Алма-Ата хот, Мангыстау мужид онц байдлын дэглэм тогтоолоо

Twitter Print
2022 оны 01-р сар 05-нд 10:14 цагт
Мэдээний зураг,

Казахстан Улсад шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй гарсан иргэдийн бослого ноцтой байдалд хүрч, өргөн хүрээний баривчлагаа явагдсанд дургүйцсэн ард иргэд улам бүр босох төлөвтэй болсон тул Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газраа тараалаа.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдөр засгийн газрыг огцруулах тогтоолд гарын үсэг зуржээ. Казахстаны Ерөнхийлөгчийн албан ёсны сайтад нийтлэгдсэн уг тогтоолд, "Бүгд Найрамдах Казахстан Улсын үндсэн хуулийн 70-д зааснаар Бүгд Найрамдах Казахстан Улсын засгийн газрыг огцруулж байна. Казахстаны Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Смаилов Алихан Асхановичийг томилж байна." гэж бичжээ.

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Казахстанд хийн түлшний үнийг буулгахыг шаардсан иргэдийн жагсаал үргэлжилж байгаатай холбоотойгоор тус улсын эрх баригчид Алма-Ата хот болон Мангыстау мужид энэ сарын 5-наас 19 хүртэл онц байдал зарлажээ.

Алматы хотын захиргааны байрыг цэргүүд хөнгөн байлдааны техник, хуягт тээвэрлэгчээр бүслэн хааж, бүслэн хамгаалалтад цэргийн дүрэмт хувцастай, зэвсэггүй, харин сум үл нэвтрэх хантаазтай албан хаагчид зогсож байна.

Казахстаны баруун хойд зүгт байрлах Актоба хотод хийн түлшний үнийг буулгахыг шаардан иргэд автомашинтайгаа жагсчээ.

Иргэд хийн түлшний үнийг 120 тенгегээс 50 тенге болтол бууруулахыг шаардахаас гадна жагсаал цуглааны үеэр Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевыг улс төрөөс явахыг шаардсан уриа лоозон ч сонсогдож байна.

Нийгмийн сүлжээгээр иргэд Актоба болон Алма-Ата хотуудад олон тооны жагсаал цуглаан болж байгаа тухай бичиж байна. Нур-Султан хотын иргэд мөн гудамжнаа гарч жагссан байна.

Түүнчлэн Атырау, Уральск, Шымкент, Талдыкорган, Кызылордад олон мянган иргэд жагсаал цуглаанд нэгджээ. Караганда хотод иргэд сонгууль шударга явагдах ёстойг онцолж, одоогийн засгийн газрыг огцрохыг шаардсан байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн явдал Актобе, Атырау болон Тараз хотуудад гарчээ.

Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев жагсагчдыг нийгмийн эв нэгдэл, тогтвортой байдлыг үгүй хийх сонирхолтой хүчнүүдийн өдөөн хатгалтанд автахгүй байхыг уриалж, жагсагчдын шаардлагыг энэ лхагва гарагт хэлэлцэнэ хэмээн амлажээ.

1-р сарын 1-нээс Казахстанд хийн түлшний үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор Жанаозенд эхэлсэн иргэдийн жагсаал цуглааны цар хүрээ тэлэгдэн Казахстаны бусад хот тосгодод мөн иргэд түлшний үнийг бууруулахыг шаардан жагсч байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар иргэдийн жагсаал цуглаан эхэлснээс хойш цагдаа нар ойролцоогоор 100 хүнийг баривчилжээ. Алма-Атад хотын төв талбайг цагдаагийн хамгаалалтанд авчээ.

Онц байдал зарласантай холбоотойгоор Алма-Атад оройны 11 цагаас өглөөний 7 цаг хүртэл хөл хорио тогтоосон ба иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон, бичиг баримтыг нь шалгаж, галт зэвсгүүдийг нь хураажээ.

Эх сурвалж: golodameriki.com

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.