Гэрэлт шонхор Финист /Орос ардын үлгэр/

Twitter Print
2017 оны 10-р сар 16-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Нэгэн тариачин байжээ. Эхнэр нь нас барж гурван охинтой үлджээ. Өвгөн хөлсний хүн авч гэр орны ажилдаа туслуулах гэсэн  боловч  бага охин Марьюшка нь,

-Эцэг минь, гаднын хүн авч ажиллуулаад юүхэв, гадаа гэр дэх ажлаа би амжуулаад байна гэжээ. За тэгээд охин Марьюшка нь гэр орныхоо бүх ажлыг хийх болов гэнэ. Бага охинд нь чадахгүй хийхгүй юм гэж алга байлаа, сайн ч хийнэ, хурдан ч хийнэ гэнэ.

Ийм ухаантай ажилсаг охин өсөж байгаад эцэг нь баярлан. Марьюшкадаа их л хайртай байдаг байжээ. Марьюшка бас үзэсгэлэнтэй гоо сайхан охин гэнэ. Атаархан хорсогч хоёр эгч нь өнгө үзэмж муутай гэнэ, өдөржингөө зүгээр сууж эрх биеэ янзалж элдэв хувцас өмсдөг гэнэ.

Ховдог хоёр эгчид нь ямар ч бошинз бошинз биш, ямар гутал гутал биш, ямар ч алчуур алчуур биш гэнэ. Нэг удаа эцэг нь зах явах болж охидоосоо,

-Хайртай гурван охин минь, дуртай бэлгээ захиарай гэж гэнэ. Том дунд хоёр охин нь, Алтан утсаар хатгасан алаг том цэцэгтэй алчуур авчирч өгөөрэй гэв. Харин Марьюшка дув дуугүй зогсоно.

-Охин минь, чамд юу авчрах вэ? гэж эцэг нь дахин асуухад Марьюшка,

-Эцэг минь, та надад гэрэлт шонхор Финистийн ганцхан өд авчирч өгөөч гэжээ.

Эцэг захаас эргэж ирэв, их дунд охиддоо алчуур авчрав. Харин өд олсонгүй ажээ. Дараа нэг удаа эцэг бас л зах явах болж,

-Хайртай охид минь, дуртай юмаа захиарай! гэв. Том дунд хоёр охин нь баярлан,

-Мөнгөн тахтай хөнгөн сайхан гутал авчирч өгөөрэй гэж гэнэ.

-Эцэг минь, та надад гэрэлт шонхор Финистийн ганцхан өд авчирч өгөөрэй! гэж Марьюшка захиж гэнэ. Эцэг өдөржингөө яваад өд олсонгүй, мөнгөн тахтай хөнгөн гутал л олжээ. Тэгээд өдгүй буцаж ирлээ. Гурав дахь удаагаа өвгөн зах явахад хоёр том охин нь торгон бошинз захижээ. Марьюшка дахиад л,

-Эцэг минь, гэрэлт шонхор Финистийн ганц өд авчирч өгөөрэй гэв. Өдөржингөө эцэг зах дээгүүр яваад өд сөдийг олсонгүй гэнэ. Тэгээд хотоос гараад явж байсан өөдөөс нь нэг хөгшөөн өвөө явж харагдана гэнэ.

-Амар сайн уу, өвөө!

-Амар сайн уу, хүү минь! Хаанаас хаа хүрч явна даа?

-Харьж явнаа, харин гаслантай зовлонтой явна даа. Бага охин минь гэрэлт шонхор Финистийн ганц өд захисан би олсонгүй.

-Нандигнан хадгалдаг нэг өд надад бий, сайн хүнд харамгүй өгнө. Тэгээд өврөөсөө нэг өд гарган өгсөн нь энгийн нэгэн өд аж. Марьюшка энэ өдний юунд нь дурласан юм бол доо гэж тариачин харих замдаа бодов. Өвгөн охиддоо бэлгээ өгөхөд том дунд хоёр охин нь шинэ хувцсаа өмсөн үзэж бас Марьюшкаг шоолон хөхрөлдөнө.

