Бахмут хотод ширүүн тулаан өрнөсөөр байна

Twitter Print
2023 оны 03-р сар 06-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Украины зүүн зүгийн Бахмут хотод ширүүн тулаан үргэлжилсээр байна. Бахмут хотын орлогч дарга Олександр Марченко БиБиСи Радио 4-т өгсөн ярилцлагадаа Бахмут хотын гудамжнаа тулаан өрнөж, талуудын аль аль нь олон тооны цэргээ алдаж, зэр зэвсгийн хомстолд ороод байгаа ч украинчууд хотын хяналтыг оросуудад хараахан алдаагүй байгаа гэжээ.

Бахмутыг эзлэх ажиллагааг удирдаж байгаа Оросын Вагнер хувийн цэргийн компанийн тэргүүн Евгений Пригожин өнгөрсөн бямба гарагт түүний Бахмутад тулалдаж байгаа түүний цэргүүд ухарвал Оросын Украин дахь цэргийн ажиллагаа тэр чигээрээ нурна хэмээн мэдэгдсэн ба тэрээр Оросын Батлан хамгаалахын яам Вагнерт зэр зэвсэг, хүн хүчний дэмжлэг үзүүлэхгүй байна хэмээн гомдолложээ.

Өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Е. Пригожин, "Вагнер Украинд тулалдаж байгаа Оросын армийн гол суурь. Бид дангаараа Украины армийн дийлэнхийн эсрэг дайтаж, устгаж байна." хэмээн ярьжээ.

Украины армийн командлагч Володимир Назаренко өнгөрсөн ням гарагт Киев24 сувагт өгсөн ярилцлагадаа Бахмут хотын нөхцөл байдлыг "там" хэмээн дүрсэлсэн ба Украины тал фронтын шугамаа бэхжүүлж чадсан ч Оросын цэргүүд Бахмут хотын захаар довтолсоор байгаа гэжээ. Түүний хэлснээр Оросын арми Бахмут хотод тасралтгүй цохилт үзүүлж байгаа ба мөн л Украины армийн адил сум, зэр зэвсэгний хомстолд ороод байгаа аж.

Оросын арми Бахмут хотын зүүн, хойд, өмнөд зүгийг бүслээд байгаа ба тус хотыг Украины хяналтанд байгаа бүс нутагтай холбосон ганц л зам үлдсэн гэжээ.

Америкийн шинжээчдийн үзэж байгаагаар оросуудын давшилт "удаан" байгаа учраас Оросын арми Бахмут хотыг бүхэлд нь бүслэхэд багагүй хугацаа орох аж.

Барууны шинжээчид Украины тал хүчээ сэлбэх зорилгоор Бахмут хотоос тактикийн ухралт хийнэ гэж таамаглаж байгаа ч Украины арми ухрахгүй гэдгээ онцолж, Украины зүүн бүс нутгийг хариуцсан төлөөлөгч Сергей Череватий өнгөрсөн бямба гарагт CNN сувагт өгсөн ярилцлагадаа Украины армид ухрах төлөвлөгөө байхгүй хэмээн ярьжээ.

ОХУ-ын хувьд өнгөрсөн зун Бахмут хотыг эзлэх зорилт тавьж, аажим аажмаар тус хотод ойртож ирсэн ба Е. Пригожиний ярьснаар Оросын арми өнгөрсөн 10-р сард олон мянган хоригдлуудаар эгнээгээ сэлбэснээс хойш давшилт нь идэвхжсэн хэмээн ярьжээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.