Ангела Меркель коронавирусын эсрэг хоёр өөр вакцин хийлгэжээ

Twitter Print
2021 оны 06-р сар 23-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель коронавирусын эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ. Тэрээр өнгөрсөн 4-р сард AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины эхний тунга хийлгэсэн бол хоёр дахь тунгаараа АНУ-ын Moderna компанийн вакциныг сонгон хийлгэсэн байна.

Өнгөрсөн 4-р сард канцлер Ангела Меркелийн хэвлэлийн нарийн бичгийн дарга 66 настай Ангела Меркелийн коронавирусын эсрэг вакцины эхний тунгаа хийлгэснийг батлах сертификатыг твиттер хуудаснаа нийтэлж байсан юм. Зарим мэргэжилтнүүд коронавирусын эсрэг вакцинд хамрагдахдаа хоёр өөр компанийн вакциныг сонгож тариулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн 3-р сард AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцин тариулсан иргэдийн дунд судсанд бөглөрөл үүсэх тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор ХБНГУ Европын хэд хэдэн орны хамтаар тус компанийн вакциныг хэрэглэхээ зогсоож байсан юм.

Германы Дойче Велле сувгаар мэдээлснээр Германы эрх баригчид AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакциныг 60-аас дээш насныханд хийхийг хориглоод байсан ч ойрыэ хугацаанд тус вакциныг насанд хүрсэн бүх хүмүүст хийхийг зөвшөөрөх шийдвэр гаргахаар төлөвлөжээ.

Германд коронавирусын эсрэг дархлаажуулах ажил удаашралтай эхэлсэн ч сүүлийн долоо хоногуудад идэвхжээд байна. Өнөөдрийн байдлаар Германы хүн амын талаас илүү хувь нь коронавирусын эсрэг вакцины эхний тундаа хамрагджээ. Коронавирусын эсрэг вакциныг хольж хийх тухай хэд хэдэн судалгаа явагдаад байгаа ба Их Британийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар AstraZeneca болон Pfizer компаниудын вакциныг хольж тариулсан иргэдэд хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрч байгаа нь тогтоогджээ.

Эрдэмтэд хоёр өөр төрлийн вакциныг хольж хийлгэх нь илүү удаан хугацаанд дархлаа үүсгэж, коронавирусын шинэ хувилбаруудын халдвараас хамгаалж чадна гэж үзэж байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр зарим улс орнууд коронавирусын эсрэг вакцины хомсдол болон вакцины үр дүнг сайжруулахын тулд иргэддээ хоёр өөр компанийн коронавирусын эсрэг вакцин хийхээр төлөвлөөд байгаа аж.

Канадын Онтарио болон Квебек мужууд AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакцины нийлүүлэлтийн хугацаа тодорхой бус, мөн тус компанийн вакциныг тариулсан иргэдэд ховор төрлийн цусны бөглөрөл үүсэх гаж нөлөө илэрсэнтэй холбоотойгоор ойрын хугацаанд иргэддээ хоёр өөр компанийн коронавирусын эсрэг вакциныг хольж хийхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-europe

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.