-Ээх тэнэг минь, тэнэг минь, энэ өдөө үсэндээ зүүгээд гоё доо! гэцгээнэ. Марьюшка юу ч хэлсэнгүй холдон яваад шөнө болж цөм хүн унтсаны дараа өдөө шалан дээр тавиад шивгэнэн,

-Гэрэлт шонхор Финист минь, хүсэн хүлээсэн нөхөр минь хүрээд ирээч! гэв. Тэгтэл үгээр хэлшгүй үзэсгэлэнтэй сайхан залуу бий болж гэнэ. Өглөө сайхан залуу шал мөргөн шонхор шувуу болоход Марьюшка гэгээвчээ нээв. Гэрэлт шонхор   шувуу   хөхрөх   тэнгэрийн   гүн   рүү хөөрөн нисэн одов гэнэ. Ингээд гэрэлт шонхор шувуу өдөртөө хөх тэнгэрээр нисэн шөнөдөө Марьюшка руу нисэн ирж сайхан залуу болон хувирсаар гурван хоног болов гэнэ. Дөрөв дэх өдөр нь  атаархагч  хорон  санаат  хоёр  эгч  нь үүнийг нь олж мэдээд эцэгтээ ховложээ.

-Та нар өөрсдийнхөө байгааг хар! гэж эцэг нь хоёр охиноо хариу зэмлээд өнгөрөв. "Аа тийм үү! Ахиад цаашилбал юу болохыг үз дээ" хоёр  эгч  нь шүд зуугаад Марьюшкагийн  цонхны жаазанд   олон   хурц   хутга  шивэн зоогоод өөрсдөө нуугдан харж байжээ. Гэрэлт шонхор шувуу нисэн ирээд Марьюшкагийн гэгээвч  цонхоор  орох  гээд чадсангүй, зүтгэж  зүтгэж энгэр биеэ эсгэж шархдуулав.

Гэрэлт шонхор шувуу,

-Хэрэгтэй болоод эрсэн хүн хэзээ ч гэсэн намайг олно. Гэхдээ энэ амар биш. Төмөр гутал гурвыг элээж, төмөр таяг гурвыг хугалж, төмөр малгай гурвыг сэтэлж байж л намайг олно гэв. Энэ үгийг сонсоод Марьюшка орноосоо үсрэн босож цонхоо харвал шонхор шувуу байдаггүй гэнэ. Харин цонхон дээр нь цусны мөр үлдсэн байна гэнэ. Марьюшка гашуун нулимсаа урсган уйлж цусан мөрийг нулимсаараа угаажээ. Гэхдээ улам сайхан үзэсгэлэнтэй болов гэнэ. Тэгээд эцэг дээрээ очин

-Эцэг минь, аашилж битгий хориорой, би алсын замд явъя. Эсэн мэнд байвал эргэж уулзах биз, үхэл хэрвээ дайрвал үйл лай тэр биз гэж гуйжээ. Хайртай охиноо алсад явуулах гэдэг хөгшин эцэгт их хэцүү байлаа, гэхдээ явуулжээ.

Марьюшка төмөр гутал гурвыг, төмөр таяг гурвыг, төмөр малгай гурвыг захиалж хийлгээд гэрэлт шонхор Финистэн эрэхээр алгэр алсын замд гарлаа гэнэ. Өндөр уул, өргөн тал, харлах их ой, харгуй урт замаар яваад л байжээ.

Жигүүртэн шувууд хөгжилдөн жиргэж зүрхийг баясгана, жигхэн гол горхи сэрүүцүүлэн угаана, харанхуй ой шөнөдөө унтах гэр болно гэнэ. Хөх чоно, хүрэн баавгай, шар үнэг цөм Марьюшкатай андлан цугларсан болохоор охинд хэн ч халдан довтолж чадахгүй байлаа.

Марьюшка явсаар явсаар төмөр гутлаа элээжээ, төмөр таягаа хугалжээ, төмөр малгайгаа сэтэлжээ. Тэгээд нэгэн аглагт гарвал тахиан хөлт байшин эргэлдэн байна гэнэ. Марьюшка байшинд,

-Байшинхан байшинхан, ар ханаа ой руу ангайх хаалгаа над руу харуулаач. Үүд хаалгаар чинь орж үмх талх идье гэж гэнэ.

