
Вашингтон Хятадын харилцаа холбооны China Unicom компанид АНУ-д үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. АНУ-ын Харилцаа Холбоо хариуцсан агентлаг нууц санал хураалтаар China Unicom компанийн АНУ дахь салбарын үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах шийдвэрт хүрчээ. Уг шийдвэрийг тус компанийн үйл ажиллагаа нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн шалтгаанаар гаргажээ.
Америкийн эрх баригчдын шийдвэрийн дагуу China Unicom компани Америк дахь үйл ажиллагаагаа 60 хоногийн дотор зогсоох ёстой аж. Өнгөрсөн оны 10-р сард Вашингтон Хятадын China Telecom компанийн АНУ-д үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг мөн цуцалсан билээ. АНУ-ын Харилцаа Холбоо хариуцсан агентлагийн дарга Жессика Розенворсел Хятадын төрийн өмчит операторууд АНУ-ын харилцаа холбооны сүлжээнд аюул заналхийлж буйг харуулсан олон тооны баримт цугларсаар байгааг онцолжээ.
Нөгөө талаас China Unicom компани өнгөрсөн 20 жилийн хугацаанд АНУ-ын хууль журмын дагуу ажиллаж, үйлчлүүлэгчдэдээ харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч найдвартай түнш нь байж чадсан хэмээн мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд Вашингтон Хятадын харилцаа холбооны компаниуд үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн Хятадын харилцаа холбооны компаниудыг зах зээлээсээ шахан гаргасаар байгаа билээ.
Өнгөрсөн 11-р сард Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн жагсаалтанд багтсан компаниудад харилцаа холбооны тоног төхөөрөмж худалдан авах зөвшөөрөл шинээр олгохгүй байх тухай хуулийн төсөлд гарын үсгээ зурсан ба ингэснээр Huawei, ZTE болон Хятадын хэд хэдэн компанийн тоног төхөөрөмжийг АНУ-ын харилцаа холбооны салбарт ашиглахыг хоригложээ.
Түүнээс гадна Вашингтон үндэсний аюулгүй байдал болон гадаад харилцааны салбарт аюул заналхийлсэн гэсэн шалтгаанаар Хятадын арав гаруй компанийн үйл ажиллагааг хязгаарласан билээ.
Вашингтоны мэдэгдсэнээр АНУ дахь үйл ажиллагааг нь хязгаарласан Хятадын компаниуд нь цуглуулсан мэдээллээ Хятадын зэвсэгт хүчинд өгдөг байж болзошгүй ба Хятадын компаниудыг Хятадын засгийн газар хянадаг нь Хятадын эрх баригчдад АНУ-ын харилцаа холбоонд нэвтрэх, сүлжээг нь доголдуулах боломжийг олгодог гэжээ. Ингэснээр Хятадын эрх баригчид АНУ-д тагнуулын үйл ажиллагаа явуулах боломжтой болж байгаа гэж үзжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.