Соёмбо үсгийн тухай

Twitter Print
2023 оны 02-р сар 13-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

Соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг юм. 

Энэ нь 17-р зууны үед болон 1911-1912 онд манжийн эсрэг үндэсний тусгаар тоггнолын төлөө тэмцэгчид, 1921 оны ардын хувьсгалын партизан цэргүүдийн төдийгүй өнөөгийн Монголын ард түмний хүсэл зоригийг илтгэн Монгол улсын туг, төрийн сүлдэн дээр мандсаар байгаа билээ. 

Соёмбо нь анх 1686 онд өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхний үсэг юм. Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэглэдэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм. Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид мандан бадрахын бэлэгдэл болдог.

Соёмбын доторх хоёр гурвалжин нь жад, сумны гилбирийг дүрсэлсэн бөгөөд үзүүрийг нь доош хандуулсан нь дайсныг дарах гэсэн утгатай юм. Соёмбын төвд буй хоёр загас нь арга, билэг буюу эр, эм гэсэн утга бөгөөд хүн ард эрэгтэй эмэггэй ялгалгүй цөм өндөр сонор сэрэмжтэй байж, өсч үржин, улс орноо цэцэглүүлнэ гэсэн утга агуулдаг. Загасны дээр доор байгаа тэгш өнцөгт нь шулуун шударга, журамтай гэсэн утгатай бөгөөд хүн бүхэн Монгол улсынхаа төлөө цэх шударга нэгэн үзүүрт сэтгэл зүтгэлээр хүчээ өгтүгэй гэсэн санаа юм. Соёмбын хоёр хажуугийн босоо тэгш өнцөгт нь эртний бичгийн зүйлд хэрмийг дүрсэлсэн тэмдэг бөгөөд бүх ард түмэн эв санаа нэггэй болбоос ган хэрмээс ч бат бэх гэсэн ардын цэцэн бэлгэдлийг илэрхийлжээ.

Ийнхүү Монголчуудын эрхэмлэн хүндэтгэдэг бэлгэ төгөлдөр Соёмбо тэмдэг бол Монголчууд бид бүхэн гал мэт мандан бадарч, Наран, Саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаалья гэсэн гүн утгатай юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.