Байшин ар ханаа ой руу ангайх хаалгаа Марьюшка руу харууллаа. Охин байшинд явж орвол тэнд тааз тулсан хамартай, тахир ясан хөлтэй Шулмас эмгэн хамар амаа тавиур дээр тавиад хананаас хананд хөлөө жийгээд хэвтэж байв. Шулмас эмгэн Марьюшкаг үзмэгцээ орилон,

-Паах пөөх, оросын үнэр үнэртэж байна! Сайхан бүсгүй минь, хэрэг зориг юунд вэ? гэлээ.

-Эмээ минь, гэрэлт шонхор Финистийг эрж явнаа.

-Өө үзэсгэлэнт охин минь, эрлийн зам чинь урт юм байна! Чиний гэрэлт шонхор зуун уулын цаанатаа зургаан улсын тэртээ бий!

Илбэт хатан түүнийг ногоон цайны хандаар дайлж эхнэр нь болон суусан даа. Гэхдээ би чамд тусална. За май, энэ мөнгөн таваг алтан өндгийг аваад яв. Зуун уулсын цаанатаах зургаан улсын тэртээх улсад очмогцоо хатных нь зарц бол. Хий гэснийг нь хийчихээд мөнгөн таваг дээрээ алтан өндгөө өнхрүүлж тогло, өндөг өөрөө өнхрөн эргэлдэнэ. Хатан зараач гэж гуйвал бүү өг, харин гэрэлт шонхор Финисттэй уулзуул гэж гуй. Ингэж Шулмас эмгэн зааж өгөв. Марьюшка Шулмас эмгэнд талархаад цааш явав. Ой мод харанхуйлан зүг чиг харагдахаа байхад Марьюшка урагш алхахаас айн зогстусахад өмнөөс нь нэг муур гарч ирээд,

-Марьюшка, бүү ай, урагшаа яв яв. Улам аймшигтай болно, чи эргэж харалгүй яваад бай гэлээ. Муур нуруу нь үзэгдээд алга болов. Марьюшка цааш явжээ. Ой улам харанхуй боллоо. Марьюшка явсаар төмөр гутлаа элээжээ, төмөр таягаа хугалжээ, төмөр   малгайгаа  сэтэлжээ. Тэгсэн гал эрэл ан гавлын ясан толгойтой шивээ хашаан дотор тахиан байшин байна гэнэ.

Байшинхан байшинхан, ар ханаа ой руу ангайх хаалгаа над руу харуулаач. Үүд хаалгаар чинь орж үмх талх идье гэж Марьюшка хэлэв. Байшин ар ханаа ой руу ангайх хаалгаа Марьюшка руу харуулав. Охин байшинд орвол тааз тулсан хамартай, тахир ясан хөлтэй Шулмас эмгэн хамар амаа тавиур тавиад хананаас хананд хөлөө жийгээд хэвтэж байна гэнэ. Шулмас эмгэн Марьюшкаг хараад,

-Паах пөөх, оросын үнэр үнэртэж байна. Үзэсгэлэнт бүсгүй минь, хэрэг зориг юунд вэ? гэлээ.

-Эмээ минь, гэрэлт шонхор  Финистийг эрж явнаа.

-Миний дүүгийнхээр орсон биздээ?

-Орсон орсон, эмээ минь

- За яахав, би чамд тусалъя. Энэ мөнгөн тэлүүр, алтан зүүг ав. Энэ зүү үзмийн өнгөт хамбан дээр алтан мөнгөн утсаар өөрөө оёх болно.

- Зараач гэвэл битгий зар, гэрэлт шонхор Финисттэй уулзуулаач гэж гуй гэж зааж өгөв. Марьюшка Шулмас эмгэнд талархаад цааш явлаа. Энд тэнд түг түг юм нүдэн исгэрч хашгирах дуу чимээ гарна. Гавлын яс ойг гэрэлтүүлнэ. Марьюшка айн зогстол өмнөхөн нь нэг нохой гүйж явав.

-Охин минь, бүү ай, урагшаа яв яв. Улам аймаар болно, харин чи эргэж харалгүй яваад бай. Нохой ингэж хэлээд алга болчихов. Марьюшка цааш яваад л байж ой ч улам их харанхуй болоод байж. Ханцуйнаас нь татах юм гэнэ, хөлөөс нь зуурах юм гэнэ... Марьюшка эргэж харалгүй яваад байжээ.

