Өөх тосын хоривол цөс чулуужна

Twitter Print
2020 оны 06-р сар 03-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Цөс бол хүний биед маш чухал үүрэгтэй эрхтэн бөгөөд бусад олон эрхтнүүдтэй адил одоогоор 100 хувь танигдаж хараахан амжаагүй байгаа юм.

Орчин цагт олон янзын хоолны дэглэм, эрүүл хооллолтын клубүүд бий болжээ. Энэ нь маш зөв. Гэхдээ зарим хүмүүсийн амнаас сонсох нь ээ өөх тосыг хорьж эрүүл сайхан бас гоолиг туранхай болгож байгаа гэнэ. Мэдээж хэн ч эрүүл бас сайхан харагдахыг бодно. Хэрвээ үүнийг уншиж буй хэн нэгэн яг тийм, өөх тосыг чанд хорьдог дэглэм барьж байгаа бол хурдхан больсон нь дээр гэж хэлье. Учрыг одоохон тайлъя.

Бидний цөс бол элэгнээс ялгарч гардаг тусгай энзим. Гол үүрэг нь хоолтой хамт биед орж ирсэн өөх тос, тослогийг задалж боловсруулах. Элэг үүнийг бага багаар тогтмол ялгаруулж байдаг. Тэр цөс нь цөсний хүүдийд цуглардаг. Тэнд байхдаа ус нь ялгарч хүүдийдээ илүү өтгөрч хуримтлагддаг. Чанар агууламж нь ч бага зэрэг өөрчлөгддөг. Хүн хоол идлээ. Ходоодонд орсон хоол тэжээлийн зарим хэсэг нь 12 нугалаа гэдэс руу орж ирэхэд тэнд байдаг мэдрэгчээс цөсний хүүдий болон элэг руу дохио очдог. Гэхдээ ганцхан өөх болон тослогийг л тэр мэдрэгч мэдэрдэг. Тэрхүү дохиог авсан цөсний хүүдий агшиж дотор нь хуримтлагдсан цөс болон элэгнээс шинээр ялгарч ирсэн шинэхэн цөс холилдож, үүссэн холимог 12 нугалаа гэдэс руу орж өөх тосыг задлан боловсруулдаг.

Хэрвээ бид тосыг огт идэхгүйгээр хорих юм бол цөс маань улам өтгөрч тодорхой бактерийн үйлчлэлээр цөсний хүүдийд цөс талсжиж эхэлнэ. Тэгээд бага багаар томорсоор чулуу үүсдэг. Тиймээс л тостой хүнсийг хэмжээг нь тогтмол тааруулж идэж байх учиртай. Махан хүнстэнгүүд ч яахав. Цагаан болон ногоон хоолтнууд маань тослог ихтэй самар буурцаг, гүнжидийн үрийн тос зэргийг ихээр биш гэхэд бага хэмжээгээр, гол нь тогтмол хэрэглэж байвал сайн шүү. Хушга өдөр бүр 2-3 ширхэгийг идээд байвал мартамхай болохоос сэргийлж бас цөс чулуужихгүй байх боломжтой. 

Судалгаанаас үзэхэд цөсний хүүдийгээ авахуулсан хүмүүсийн доод бие үе мөчний өөрчлөлт эмгэгт илүүтэй өртдөг нь батлагдсан байна. Бас хүний тархины 60 хувь орчим нь тослогоос бүрддэг учир тослог хүнсийг хэт хоривол ой санамж муудах, зөнөгрөх зэрэг тархитай холбоотой асуудлууд үүсдэг.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.