Буяны тарга гэдгийг анагаах ухаанд хэвлийн таргалалт гэж нэрлэдэг

Twitter Print
2022 оны 01-р сар 28-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

БУЯНЫ ТАРГА

Бидэнд саяханыг болтол "дарга хүн тарган байх ёстой" гэсэн нийгмийн ухамсар сэтгэхүй давамгайлж байв. Бүдүүн байхыгаа зөвтгөн "Буяны Тарга" хэмээн нэрийднэ. Буяны тарга гэдгийг анагаах ухаанд хэвлийн таргалалт гэж нэрлэдэг юм.

Хэвлийн таргалалт буюу гүзээг үүсгэж байгаа зүйл бол сэмж, чацархайн өөхөн хуримтлал юм. Анагаах ухаанд visceral fat, omentum, mesenterium гэж нэрлэдэг сэмж чацархайн өөх нь биеийн жин хэвийн хүнд нимгэн цагаан цайвар өнгөтэй байдаг. Харин таргалалттай хүнд өнгө нь тод шар болж зузаарсан байдаг. Монголчууд үүнийг "шар сэмжилчихэд..." гэж ярьцгаадаг нь бас учиртай. Хэвлийн таргалалттай үед бодисын солилцоонд өөрчлөлт орж эрэгтэй хүнд эр дааврын ялгарал буурч, эм шинж давамгайлах хандлага нэмэгдэнэ. Үүний илрэл нь бэлгийн чалх муудна, үс халцрах шинж тэмдэг ихэснэ, хөрслөг бор төрх алдагдаж тарган шар төрх давамгайлна, ааш зан тунимхай гомдомхой болох зэрэг өөрчлөлтүүд гардаг.

Мөн судасны дотор хананд өөх нэвчиж хуримтлан судасны хатуурлыг үүсгэнэ. Энэ хатуурал хялгасан судаснаас эхлээд гол судас хүртэл тархана. Судасны хатуурал үүссэний нөлөөгөөр тархинд очих цусан хангамж хүртэл багасна. Тархи мэдрэлийн үйл ажиллагаа саарна. Үүнийг Монголчууд "Ухааны сүвийг тос бөглөнө" гэж ярьж иржээ. Тарган хүн тал бүрийн өвчтэй гэдгийг цухас тайлбарлахыг хичээлээ.

Буяны Таргатай хүмүүсийн мууг үзэх гэсэнгүй. Үр хүүхэд, гэр бүлдээ хайртай бол яг одоо туузан метр аваад хүйсээ тааруулаад хэмжээд үз. Ази стандартаар эрэгтэй хүний бүсэлхийн тойрог 90см-ээс бага, эмэгтэй хүнийх 80 см-ээс бага байх ёстой. Хэрвээ эдгээр хэмжээсээс хэтэрч байгаа бол танд эрүүл мэндийн эрсдэл үүссэн байна.

Эрүүл явна гэдэг гэр бүлийнхнийхээ өмнө хүлээж байгаа маш том хариуцлага юм шүү!

Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.