлчилдэг хууль Монгол улсад хэрэггүй. Энэ байдлаар аль ч хуулийг нь баталсан ард иргэд баялагийн эзэн болж чадахгүй учир бие даагчид энэ хаврын чуулганд оролцохгүй гэдгээ хэлье" гэсэн юм.

УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлэхдээ "манай парламентад нэг буруу жишиг тогтоод байна. Баяр наадмын өмнө ямар нэг шийдвэр гаргадаг. Энэ нь дандаа будилантай болдог. Яг л тэр зүйл өнөөдрийн УИХ-д байна. Одоогийн Ашигт малтмалын тухай хууль, газрын тосны тухай хууль олон хуулийг баярын өмнө, ард иргэдийн анхаарал сарничихсан энэ үед батлах гэж байна. Бид нар эх орны баялагийн тухай хэдхэн зүйлийг хэлсэн. Газрын тосны тухайд 50 хувиас дээш хувийг Монголчууд хүртдэг болчих, Ашигт малтмалын тухайд баялгаа үнэлье гэсэн байр суурьтай байна.

Төмөр замын тухайд зүүн чиглэл рүү өргөн цариг явах ёстой, бид хоёр гарцтай байх тал дээр хатуу байр суурьтай байна. Харин урд зүгт Таван толгой, Оюу толгой чиглэсэн нэг л зам байхад болно. Илүү байж болохгүй. Тээвэрлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлье гэвэл одоогийн байгаа замаа хоёр урсгалтай болгох хэрэгтэй" гэлээ.

Төгсгөлд нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ "бие даагчид цөөнх биш олонхийг төлөөлж байгаа гэдгээ харууллаа. Газрын тухай хуулийг буцааж татсан нь ард түмэн ямар хүчтэй гэдгээ харуулж байна. Өнөөдөр хэлэх миний гол зүйл бол УИХ-ын дарга З.Энхболд хууль зөрчиж байна. Үндсэн хуулийн цэцэд өгөхөөс өмнө тав хоногийн хугацаатай дахиж эргэж бодож үзээд хариугаа өгнө үү гэдэг бичгийг өнөөдөр явууллаа. Энд хэд хэдэн зүйл байгаа. Нэгдүгээрт УИХ-ын тухай хуулийн 11.1.6-д УИХ-д шууд хариуцан тайлангаа гаргадаг байгууллагын үйл ажиллагаанд уялдуулан зохион байгуулж тэдгээрийн үйл ажиллагаанд УИХ-аас тавих хяналтыг УИХ-ын дарга хийдэг.

Энэ ажлаа хийхгүй байна. Хоёрдугаарт 11.1.10-т бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд гишүүдэд бүх талаар дэмжлэг үзүүлдэг. Үүнийг гацааснаар бид нараар гуйлгах гээд байгаамуу. Бид сонгогчдоосоо л хараат байна. Гуравт үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн Монгол банкны ерөнхийлөгчийг яагаад өмөөрөөд байгаан гэж асууя. Гадуур ам.долларын ханшийг барьж чадахгүй алдчихлаа. Юмны үнэ тэнгэрт хадаж, ард иргэдийн амьдрал хүнд байна. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд буруутай болж таарч байна. Энэ талаар Их хурал дээр ярилцах боломж байхгүй байгаа нь З.Энхболдтой хамаатай. Ард иргэдийн амьдрал хүнд байгааг бодолцож үзэж хурдан хариугаа өгөхийг хүсэж байна" гэв.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.