
Францын Ницца хотын сүм рүү хутгатай халдаж, 3 хүний аминд хүрсэн этгээд Тунис улсаас хэдхэн өдрийн өмнө цагаачилж ирсэн байжээ.
Халдлагыг үйлдсэн 21 настай этгээд нь Италийн Лампедуза арал дээр дүрвэгсдийн завиар өнгөрсөн сард ирсэн байсан ба түүнийг Италийн Улаан загалмайн нийгэмлэгт бүртгэсэн байжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ницца хотын сүмд гарсан халдлагыг "лалын алан хядах ажиллагаа" хэмээн тодорхойлсон байна. Тэрээр олон нийтийн газрууд, тэр дундаа сургуулиуд болон сүмүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтанд гарсан цагдаагийн албан хаагчдын тоог 7000 хүртэл нэмэгдүүлж, Франц даяар аюулгүй байдлын хамгийн дээд түвшинг зарлаад байна.
Францын Терроризмтай тэмцэх албаны прокурорын мэдээлснээр хэргийн газарт очсон цагдаа нар гэмт этгээдийг буудан шархдуулж, баривчилсан байна. Энэ сарын эхээр Францын нийслэл Парис хотын захад дунд сургуулийн багшийг хичээл дээрээ сурагчдад лалын шашинг үндэслэгч Мухаммедийг шог байдлаар дүрсэлсэн зураг үзүүлсэнийх нь төлөө амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Уг хэрэг гарсаны дараа Ерөнхийлөгч Э. Макрон нэг шашныг онцлон иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж боогдуулахгүй хэмээн мэдэгдсэн нь лалын шашинтай орнуудын бухимдлыг төрүүлсэн юм. Францын Ницца хотод болсон халдлагаас гадна өнгөрсөн пүрэв гарагт Францын Авиньон хотод буутай этгээд цагдаа нарыг заналхийлж, сүрдүүлсэн хэрэг, Саудын Арабын Жедда хотод байрлах Францын консулын газрын хамгаалагч руу зэвсэгтэй этгээд халдсан зэрэг хэргүүд тус тус гарсан байна.
4 жилийн өмнө Ницца хотод Бастилийг эзэлсний ойн баяр тэмдэглэж байсан хүмүүсийг ачааны машинаар дайрч, 86 хүний аминд хүрсэн хэрэг гарч байсан юм. Тус хэргийг үйлдсэн этгээд нь мөн л Тунис улсын иргэн байсан билээ. Европын холбооны улс орнууд, АНУ, Турк, Египт, Катар, Ливан зэрэг улс орнууд Францад гарсан халдлагыг буруушааж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.