Засуул төрийн эрэлд

Twitter Print
2014 оны 06-р сар 28-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Монгол түмэн дэлхийд юугаараа танигддаг вэ? гэсэн асуултын хариу их энгийн байх боломжтой. Чингисийн их байлдан дагуулал, онгон зэрлэг байгаль, хагас нүүдлийн соёл, уул уурхайн асар их баялаг гэх зэрэг. Гэвч сүүлийн үед энэ жижиг үндэстнээс дэлхийн урлаг, спортын тавцанд олон залуу авьяастнууд хүч түрэн гарч ирэх болсон билээ. Энгийн жишээ авахад нэг хүнд оногдох олимпийн наадмаар тухайн цагтаа БНМАУ өөрийн их ах ЗХУ-аас дутахааргүй сайн байв. Сүүлийн жилүүдэд ч тэр нэг хүнд оногдох олимпийн алтан медалийн тоогоороо дэлхийд эхний гуравдугаарт бичигдэж буй юм.

Бостон Баллетын гоцлол бүжигчин Монгол залуу Нью-Йоркийн сонгодог урлагийн тайзнаа өөрийн өнгө төрхийг нэмж буй бол, Москва хотноо зохиогдсон дэлхийд алдартай олон улсын дуурийн дуулаачдын ээлжит тэмцээнд 200 шилдэгүүд өрсөлдсөнөөс Монгол бүсгүй түрүүг нь авч байлаа. Өсвөрийн математикчдын олимпиадад ч, эсвэл шатарчдын уралдаанд ч тэр өсвөр насныхан маань айрагдсан дуулдаж л байдаг.

Эндээс үзэхэд Монгол авьяас дэлхийн тавцанд гологдохооргүй байна. Онцлог нь эдгээр нь бүгд л хувь хүний авьяас, мөн хүчин зүтгэлээс хамаарч буй юм. Мэдээж авъястнуудын маань ард буй багш, дасгалжуулагч  нарын хөдөлмөрийг энд дурьдах нь зүйтэй. Гэвч багаар тоглодог спорт, багийн ажиллагаанаас бүрддэг бизнесийн салбарт Монголчууд төдийлөн сайнгүй. Өөрөөр хэлбэл, авьяаслаг Монголчууд маань багаараа, компаниараа эсвэл нийгэм, нийтээрээ хамтарч ажиллах болохоор л үзүүлэх амжилтын чимээ нь бүдгэрээд байх шиг. Монгол ухаанаар “хахаж цацаж”, “ханхалж” байдаг улс төрчдийн маань бодлогын чадавхи ч  тийм сайн биш гэж хувийн хэвшлийнхэн маань үздэгийг Дэлхийн банк, Дэлхийн өрсөлдөх чадварын төв, Дэлхий эдийн засгийн чуулга (Давосын форум)  зэрэг байгууллагуудын судалгаанаас бэлхэн харж болно.    

Дэлхийн эдийн засгийн тавцанд Монголчууд түүхий эдийн супер нийлүүлэгч буюу тоглогч болон гарч ирлээ. Энэ нь гэхдээ Монголын эдийн засагчид, улс төрчид, бизнесийнхэн сайндаа гэсэн үг бол мэдээж биш. Харин эцэг өвгөдөөс үлдэж ирсэн газар шороо, байгалийн хэвлийн үүцийг нээсэн хэрэг.

Манайхтай адил жижиг үндэстнүүд биднээс дутахгүй сайхан амьдарч, санхүү, шинжлэх ухааны салбараа хөгжүүлж өөрсдийгөө тэжээж байна. Тодорхой хэлбэл төр нь эдгээр салбарт бизнес эрхэлж буй компаниудаа зориуд дэмждэг юм. Тэдэнд зориулж боловсролтой ажилтнуудыг нь бэлдэж өгнө, тэдэнд зориулж зам барьж өгнө, ажлын байр бий болгох юм бол урамшуулж татварын хөнгөлөлт үзүүлнэ, гадаадын ижил төстэй компаниудтай “олон улсын рингэнд зодолдох” -д нь ил далдаар дэмжинэ. Америкийн капитализмын билэг тэмдэг болсон Женерал Моторсыг ид мандаж байх үед “ЖМ-д сайн бол тэр нь АНУ-д ч сайн” гэсэн утга бүхий уриа хүртэл гарч байжээ.