Ийнхүү явсаар төмөр гутлаа элээжээ, төмөр таягаа хугалжээ, төмөр малгайгаа сэтэлжээ. Тэгээд нэгэн аглагт гарвал улалзах улаан галтай адууны гавлан толгойтой шивээ хашааны дотор тахиан хөлт байшин эргэлдэн байна гэнэ.

-Байшинхан байшинхан, ар ханаа ой руу ангайх хаалгаа над руу харуулаач гэж Марьюшка хэлэв. Байшин ар ханаа ой руу ангайх хаалгаа Марьюшка руу харууллаа. Охин байшинд орвол тааз тулсан хамартай, тахир ясан хөлтэй Шулмас эмгэн хамар амаа тавиур дээр тавиад хананаас хананд хөлөө жийгээд хэвтэж байна гэнэ. Аймаар хар тэр Шулмас эмгэний амнаас нэг соёо ёрдойно. Шулмас эмгэн Марьюшкаг үзээд,

-Паах пөөх, оросын үнэр үнэртэй байна! Үзэсгэлэнт бүсгүй минь, хэрэг зориг юунд вэ? гэлээ.

-Эмээ минь, гэрэлт шонхор Финистийг эрж явнаа.

-Ээх, эрлийн зам чинь эндэлтэй дондолтой. За яахав, би чамд тусалъя.

Май, энэ мөнгөн суурьтай алтан ээрүүлийг ав. Ээрүүлийг гартаа авмагц энгийн биш алтан утас эргэлдэн эргэлдэн цуврах болно.

-Эмээ минь, танд гялайлаа.

-Баярлах гялайхаа сүүлд хэл, одоо захих хэлэх үгийг минь тогтоо. Алтан ээрүүлийг чинь авъя гэвэл бүү зараарай. Харин гэрэлт шонхор Финисттэй уулзуулаач гэж гуй. Шулмас эмгэн ингэж зааж өгөв. Марьюшка Шулмас эмгэнд талархаад цааш явлаа. Ой шуугин исгэрэн, үлээх их чимээ гарч, ууль шувуу нисэлдэн, хулгана оготно нүхнээсээ гаран Марьюшка руу дайрав. Гэнэт өмнө нь хөх чоно гүйж яваа харагдав.

-Охин минь, бүү ай, бүү сандар. Нуруун дээр минь суу, эргэж битгий хар гэж чоно хэллээ гэнэ. Марьюшка чонын нуруун дээр суумагц чоно хурдлан давхилаа. Урд нь өргөн тал өнгөт ногоон нуга, жимсэн эрэг, бал гол харагдана. Өндөр уул үүлэнд тулан сүндэрлэнэ. Марьюшка давхиад л байлаа. Гэнэт өмнө нь болор цамхаг тулав. Хээлж сийлсэн довжоотой гэнэ, хээ хуартай цонхтой юм гэнэ. Цонхон дээрээ хатан алсыг ширтэн зогсоно.

-За Марьюшка, буу даа. Энэ хатны зарц бол гэж чоно хэллээ. Марьюшка баадангаа барьсаар бууж чононд талархаад болор цамхаг руу орж хатанд мэхийн,

-Алдар нэрийг тань мэдэхгүй юм, өршөө, ажил хийх хүн танд хэрэггүй биз? гэлээ.

-Утас ээрч, юм нэхэж, оёж хатгах хүнийг аль хэдийнээс эрсэн билээ гэж хатан хариулахад Марьюшка,

-Хэрэв  та  гэрэлт  шонхор  Финистийг  харах  зөвшөөрөл өгвөл би энэ таваг өндөг хоёроо өгнө гэлээ. Хатан бодож, бодож,

-За тэг тэг. Шөнө унтахаар нь чи хараарай гэв. Шөнө болов. Марьюшка гэрэлт шонхор Финистийн амрах өргөөнд орлоо гэнэ.

