
Сагсан бөмбөгийн спортын домог болсон Майкл Жорданы 1985 онд өмсч байсан өөрийнх нь гарын үсэгтэй пүүз цахим дуудлага худалдаагаар 560 мянган ам.доллараар зарагджээ.
Майкл Жорданы ҮСБХ-ны Чикаго Буллс багийн бүрэлдэхүүнд тоглосон анхны улирлын тоглолтууд дээр өмсч байсан Nike Air Jordan 1 загварын пүүз Сотбисийн дуудлага худалдаагаар урьдчилсан байдлаар 100-150 мянган ам. долларын үнэд хүрэх төлөвтэй байсан аж. Өмнө нь Nike компанийн 1972 оны Олимпийн наадамд зориулан гаргасан Moon Shoes 437 500 ам. доллараар зарагдаж рекорд тогтоож байсан билээ.
Сотбисийн дуудлага худалдаагаар зарагдсан Air Jordan 1 пүүзийг Лас Вегас дахь Шүзеум пүүзний цуглуулга бүхий музейг үүсгэн байгуулсан Жордан Геллер эзэмшиж байсан аж. Майкл Жорданы Nike Air Jordan 1 пүүзний зүүн хөлийнх нь гутлын хэмжээ 13, барууных нь 13.5 хэмжээтэй байжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.