Тамхины хор хөнөөл

Twitter Print
2017 оны 05-р сар 31-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Тамхи гэж юу вэ?

Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодис агуулсан ургамал юм. 

Тамхи татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианийн хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гардаг юм.

Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш бөгөөд харин эсрэгээрээ хүний бие эрхтнийг сүйрүүлэх нэг ёсны эмгэг юм. Хамгийн түрүүнд тамхины утаа амны хөндийг бохирдуулахаас эхэлдэг. Их хэмжээгээр шүлс ялгаруулдаг тул тамхичин хүн байнга шүлсээ хаяж байх хэрэгтэй болдог. Тамхины утаа нь өөрийг нь хордуулаад зогсохгүй, дэргэд нь байгаа янз бүрийн харшилтай, зүрхний хурц дутагдалтай хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх аюултай.

Никотин хүний биед дараах байдлаар нөлөөлдөг. Хамгийн түрүүнд амьсгалын замын эрхтнүүд өртдөг. Уруулын салст бүрхэвч, дараа нь улаан хоолой, залгиур дайралтын анхны бай болно. Тамхичин хүний уушгины багтаамж эрүүл хүнийг бодвол 20 хувиар бага байдгаас сорох явц нь удааширдаг. Мөн амьсгалын замын торлог, сүлжээсэн эд, эсүүдийг гэмтээж, агаар соруулах боломжийг нь багасгадаг.

Тамхины найрлага

Тамхинд 4800 гаруй төрлийн химийн бодис, нэгдэл байдаг ба үүнээс 250 нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг ажээ. Жишээлбэл

Хулгана мэрэгч амьтдын устгахад хэрэглэгддэг -Арзен

Хорт хийн камерт ашигладаг-Цианид

Уушгины мөгөөрсөн сувгуудыг тагладаг -Бохь

Хамгийн гол нь донтуулах үйлчилгээтэй -Никотин

Тамхинд байдаг никотин хэмээх бодис донтуулдаг үйлчилгээтэй учраас тамхинд нэг орчихвол түүнээс гарах амаргүй болдог. Никотин нь маш хүчтэй дасал үүсгэдэг хорт бодис. Ганц нэгээр татаж эхэлж байгаад бие махбод түүнд дасч тамхигүйгээр байж чадахгүй болгодог. Донтох гэдэг нь бие болон сэтгэлзүйн хувьд ямар нэгэн зүйлээс хамааралтай болох, түүнийг байнга шаардахыг хэлнэ.

Тамхины бохь

Энэ бол зууралдсан хар хүрэн өнгийн бодис юм. Тамхины бохь нь толботуулсан газрынхаа эсэд хортой нөлөө үзүүлэх ба хорт хавдар үүсгэх хамгийн хоруу чанартай бодис байдаг.

Тамхи таталтын хэв шинж:

  • 1995 онд дэлхийн хэмжээнд 6000 тэрбум ширхэг янжуур татсан байна.

  • Ихэнх өндөр орлоготой орны эрэгтэйчүүдийн тамхи татах нь багасчээ.

  • Тамхидалт ядуу, дунд орлоготой орнуудын эрэгтэйчүүд, мөн аль ч орны эмэгтэйчүүдийн дунд ихэссэн байна.

  • Ихэнх тамхичин бага насандаа тамхинд ордог. Өдөр бүр 80000-100000 залуу тамхичин шинээр нэмэгдэж байна.

  • Тамхи татаж эхэлсэн насны хязгаар улам залуужих нь хүүхдүүдийг тамхинд орохыг өдөөсөн хэрэг гэж үзэх болно.

Ихэнх тамхичин тамхинаас болж нас бардаггүй гэж боддог. Тэд тэртэй тэргүй насны эцэс болоод нас барж байна гэдэгт итгэдэг. Гэвч удаан хугацаагаар тамхи татагчдын ихэнх нь тамхины шалтгаант өвчний улмаас нас бардаг. Тэдний тал хувь нь ид насандаа нас барж, амьдралынхаа 20-25 жилийг алддаг байна.

Тамхи нь зөвхөн баян орны, баян хүний асуудал гэж боддог. Үнэндээ ихэнх өндөр орлоготой орны эрэгтэйчүүдийн тамхи татах нь буурсан. Харин үүний эсрэг ядуу орны хүмүүс тамхи татах нь ихэсч байна.

Тамхи татах нь хувь хүний сонголт хийх эрх чөлөөний хэрэглээ гэж боддог. “Тийм биш” гэсэн хэд хэдэн нотолгоо бий. Нэгдүгээрт, олонх тамхичин өөрт учрах эрсдэлийн талаар мэддэггүйгээсээ түүнийг дутуу үнэлж, өөрийнх нь эрүүл мэндэд нэг их хамааралгүй мэт төсөөлдөг.