Хайртай нөхөр нь гүн нойронд дарагдан унтаж байв. Марьюшка харж ханахгүй зогсоно. Амтат уруулаараа үнсэнэ, ангир  цээжиндээ тэвэрнэ, хайртай нөхөр нь гүн нойронд дарагдан унтсаар л байв. Өглөө боллоо. Марьюшка нөхрөө сэрээж чадсангүй...

Дараа өдөр нь Марьюшка өдөржин ажиллачихаад орой нь мөнгөн тэлүүр алтан зүүгээ гарган хээ угалз хатган,

-Угалз хээ минь, урга урга, гэрэлт шонхор Финист өглөө босоод энэ алчуураар нүүрээ арчиг гэж шивгэнэн суужээ. Хатан үүнийг нь тагнан чагнаад,

-Мөнгөн тэлүүр алтан зүүгээ надад зараач гэв.- Гэрэлт шонхор Финисттэй уулзуулах юм бол би зүгээр өгнө. Хатан бодож бодож,

-За яахав, шөнө ирээрэй гэжээ.

Шөнө болов. Марьюшка гэрэлт шонхор Финистиш амрах өргөөн орлоо гэнэ. Хайрт нөхөр нь  гүн нойро! дарагдан унтаж байв гэнэ.

-Гэрэлт шонхор Финист минь, сэрээч, босооч! Гэрэлт шонхор Финист гүн нойрондоо дарагдан унтсаар байв. Марьюшка дуудаад дуудаад сэрээж чадсангүй. Маргааш өдөр нь Марьюшка мөнгөн суурьтай алтан ээрүүлээ гаргаж утас ээрэв. Хатан түүнийг нь харчихаад,

-Надад зараач, зараач! гэж гэнэ.

-Зарахгүй ээ, харин гэрэлт шонхор Финисттэй нэг  цаг  болохноо ч уулзахыг зөвшөөрвөл зүгээр өгнө гэж Марьюшкаг хэлэхэд хатан "Тэртэй тэргүй сэрээж чадахгүй" гэж   бодоод! тэг тэг гэжээ. Шөнө болов.

Марьюшка гэрэлт шонхор Финистийн амрах өргөөнд оров. Хайрт нөхөр нь гүн нойронд дарагдан унтана гэнэ.

-Гэрэлт шонхор минь, сэрээч, босооч! Марьюшка хайрт нөхрөө дуудаад дуудаад сэрээж чадсангүй, удахгүй үүр цайх болсон тул гашуун нулимсаа дувруулан,

-Энхрий Финист минь, сэрээч сэрээч, эхнэр намайгаа хараач хараач, элэг зүрхэндээ наан тэврээч гээд уйлжээ. Марьюшкагийн нулимс гэрэлт шонхорын нүдгэн мөр дээр дусан халуу цоргин түлэв гэнэ. Гэрэлт шонхор гэнэт сэрэн сэхээрч гэргий Марьюшкагаа харан тэврэн үнсээд

-Марьюшка,  энэ  чинь чи  юу?  Төмөр  гутал  гурвыг элээж, төмөр таяг гурвыг хугалж, төмөр малгай гурвыг сэтэлж намайгаа олов уу? Одоохон эх нутагтаа буцъя гэлээ.

Тийнхүү тэр хоёрыг эх нутгийн зүг явахаар бэлдэхийг харсан хатан урт бүрээ үлээж, улс амьтан цуглуулж, урвагч нөхрийн тухай уухайлан зарлахаар зарлигдлаа гэнэ. Тайж ноёд, тариачид худалдаачид цуглаж, урвагч муу нөхөр гэрэлт шонхор Финистийн гэм зэмийг шүүх боллоо. Тэгэхэд нь Финист,

-Эртний тангаргаа буцалгүй эгнэгт бат хайрладаг нь уу, элдэв зүйлсийн бараанаас эр нөхрөө худалддаг нь уу, аль нь жинхэнэ эхнэр вэ? гэж асууж гэнэ.

Тэгээд гэрэлт шонхор Финистийн жинхэнэ эхнэр бол Марьюшка гэж тогтоожээ. Тэр цагаас хойш хайрт хоёр хагацалгүй жаргажээ. Улс орондоо ирээд урт бүрээ үлээж, их буу буудаж олныг донсолгосон найр хурим хийжээ.

Орчуулсан Ж.Оюунцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.