
Төв Азийн Туркменистаны нийслэл Ашхабад хот гадаадын ажилчдад амьдрахад хамгийн өртөг өндөртэй хотоор тодорчээ. Mercer олон улсын консалтингийн фирм дэлхийн 209 хотыг байр орон сууц, тээвэр, хоол хүнсний үнэ зэргээр нь үнэлж жагсаасан ба 1 сая орчим хүн амтай Ашхабад хот нь амьдралын өртгөөрөө Хонгконг, Токио зэрэг хотуудыг ардаа орхижээ.
Судалгааны явцад Mercer фирм 200 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хөлс хот тус бүрт ямар байгааг судалж үзсэн ба энэ нь компаниудад гадаадын улс оронд ажиллах гэж буй ажилтандаа хэдий хэр хэмжээний цалин олгохыг шийдэхэд туслах аж. Жагсаалтын эхний 10-т багтсан хотуудын дийлэнх нь дэлхийн эдийн засгийн төвүүд бөгөөд эдийн засгийн өндөр хөгжилтэй тухайн хотуудад амьдралын өртөг нь ч дагаад өндөр байдаг аж.
Харин Туркменистаны нийслэл Ашхабад хотод амьдралын өртөг өндөр байгаа нь тус улсын эдийн засагт тулгараад буй олон тооны асуудалтай холбоотой аж. Mercer фирмийн зүгээс Туркменистанд инфляци буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтийн түвшин өндөр байгаа нь Ашхабад хот энэ жилийн жагсаалтыг тэргүүлэх гол шалтгаан болжээ.
Өнгөрсөн жилийн жагсаалтанд Ашхабад хот 2-т бичигдэж байсан аж. Туркменистан улс нь авторитар дэглэмтэй, байгалийн хийн баялаг нөөцтэй гэдгээрээ алдартай ч тус улсад эдийн засгийн хямрал нүүрлэснээр олон тооны иргэд нь ядууралд өртжээ.
Зөвлөлт Холбоот улсын хэсэг байсан Туркменистаны эдийн засаг нь ОХУ руу экспортлодог байгалийн хийнээс хамааралтай бөгөөд хийн үнэ буурсантай холбоотойгоор эдийн засаг нь хямарчээ. 2014 онд эрчим хүчний үнэ буурсантай холбоотойгоор Туркменистанд инфляцийн түвшин нэмэгдэж, давхар хоол хүнсний үнэ өсчээ.
Өнгөрсөн 9-р сард Human Rights Watch байгууллага коронавирусын цар тахлын улмаас Туркменистаны хоол хүнсний хомсдлын асуудал улам бүр дордсоныг онцолсон билээ. Тодруулбал, 2016 оноос хойш иргэдэд олгодог тусламжийн хоол хүнс хомсдож эхэлсэн ба коронавирусын цар тахлын улмаас иргэд хямд хүнс авахын тулд дэлгүүрийн гадаа олон цагаар дараалалд зогсож, зарим нь гар хоосон хоцорч буй дүр зураг элбэг үзэгдэх болжээ.
Иргэдэд нь тулгараад буй асуудлуудыг үл харгалзан Туркменистаны засгийн газар Ашхабад хотод олон тооны бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байгаа ба тус улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов Ашхабад хотыг дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй хот болгоно хэмээн мэдэгдсэн билээ.
Mercer фирмийн өнгөрсөн жилийн жагсаалтанд 45-р байрт бичигдэж байсан Ливаны нийслэл Бейрут хот энэ оны жагсаалтанд 3-т жагсчээ. Үүнд тус улсын улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хурц хямрал, коронавирусын цар тахал, мөн 2020 онд Бейрутын боомтод болсон хүчтэй дэлбэрэлт зэрэг нөлөөлсөн гэжээ.
Түүнчлэн жагсаалтын эхний 10-т Швейцарийн 3 хот багтсан бол Хятадын Шанхай хот 6-д, Бээжин хот 9-д, Сингапур хот 7-д тус тус бичигджээ. Харин гадаадын экспатуудад амьдрахад хамгийн өртөг багатай хотоор Киргизстаны нийслэл Бишкек хот шалгарчээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.