Хоёрдугаарт, ухамсарт сонголт хийж чаддаггүй. Хүүхэд өсвөр насандаа тамхи татаж эхэлдэг. Яваандаа тамхинаас гарахыг оролдсон ч аль хэдийнэ түүнээсээ хамааралтай болсон байдаг.

Гуравдугаарт, тамхи татах нь татдаггүй хүмүүстээ сөргөөр нөлөөлдөг. Иймд тамхи татах, эсэх талаар сонголт хийх эрх чөлөө нь бусад өргөн хэрэглээний барааг худалдаж авах сонголтоос эрс ялгаатай.

Тамхичид хэрэглээний зардлаа өөрсдөө хариуцдаг гэж үздэг. Гэсэн хэдий ч тамхичид татдаггүй хүмүүсийнхээ зардалд ямар нэг хэмжээгээр хохирол учруулдаг. Энэ зардал нь тамхичдын татсан тамхины утаанд хордсоноос үүдэх бие тавгүйтэл, эрүүл мэндийн болон бусад хохирол ордог. Тамхичид тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгийн үед эрүүл мэндийн зардлаа бусдад тохож байдаг.

Тамхи татахаар тайвширдаг, бухимдлаас салах нэг арга гэж боддог. Судалгаагаар энэ таашаал нь даанч уддаггүй нь тогтоогджээ. Нэг ширхэг янжуур татсаны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд улам их хямарч, дараагийн тамхинд гар сарвайдаг байна. Өдөрт бүтэн хайрцаг тамхи татах нь сэтгэлийн байнгын түгшүүр бий болгодгийг судлаачид тогтоожээ.

Ихэнх охид тамхи татах нь бодисын солилцоог сайжруулдаг гэсэн төсөөлөлд автаж, жингээ хянах зорилгоор тамхи татаж эхэлдэг. Долоон жилийн турш явуулсан туршилтаараа тамхи болон гоолиг бие хоёр хоорондоо ямар ч холбоогүй болохыг Мемфисийн их сургуулийн профессор С.Клезжесий тогтоожээ.

Тамхичин юугаар амьсгалж байна вэ?

  • Тамхины утааны хамгийн гол хэсгийг тамхичин шууд амьсгалдаг.

  • Утааны ихэнх хэсэг уушгины агаар дамжуулах гол замуудад тунаж үлддэг.

  • Багахан хэсэг, мөн хий нь уушигны нилээд гүн хэсэгт нэвтэрдэг.

  • Утаа амьсгалыг улам хэцүү болгодог.

Идэвхгүй тамхидалт ба таны эрүүл мэнд

Тамхины уугиж буй утаагаар тамхи татаагүй байгаа хүн ч нэгэн адил амьсгалж байдаг. Идэвхгүй тамхичны амьсгалж буй утааны хэмжээ хэд хэдэн зүйлээс хамаарна:

  • Тухайн нөхцөлд хэдэн ширхэг тамхи асаж байгаагаас

  • Тамхины утаанд тухайн хүн хэр зэрэг ойрхон байгаагаас

  • Тухайн өрөөний агаар цэвэр эсэхээс.

Уугиж байгаа тамхины утаа агаарт шингэрдэг учир идэвхгүй тамхичид идэвхтэй тамхичдаас арай л бага утаагаар амьсгалдаг. Гэвч уугиж буй утаа нь тамхичдын амьсгалж буй утаанаас химийн бүтэц бүрэлдхүүнээрээ ялгаатай учир илүү аюултай болсон байдаг. Утаа нь тамхичдын шууд амьсгалж буй утаанаас олон төрлийн хорын агууламжаар өндөр байдаг билээ. Угаарын хий 2.5-15 дахин, никотин 1.5-20 дахин, бохь 15 дахин их байна.

Хэрвээ та тамхи татдаг бол зөвхөн гадаад төрх чинь:

- Амнаас чинь эвгүй үнэр гарна.

- Үс, хувцаснаас байнга тамхины үнэр ханхална.

- Наснаасаа овортой харагдана.

- Гарын хуруу шарлаж, эвэршинэ.

- Шүд шарлаж , хорхойтох, буйл үрэвсэх нь бусад хүмүүсээс илүү байдаг.

- Чөлөөтэй амьсгалж чадахгүй болно.

- Илүү өвчлөмтгий байдаг.

- Гоо сайхан алдагдана. Хамгийн гол нь эрүүл мэнд амь насаа ч алдаж болзошгүй.

 

www.mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.