Зөвшөөрөлгүй загас агнахад торгууль ногдуулна

Twitter Print
2014 оны 06-р сар 27-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Зун намрын дэлгэр цагт иргэд гол мөрний ай сав дагуу загасчлах нь ихэсдэг. Гэвч ихэвчлэн иргэд хууль бус буюу тухайн сум орон нутгаас зохих зөвшөөрөл авалгүйгээр загасчилдаг.

Энэ сарын 15-наас эхлэн загас агнах хорио цээр цуцлагдсан ч зориулалтаар загас агнахдаа тухайн газрынхаа аймаг сумдаас зөвшөөрөл авч агнах ёстойг албаныхан хэлж байна. Хэрвээ зөвшөөрөлгүй буюу хууль бусаар агнасан тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх торгууль ногдуулах юм байна.

Агнах загасны тоо хэмжээг сум орон нутгийн удирдлагуудын зөвшөөрлийг үндэслэн олгодог юм байна. Сүүлийн жилүүдэд загасны тоо багасч, төрөл нь ховордож байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа. Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн Ё.Онон:

“Тул загасыг хууль бусаар барьсан тохиолдолд 422 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгогдоно. Дээрээс нь хариуцлагын арга хэмжээ авна. Тул загас барих тусгай зөвшөөрлийг манай яамнаас авдаг. Гол мөрөнд бүх төрлийн завиар загасчлахыг хориглосон байгаа” гэлээ.

Одоогоор Туул гол бохирдлоосоо шалтгаалан загас нь нэн ховордсон бол Хэрлэн голд тор тавих, дэлбэлэх зэргээр загасыг хайр гамгүй, их хэмжээгээр агнаснаар бараг загасгүй болчихоод байгаа гэнэ. Иймд үржүүлгийн асуудалд анхаарал тавих цаг нь болчихоод байгаа гэдгийг байгаль орчны салбарынхан хүлээн зөвшөөрч байна.

Мөн зэвэг загасыг үржүүлэх стандартыг геоэкологийн хүрээлэнгээс боловсруулан, Туул голд тавих төслийг хэрэгжүүлж байгаа аж. Мөн тул үржүүлэх ажлыг хийж байгаа юм байна. Манай улсад 75 төрлийн загас байдгаас Хөвсгөлийн цагаан загас, тул загас хамгийн ховордсон загасны тоонд орох болжээ. Цаашид загас үржүүлгийн ажлыг хөгжүүлэхэд бодлого санхүүгээр дэмжих нь чухал байгаа гэдгийг БОНХ яамныхан дурдлаа.

Х.Хулан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.