
Хэзээний сайхан бороо ороод л нэг, шиврээд л нэг байсан даа, хэнз цэцгийн дэлбээ хэдvй завандаа ч юм урган сугсраад найган ганхах дээрээ…
Газрын уудамаар дуниартан хvр хvр татаад ганган зун цагийн амьсгал хаа сайгvй тvгнэ. Танил хэдэн бяцхан болжморын ангаахай арай томроод жавьж нь шар туяа ороод юу юугvй дэгдээхэй болох төлөвтэй…
Хөдөө нутгаар хvн малын зоо тэнийгээд сайхан энэ зуны улирлыг улам гайхам болохыг хvлээгээд тааваараа жаргалтай амар амгалан аж төрцгөөн буй.
Хаа сайгvй тvрэлхэн өндөлзөх өвс цэцгийн шим шvvс төгс бvрдэхийн мөн vед Монгол газрын цэнгэлийн манлай эрийн гурван наадмын сураг ажиг энд тэндээс цухалзсаар…
Туурга тусгаар Монголын төрийн их баяр цэнгэл Наадмын тухай сэдэв бол манай орны уран зохиолын нэн сонирхолтой сэдвvvдийн нэг юм. Тэр дундаа сумын наадмын тухай олон зохиолч уран бvтээлээ туурвисан нь яахын аргагvй зон олны маань таашаалд зvй ёсоор нийцэж сэтгэлийнх нь торгон утсыг ямагт хөндсөөр байдаг билээ.
Хүсэн хүлээсээр наадмын өдөр ирж дэнж дүүрэн бүрхэх нутгийн олны дунд ороход тэнгэрийн орноо заларсан домогт яруу найрагч бичгийн их хvмvvн Дэндэвийн Пvрэвдоржийн нэгэн алдартай шvлэг баяр наадмын өглөө ирэхэд зурсхийн орж ирдэгсэн.
Тэнгэрлэг агаад энгийн сайхан энэ найрагчийн Монгол хvмvvн бидэнд хийгээд дэлхийн соёлт хvн төрөлхтөнд vлдээсэн уран бvтээлийн гайхалтай өвийнх нь зөвхөн нэг нь энэ бvтээл юм. Энэ шvлэгт олон хөгжмийн зохиолч аялгуу тааруулсан байдгийг энд бас дурьдсуу…
Сумын наадам
Суусрын гvйдэл салхи шанхаар наадан сэвэлзснээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу.
Дурлал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Дугараг цагаан царайгаар наран дороос мишээв vv
Дулаан амьсгалд асаалгvй бас л дахин зовоохоор
Дун цагаан шvдээр наадамч дундаас инээв vv.
Хайр гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хайлган цайлган сэтгэлтэй хvний vртэй учруулав уу
Халуун дэрний хавьд бас л дахин зовоохоор
Хадамд очсон бэртэй хvнээс далдуур уулзуулав уу.
Хvсэл гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Хvvхэн ялдам хонгорын ангир цээжийг тvшvvлэв vv
Хvний хvнтэй дасгаж бас л дахин зовоохоор
Хvрэн шандан тэрлэгний суман хормой шvргvvлэв vv.
Учрал гээч нь намайг бас л дахин жаргаахаар
Уруулын халуун амсраар зvрхний балыг шимvvлэв vv
Уураг цээжний хагацалд бас л дахин зовоохоор
Улаан чулуун бэлзэг ядам хуруунд зvvлгэв vv.
Борви нугалах хэвтэргvй борхон туулай хөөрхий
Бохирон жиргэх мөчиргvй болжмор шувуу хөөрхий
Болъё гээд болохгvй богинохон заяа хөөрхий
Больё гээд болихгvй борхон зvрх минь хөөрхий.
Суусрын гvйдэл салхи шанхаар наадан сэвэлзснээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу.
Эл бvтээлээ найрагч 1963 онд туурвижээ. Миний уужим эх орны дөрвөн зvг найман зовхист буй бvхий л сумын наадам жилийн жилд болдгоороо болно. Сумын наадмын чимэг дундаас суран жолоо атгасан өнгийн цэцэг ургадгаараа ургасаар…
Он цагийг гаталж шvр сувдан vгээр хэлхсэн, шvлгэн эрхи улам ч тодорсоор…
Бороо ороод л, ороод л байх нь сайхан. Бороо орох тусам, тэр тусмаа наадам сайхан болдог. Бага цагт сан…
Ах маань сумын наадамд сойхоор морьдоо барина. Морь барих гэж бөөн ажил болдог сон. Манай адуу догшин гэж жигтэйхэн.
Манайх хэдийгээр аймгийн төвийн айл боловч, өвгөдийн vлдээсэн хэдэн мал хөдөө суманд байх… Бид зуны амралтаараа тэдгээр буянт сvргийг адгуулан их л сайхан өнгөрvvлдэг байлаа. Бvр дээр цагт аав минь сэрvvн ахуйдаа сумын наадамд өөрөө барилдан тvрvvлдэг, хурдан морины уралдаанд уясан морь нь тvрvvлдэг байсан тухай өвгөд одоо ч хуучилсаар… Аавын минь нутаг хошуундаа алдартай сумандаа 11 жил тvрvvлж айрагдсан хурдан цагаан морины тухай Монголын гуурст морины домог хэмээх номонд нэгэн гоё өгvvлэл бичигдсэн байдаг юм.
