Ж.Батболд: Галт зэвсгийн тухай хууль зургаан мянган буунаас болж гацах ёсгүй

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Биологийн ухааны доктор Ж.Батболдтой УИХ-аар хэлэлцэж байгаа Галт зэвсгийн тухай хуулийн төсөлд тусгагдсан зарим заалтын талаар ярилцлаа.

-Галт зэвсгийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Хуулийн өөрчлөлтөд БОНХЯ-ныхан  ихээхэн оролцож байна гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Галт зэвсгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Энэ хуулийг зохистой гаргуулахын төлөө БОНХЯ өндөр амбицтай оролцож байна. Яагаад ингэж байна гэхээр Монгол Улсад батлан хамгаалахын салбарын буунаас гадна 47 мянган галт зэвсэг  байгууллага, иргэний гар дээр байна.

Үүнээс 44 мянга нь ангийн буу. Манай улсад бүртгэлтэй галт зэвсгийн 94 хувь нь ангийн буу байна гэсэн үг юм. Ямар буугаар ан хийх, ямар бууг худалдаалах, иргэдийн гарт очлоо гэхэд зориулалтын дагуу хэрэглэх гэх мэтээр Галт зэвсгийн тухай хууль энэ бүх асуудлыг зохицуулах шаардлагатай байна. Буу бол аюултай зүйл. Галт зэвсгийн тухай хууль гэдэг маань үнэн хэрэгтээ ангийн бууны хууль гэж ойлгож болно. Иймээс БОНХЯ маш хариуцлагатай, идэвхитэй оролцож байна. Манай яамны оролцоог Хууль зүйн яамнаас дэмжиж, хамтарч байгаад баяртай байгаа.

-Галт зэвсгийн тухайн хуульд автомат буюу байлдааны буугаар ан хийхийг хориглох зүйл заалт оруулж байгаа гэж яригдаж байсан. Үнэн үү? Яагаад?

 -Галт зэвсэгтэй холбоотой хамгийн төвөгтэй нэг зүйл нь байлдааны буу, сумаар ан хийж байгаа явдал юм. Яагаад байлдааны буу гэж тодотгож хэлж байна вэ гэхээр цэргийн зориулалтаар үйлдвэрлэсэн бууг ашиглаж ан хийж байна. 

Нэгдүгээрт, цэргийн байгууллагад ашиглаж байсан бууг иргэдийн гарт бэлэг, худалдаагаар очсон СКЗ, Винтов, СВД  зэрэг маркийн цэвэр байлдааны буу.

Хоёрдугаарт, ОХУ-ын зэвсэглэлд байсан АКА, СКЗ зэрэг байлдааны бууг үйлдвэрийн аргаар өөрчилж Тигер, Сайга, Вепер гэх мэт өөр нэрээр гаргасан, ан амьтныг олноор сүйтгэдэг автомат буу манай улсад олон тоогоор орж ирсэн явдал. Эдгээр буугаар ан хийж байгаа нь бидний тооцоогоор амьтан хөнөөх устгах чадварыг  хэдэн арав дахин нэмэгдүүлж байна. Ангийн болон байлдааны буу юугаараа ялгаатай байдаг вэ гэхээр ангийн буу механик замагтай байдаг. Харин байлдааны буу нь автомат байдаг. Өөрөөр хэлбэл, буу өөрөө өөрийгөө цэнэглэж байвал автомат, хүн хийж байвал механик гэсэн үг.

Дэлхийн ихэнх оронд механик замагтай буугаар ан агнахыг зөвшөөрсөн байдаг. Монгол орны хувьд ан амьтан нь жилээс жилд цөөрч байгаа ийм нөхцөлд автомат буу ашиглах шаардлага байхгүй. Энэ бол манай улсын нэн даруй шийдэх асуудал. Өндөр хөгжилтэй ан амьтан нь хангалттай өссөн ангуурын бүс нутаг ангийн бүс нутаг бий болгочихсон, ангийн соёл, ёс зүй нь төлөвшсөн орныг дуурайж автомат бууг анд хэрэглэх шаардлага байхгүй. Жинхэнэ уламжлалт механик замагтай буу ашиглах ёстой.

Сүүлийн үед автомат, хагас автомат буу гэж яригдаад байгаа. Хагас автомат буу гэдэг нь гох дарахад нэг сум гарахыг хэлээд байх шиг байна. Гэхдээ би түрүүнд хэлсэн. Буу өөрөө өөрийгөө цэнэглэж байвал автомат гэсэн үг. Гэтэл  хүмүүсийн толгойг эргүүлээд хагас автомат гэж яриад байна. Ан амьтан ганцаараа явах нь ховор. Ихэвчлэн сүргээрээ явдаг. Тэгвэл буудагч нүдэнд туссан амьтнаа буудах болохоос бүх амьтныг шархдуулах ёсгүй. Автомат буу өөрийгөө цэнэглэдэг учраас амьтанд хор хөнөөл ихтэй. Нэг амьтан агнахын тулд буудагч бүх амьтныг сэглэх боломжтой гэсэн үг.

