Үүрэн телефоны хэрэглэгчдийн 44 хувь нь оператор компаниа солиход бэлэн гэнэ

Twitter Print
2014 оны 06-р сар 28-нд 17:21 цагт
Мэдээний зураг,

Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдрийн /2014.06.26/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн энэ төсөлд хэрэглэгч үүрэн утасны оператор компаниа сольсон ч дугаараа солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглах харилцааг зохицуулахаар тусгажээ.

1990-ээд оны дунд үеэс дугаартайгаа шилжих үйлчилгээг дэлхийн улс орнууд үүрэн болон суурин холбооны зах зээлд нэвтрүүлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд 2013 оны байдлаар 78 улс тус үйлчилгээг нэвтрүүлээд байгаа хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хуулийн төслийг танилцуулах үеэр хэлсэн.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлэх зорилго нь хэрэглэгчдэд дугаараа хадгалан үйлчилгээ эрхлэгчийг сонгох боломжийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг зөв хэлбэрээр нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна.

Тухайлбал, үүрэн холбооны оператор компаниуд нь хэрэглэгчээ дугаараар нь барьж тогтоох, дугаарын үнэ цэнийг хий хөөрөгдөх, үнэ тарифын хямдралаар өрсөлдөх бус үйлчилгээний чанар, сүлжээний хамрах хүрээ,түүний найдвартай байдал, контентийн тоо, төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн хүсэл, таашаалд нийцсэн үйлчилгээг үзүүлэх, шинээр гарч ирж буй техник технологийн дэвшлийг цаг алдалгүй нэвтрүүлэх замаар шударга, үр ашигтай өрсөлдөх нөхцөл бүрддэг аж.

Олон улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нийт хэрэглэгчдийн 5 хувиас дээш хэсэг нь хэрэглэсэн тохиолдолд үр ашигтай гэж үздэг бол Монгол Улсад дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор түүврийн аргаар хэрэглэгчдээс санал асуулга авч, судалгаа хийж үзэхэд нийт хэрэглэгчдийн 33.5 хувь, түүний дотроос давамгайлагч операторын хэрэглэгчдийн 44 хувь дугаартайгаа шилжих үйлчилгээг ашиглан оператороо солих шийдвэр гаргахад одоогоор бэлэн байгаагаа илэрхийлжээ. Эдийн засгийн байнгын хороо энэ төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг үдээс хойшхи хуралдаанаар явуулахаар болон үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.