Гэтэл Монголд байдал өөр. Гадныхантай өрсөлдөх нь бүү хэл дотроо ажлын байр бий болгох гэж ядаж буй хувийнхныг төр нь дэмжих гээд байгаа ч юм шиг, дарамтлах гээд байгаа ч юм шиг. Төрийн үндсэн үүрэг болсон нам инфляци, эрх зүйн  тогтвортой орчин, боловсролын чанар, дэд бүтэц эд нар нь ч социалист, капиталист чиг баримжаатай нь ялгарахгүй болжээ.

Нөөц баялаг нь улам бүр багасч буй дэлхий ертөнц дээр мэдлэг, хүн, нөөцийн төлөө ширүүн өрсөлдөөнөөр тодорхойлогдох цоо шинэ энэ цаг үед, Монголын эдийн засаг “зэсийн засаглал”-ын ноёрхолоос “зэс-нүүрсний засаглал”-ын ноёрхол руу аажмаар шилжиж байна.  

Уул уурхайн компаниуд ашигтай ажиллах хирээр чадалтай боловсон хүчнийг бүхий л салбараас “ховх сорох” болов. Өндөр цалин, байр, унааны тааламжтай  нөхцөл амлах замаар банк, аялал жуулчлал гэх зэрэг үйлчилгээний салбаруудын ажилтнуудыг өөртөө урвуулах боллоо.

Уул уурхайн салбарын экспортын орлогоос үүдэн төгрөгийн ханш чангарч байна. Энэ нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортонд гаргадаг, эсвэл гадны жуулчдаас гадаад валютаар орлогоо олдог компаниудын хувьд туйлын таагүй байдал үүсгэх боломжтой. Учир нь орох орлогоо өндөр ханшаар тооцсон үед гадаад валютын ялангуяа ам.долларын ханш унах нь тэдний ашигт сөргөөр нөлөөлөх юм.  

Уул уурхайн бус салбарынхны хувьд ийнхүү зардал өсч, ашиг буурах үзэгдлийг Голланд өвчин гэдэг. Зүйрлэвэл айлын хотонд хэдэн том биетэй тэмээ орж ирээд тэнд байсан бог малыг хөөж гаргаснаас өөрцгүй.

Энэ нөхцөлд төрийн үүрэг ямар байх вэ? Эдийн засаг дахь төрийн оролцоо ямар байх ёстой вэ?

Бид уул уурхайн бус салбаруудаа хэрхэн олон улсын зах зээлд бэлдэх талаар анхаарах ёстой. Эдгээр салбарт ажиллахаар очиж буй төгсөгчдийн мэдлэг, чанар олон улсын шаардлагыг хангахуйц байж энэ өөрчлөлт хийгдэнэ. Харин энэ талаар төрийн оролцоо тун болхи хэвээр байгаа юм. Улсын нэртэй хэдэн их дээд сургуулиудын удирдах зөвлөлд тэр чигээрээ улс төрчид суухыг өнөөдөр бид төрийн сайн оролцоо гэж хараад дасчихаж. Гэтэл хааяа хэдэн хүүхэд шахахаас өөр ид шидгүй, хуралдаа ирж шийдвэрээ гаргаж өгдөггүй тэдгээр улс төрчдөөс болж их дээд сургуулиудад хийгдэх ёстой реформ хийгдэж чадахгүй байна. Хөшүүн удирдлагын тогтолцооноосоо болж их дээд сургуулиудын бүтээгдэхүүнүүд зах зээлийн эрэлтийг хангахуйц уян хатан байж чадахгүй байна.

Гадаад ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Монгол Улс ч гэсэн хувийн хэвшлийнхний шургуу хөдөлмөрөөр нүүр царайгаа алгуур өөрчилж, байгалийн хэвлийд биш, хүний овсгоо самбаандаа найдаж хөгждөг орон болох замдаа улгуур гулссаар буй юм. Гэвч бидэнд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн зах зээлд төр өөрөө биш, харин хувийн хэвшлийнхэн өрсөлдөнө. Хувийн хэвшлийнхэн маань дэлхий дэвжээнд зодоглохоор дэвж буй бөхчүүд билээ. Харин төр маань ердөө л бөхийн  засуул юм. Хясуул биш Засуул төр олсон цагт Монголчууд бид “зэсийн засаглал”-аас “зах зээлийн засаглал” руу шилжсэн гэж хэлэх эрхтэй болох билээ.

Ч. Отгочулуу

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.