-Сумны хувьд ч гэсэн ялгаатай байдаг биз дээ?

 -Ангийн болон байлдааны бууны өөр нэг ялгагдах шинж нь сум. Байлдааны бууны сум нь ган бүрээстэй. Мөн нисэлтийн хурд өндөр байдаг болохоор байндаа хүрээд нэвт гараад явдаг. Өөрөөр хэлбэл, хөнөөл багатай. Цэргийг алах биш жагсаалаас гаргах зориулалттай хийсэн байдаг. Одоогоор байлдааны сумыг хүмүүс ан агнахдаа  хэрэглэх нь их байна. 

Байлдааны сумаар ан амьтан агнахаар амьтан шарх аваад давхиад явчихдаг. Ан хийсэн нөхөр ч буудсан ангаа авлаж чадалгүй хоцордог. Байлдааны автомат буу, сумаар буудуулаад шарх авсан амьтан  хэсэг хугацааны дараа хаа нэг газар очоод үхдэг. Нөгөө ан хийсэн нөхөр дараагийнхаа амьтныг шархдуулахаар цааш явдаг.

Харин ангийн бууны сум хар тугалгатай, тал бүрээстэй байдаг. Хар тугалга хортой байдаг болохоор амьтныг оноход ихэвчлэн үхэлд хүргэдэг бянттай. Ангийн бууны сум нь бянтныхаа зураасаар  бүрээс нь задарч, зад цохиж  амьтанд үхлийн шарх өгдөг. Үүгээрээ ялгаатай. Тиймээс маш хурдан хугацаанд сумлагддаг хөнөөл багатай сумтай буу нь (байлдааны сумтай автомат) ан амьтныг авладаг биш олноор нь тамладаг буу юм.

-Та 44 мянга гаруй бүртгэлтэй ангийн буу байгаа гэсэн. Үүнээс автомат буюу байлдааны зориулалттай нь хэдэн буу байна вэ?

-Ангийн 44 мянган буу байгаагаас  зургаан мянга гаруй нь  автомат буу байна.  Энэ нь нийт ангийн бууны 13 хувь гэсэн үг. Тэгэхээр галт зэвсгийн тухай хууль зургаан мянган автомат бууны асуудлаас болж түр хойшлоод байгаа юм. Хууль нийтийн эрх ашгийн төлөө гарах ёстой. Одоо УИХ-д оруулж байгаа хуулийн төсөл бол нийтийн эрх ашиг, байгаль орчныг хамгаалах эрх ашигт нийцсэн төсөл.

Зургаан мянган автомат буунаас болоод энэ хууль гацах ёсгүй. Гэхдээ эдгээр буунууд ч гэсэн хүний хувийн өмч. Энэ дээр л тогтож гарцыг зөв олох нь чухал. ОХУ өөрдсийнхөө үйлдвэрлэсэн Тигер, Сайга, Вепер зэрэг буугаар ан хийхийг хориглочихсон. Үйлдвэрлэгч орон өөрсдөө эдгээр буунуудыг ан хийхэд гарах хор хөнөөлийг тогтоогоод хориглосон шийдвэр гаргасан. Бүр 2009 онд хориглох шийдвэр гарсан байдаг.

эрэв хууль энэ төслөөрөө батлагдвал зургаан мянган автомат буугаа яах вэ? Хуулиар ан хийхийг хориглосон болохоор юунд ашиглахад тохиромжтой вэ?

-Юуны түрүүнд хуульд автомат бууг ангийн зориулалтаар импортлохгүй байхаар тусч байгаа тул тоо нь нэмэгдэхгүй. Харин 6 мянган буунд хэдэн хувилбар байж болно. Зургаан мянган бууны 3 мянга орчим нь малчдын гар дээр байна гэсэн судалгаа бий. Тиймээс малчдын бууг  зөвхөн хотондоо хэрэглэх буюу малаа араатан амьтнаас хамгаалах зорилгоор ашиглах эрхийг олгоход  хуулийн төсөлд  явж байна.

Харин ан агнахаар үүрч явбал асуудалд орох болно.  Гэхдээ автомат бууг малчдад дахиад олгохгүй гэсэн үг. Одоо байгаа бууг ашиглаад дуусгана гэсэн үг. Үлдсэн автомат бууг үндсэндээ ангийн хоббитой хүмүүс буюу нийслэлийн иргэд эзэмшиж байна. Тэдгээрийг анд ашиглах эрх олгохгүй. Ашиглаж байсан буугаа цуглуулгын маягаар хадгалж эсвэл буудлагын газруудад спорт маягаар хэрэглэж болно. Өөр нэг хувилбар нь маш өндөр татвартайгаар ангийн зориулалтаар үлдээж болох юм.

