Уйгуруудыг хоморголон устгаж байна гэж үзжээ

Twitter Print
2021 оны 02-р сар 23-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Канадын парламентын Нийтийн танхимын гишүүд санал нэгтэйгээр БНХАУ-ын эрх баригчид хүн амынхаа үндэстний цөөнх болох уйгуруудын эсрэг "геноцид" үйлдэж, хоморголон устгаж байна хэмээн үзжээ. Ингэснээр Канад улс АНУ-ын дараа Хятадын Шиньжаан мужид явуулж буй үйл ажиллагааг албан ёсоор "геноцид" хэмээн тодорхойлсон хоёр дахь улс болжээ.

Түүнчлэн Канадын Нийтийн танхимын гишүүд Хятадын эрх баригчид уйгуруудын эсрэг үйл ажиллагаагаа энэ чигээрээ үргэлжлүүлсээр байвал 2022 оны Өвлийн Олимпийн наадмыг Бээжингээс өөр хотод зохион байгуулахыг Олон Улсын Олимпийн хорооноос шаардах бичгийг боловсруулах талаар хэлэлцсэн байна.

Парламентын Нийтийн танхимд болсон санал хураалтанд Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон түүний засгийн газрын гишүүд оролцоогүй ба Ерөнхий сайд Жастин Трюдогийн хувьд Бээжингийн уйгурчуудын эсрэг явуулж буй бодлогыг "геноцид" гэж тодорхойлохоос зайлсхийж байгаагаа илэрхийлсэн билээ.

Хятадын эрх баригчдын уйгуруудын эсрэг явуулж буй үйл ажиллагааны тухайд Канадын Нийтийн танхимд явуулсан санал хураалтын өмнө Канадын сөрөг хүчний тэргүүн Эрин О'Түл, "Канадчууд бид эдийн засгийн салбарын хувьд зарим нэг эрх ашгаа алдаж байгаа ч хүний эрхийг дээдэлдэг, хүний эрхийн төлөө баттай зогсдог гэдгээ харуулах болно." гэжээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Канадад суугаа БНХАУ-ын элчин сайд Кон Пейву Канадын Нийтийн танхимаас гаргаж буй шийдвэр Хятадын дотоод хэрэгт "хошуу дүрж" буй явдал хэмээн Шиньжаанд иргэдийг хоморголон устгаж буй зүйл ер байхгүй хэмээн онцолжээ.

Хүний эрхийг хамгаалах байгууллагууд Хятадын эрх баригчид Шиньжаанд 1 сая гаруй уйгурыг хорьж байгаа тухай мэдээлсээр байгаа ба БиБиСи агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлчид Хятадын эрх баригчид уйгуруудаар албадан хөдөлмөр эрхлүүлдэг тухай нэвтрүүлэг, нийтлэлийг гаргаад байгаа билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-56163220

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.