
Тэнэг гэхэд ийм тэнэг явдал байдаггүй байх. Америкийн Миннесота муж улсын Саут-Сент-Пол хотын нэгэн иргэн Жеймс Вуд гэртээ ирээд хулгай орсныг мэджээ. Хамаг юм нь ундуй сундуй, шалаар нэг хөглөрч зээлийн карт, бэлэн мөнгө, үнэ цэнэтэй зүйлс нь алга болсон байв. Хулгайч гаднаас бороонд цохиулж орж ирсэн бололтой, нойтон жийнс, Nike гутлаа үлдээгээд гэрийн эзний хувцаснаас өмсөөд явсан нь тодорхой байлаа.
Харин Вуд өөрийнхөө компьютерийг шалгатал хулгайч өөрийн Facebook-т орчихоод салгаагүй гарч одсоныг мэдсэнээр Nicholas Dub гэх нэр зүүсэн Николас Виг гэгчийг илчилсэн байна.
Вуд тэр даруй танилууддаа болсон явдлын тухай мэдэгдэж, хулгайчийн зургийг тавьсан төдийгүй түүний тухай тодорхой мэдээлэл олдвол утсаар залгахыг хүссэн зар тараасан байна. Гэтэл зар дээр тавьсан утасны дугаараар гэнэт хулгайч өөрөө утасдсан аж.
Вуд тэр даруй арга сүвэгчилж хулгайчтай уулзахыг хүссэн бөгөөд түүний эд зүйлсийг эргүүлж өгөхийг хүссэн байна. Харин уулзах газраа очиж хулгайчийг харсан даруйдаа цагдаа дуудаж баривчлуулжээ. Тэрээр нийгмийн идэвхтэй хулгайчтай илүү дутуу танил байхыг хүсээгүй аж.
2009 онд Пенсильвани муж улсад үүнтэй төстэй хэрэг явдал гарч байсан бөгөөд очир эрдэнийн шигтгээтэй бөгж хулгайлсан нэгэн эр хэргийн газрыг орхихдоо мөн Facebook-т “эд мөрийн баримт” үлдээсэн тохиолдол гарч байсан бол өнгөрсөн гуравдугаар сард бас Жоржийн их сургуулийн оюутан бүсгүй Facebook-ээ шалгахын тулд айлын гэрт хулгайгаар орж байсан сонирхолтой явдлууд үргэлжилсээр...

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505