Ах морьдоо бариад уяж, сойх ажлыг нь дvv бид хоёр ахын заавраар хичээнгvйлэн гvйцэтгэнэ.
Манай сумын төв Монгол улсын хамгийн өндөр цэгт оршдог сумын төв билээ. Монгол Алтайн нурууг дамнан, нvvдэллэн амьдарцгаадаг гэсэн vг л дээ Ховд аймгийн Дуут сумынхан.
Ууланд өвс тачирхан ургана. Сөл шимийн хувьд гойд. Манайхны хурдан хvлгийн уяа сойлго ч бусад газраас өөр…
Нутгийн уяачид хурдан морьдоо адгуулан өндөр уулын өвстэй өлхөн газраар голдуу арав гаран хоног хоноглоцгооно. Өлхөн гэдэг нь хунгар их цас тогтдог, тэр нь хавар хайлаад шигvv борог өвс ургадаг тийм газар билээ. Хөх давын дээд өлхөнд дан майханд хоноод өглөө эрт сойсон морьдоо авахаар дөхөхөд хамар хоолойн гуурсаа тачигнуулан байдаг сан, манай адуу.
Бага дөрвөн насанд манай морьд баараггvй тvрvvлж айрагдана. Дvv Б.Нэргүй маань бvх насны морьд унаж уралдана. Нээгий дvvгийн унасан бvх морьд айрагдаж тvрvvлдэг сэн…Уяач ах нар манай дvvгээр морио унуулахын тvмэн хvслэн болдог сон…
Уясан эзэн, унасан хvvхэд, хурсан олноо уйлуулдаг Монгол наадмын морьд оо гэж…
Сумын наадмын тухай яриа дараа жилийн сумын наадам болтол vргэлжилнэ. Наадмаас наадмын хооронд наадмын тухай ярьцгаан аж төрдөг хөдөө суманд нэг л тийм жаргалтай хөг аялгуу эгшиглэн байх мэт санагддаг юм. Зон олны минь цэнгэл өөдлөн дэвжихийн хvсэл тэмvvлэл хийгээд Монголын төрт ёсны уламжлалт баяр наадам нь тэр жилийнхээ өнгийг тодорхойлж байдаг нь учиртай…
Жил болгон улсын баяр наадам дөхөөд ирэхээр сумын наадамд оролцож явсан, сумын наадам болж өнгөрсөн тэрхvv жилvvдийг би дурсан санагалздаг юм.
Унасан газар, угаасан ус хийгээд сайн сайхан дурсамж бvрээ тээн хадгалсаар он жилvvдийг бид vддэг сэн бус уу…
Энэ шvлгийг би ноднингийн улсын наадмын өмнөх өдрvvдэд, сумын наадмын тухай дурсан санах vедээ бичсэн сэн. Yvгээрээ ч энэ шvлэг сумын наадамтай холбогдоно. Та таалан соёрхож ажаамуу…
Хөх давд төрсөн бодол
Орчлон ертөнцийг бvvвэйлнэ
Хөх давын өлхөнд хэвтээд
Орчлон ертөнцийг мартнам
Зуур зуурхан мөрөөдлөө
Хад хаданд тараагаад
Зуны шөнө орь ганцаар
Салхи залгилан, залгилнам
Шир.. шир чимээ
Шинэ.. шинэ уянга мэт
Сойсон морьдын зvгээс
Шувуу дэрхийн ниснэ…
Yрээ мэт онгодыг
Бугуйлдан барьж тогтоогоод
Yг бvрээн цэгцлэх гэдэг
Юутай ч жишимгvй жаргал байнам
Энэ л энгэрт унасан бvхний
Энэлэн шаналанг таашгvй ч
Ер бусын нэгэн зvйл
Намайг дуудан дууднам…
Хаяанд ирсэн наадмын зvг
Хөх бэлчирийн гол шөнөжин шогшино
Хачин гvн сансарлаг буйдад
Хажууханд шир… шир…
Өндөр уулсын орны тэгш өндөрлөг газруудыг дамнан орших уралдааны замаар хурдан хvлэг морин янцгаан давхиж ирдэг сэн…
Хурсан олон наадамчдын дундаас сэтгэл уяруу уяач сааралтсан хоолойгоор гийнгоолох нь сонсогддог сон…
Итгэлт хvлэг нь эзнийхээ дууг сонсоод цуцсан хөл нь чангарч улам улам хvчээ шавхсаар барианд тvрvvлэн орж ирдэг сэн…
Унасан золбоотой хvvхэд нь морин дэл дээр асаасан хийморийн дарцаг мэт бадарсаар нисэн нисэн хvрч ирдэг сэн…
Хол саахалтын зайтай ирлээ гэх зэргээр тvмэн зvйлийн хөг авиагаар шаагин шуугин хэлэлцэхэд нь сансар огторгуйгаас хэн нэгэн ирэх шиг сонихон агаад гайхам хөөр баярт автдаг сан…
Оръяас овогт МӨНГӨНХҮҮГИЙН ОТГОНБАЯР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.