Зориулалтын бус газар зогссон машины дугуйг түгжинэ

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Замын хөдөлгөөний хэт ачаалллыг бууруулах зорилгоор 2013 оны 9 дүгээр сараас эхлэн 1 дүгээр эгнээнд байршуулан замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зориулалтын машинаар ачиж зөөж шилжүүлдэг журамтай болсон.

Гэвч тээврийн хэрэгслийг ачсан талаар мэдээлэл өгдөггүй, хол зайд зөөж шилжүүлдэг, хүрэлцээ муутай, зардал чирэгдэл, овор ихтэй гээд байнга гомдол, шүүмжлэл дагуулдаг. Иймээс арай хялбар, чирэгдэл зардал багатай, хүртээмжтэй давуу чанар бүхий олон улсад түлхүү ашигладаг тээврийн хэрэгслийн дугуй түгжигч ашиглах журмыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс боловсруулжээ. Энэхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Журмын дагуу замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсвэл хориглол тогтоосон тэмдэг бүхий замын зорчих хэсэг, ногоон байгууламж, явган зам, нийтийн эзэмшлийн зам талбай дээр зогссон, хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа болон бүрэн бус тээврийн хэрэгслийн жолооч талын урд дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжих юм байна.

Замын хөдөлгөөний ачаалал ихтэй зам талбай буюу Их  бага тойруу, Сөүлийн гудамж, хотын төвийн ачаалал ихтэй замуудын нэгдүгээр энгээнд байршуулсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөн чөлөөлөх үүднээс ойр зай буюу тусгай талбайд тусгай зориулалтын чирэгч автомашинаар зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ гэж журамд заажээ.

Дугуй түгжигч ашиглахтай холбоотой үйлчилгээний хураамж нь 20.000 төгрөг бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжих гэнэ.

Тээврийн хэрэгсэлд дугуй түгжигчийг ашигласан болон зөөж шилжүүлсэн хураамжийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч хариуцах юм байна. Тээврийн хэрэгслийн дугуйг дугуй түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлэх аж.

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.