Жишээ нь, ангийн зориулалттай буу эзэмшиж байгаа иргэн бууны татварт арван мянган төгрөг төлдөг бол автомат буутай иргэн зуун мянган төгрөгийн татвар төлнө гэдэг ч юм уу. Энэ мэт олон арга байж болох юм. Бүр нэг муу хувилбар нь төр тэдгээр хүмүүсийн бууг худалдаж авч устгах. Эдийн засгийн чадавхитай баян оронд ийм прагтик байдаг. Гэвч Монгол Улсад ийм боломж бий билүү. Энэ асуудал УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Гурван мянган хүнд зориулж буу худалдаж авалгүйгээр шийдээсэй гэж хүсэж байна.

Үнэнийг хэлэхэд, бололцооны амьдралтай маш олон хүн автомат буу хэрэглэж байгаа нь нууц биш. Энэ хүмүүсийг автомат буугаар ялангуяа байлдааны сумтай автомат буугаар ан агнахаасаа сайн дураараа татгалзаасай гэж уриалмаар байна. Болж өгвөл буугаа зургийн аппаратаар солиоч гэмээр байна. Бүр болдоггүй юм бол тийм буугаа зүгээр гэртээ хадгалчихаач гэмээр байна. Тэглээ гээд Та хоосон хонохгүй шүү дээ.

-Галт зэвсгийн хууль батлагдахад ямар нэгэн гацалт байна уу. Ан хийх сонирхолтой гишүүд энэ хуулийг дэмжихгүй байгаа гэх яриа байна лээ?

-Бид галт зэвсгийн хуулийн талаар хоёр ч удаа УИХ-ын нилээд хэдэн гишүүнд танилцуулга хийсэн. УИХ-ын гишүүдээр буудлага хийлгүүлж энэ талаар мэдээлэл өгсөн. Бид ан агнуурыг аюулгүй хийх, байгаль, экологи, ан амьтдын тоо толгой, өсөлт хөгжлийг илүүтэй анхаарсан нийгэмд тохирсон хуулийн төсөл санаачилсан болохоор дэмжигдэнэ гэж бодож байна.

-Хууль бус ангийн хор хөнөөл өнөөдөр Монгол Улсад ямар хэмжээнд хүрээд байна вэ?

-Нэн ховорт тооцогдох амьтдын тоо өдрөөс өдөрт цөөрсөөр байна. Тухайлбал, хүдэр, бөхөн, хулан, ховроос баавгай, буга, хойлог, хар сүүлт зэрэг амьтдыг хүмүүс маш олноор агнаж устгаж байна шүү дээ.

Жишээлбэл, хар сүүлт гэдэг амьтан арваад жилийн өмнө 44 мянган тоо толгой байсан бол өдгөө 12 мянга хүрэхгүй үлдсэн байна. Баавгайг хоног тутамд нэгийг устгаж байна Жилд бараг баавгайн 365 ширхэг арьс зөвхөн урд хил дээр хураагдаж байна шүү дээ. Элбэг байдаг амьтдаас тарвага, цагаан зээр, чоныг үй олноор нь хөнөөж байна. Сүхбаатар, Дорнод зэрэг аймагт чоныг автомашинаараа хөөгөөд нэг дор бараг 20-30-аар нь автомат буугаар хөнөөж байна.

-Хамгаалалтад авсан газруудад ан амьтдын тоо толгой өсөж байна гээд мэдээлэл хийдэг. Үнэхээр өсөж чадаж байна уу?

-Монголын орны тусгай хамгаалалт болон нөхөрлөлийн, иргэдийн, аль нэг байгууллагын хамгаалж байгаа газарт л өнөөдөр ан амьтад тайван амьдарч өсч  эхэлж байна. Сүүлийн цөөхөн жилд ан амьтдыг хамгаалах ажил идэвхтэй өрнөж байгаа. Үүний ачаар тодорхой бүс нутгуудад ан амьтдын тоо толгой өсч байна. Тарвагаар жишээ авахад Хустайн нуруунд тарвага 1980-аад онд Монголд тарвага байсан хэмжээнд хүртэл өссөн. Ан амьтан ингэж их ховордсон нь ан агнуурын тансаглал Монголд хэрээс хэтэрснийг илтгэж байгаа үзүүлэлт.

Хүн өөрөө бий болгодоггүй мөртлөө байгалийн бий болгосон амьтдыг хобби сонирхол төдийгөөр устгадаг энэ байдлыг зогсоохоос өөр арга байхгүй. Монгол Улсад өнөөдөр бүртгэлтэй 44 мянган анчин үнэхээр ан хийх гээд байж, сууж чаддаггүй юм бол хууль ёсны ан агнуурыг л бий болгох ёстой.

-Агнуурын бүс нутагтай болох яригдаад л байдаг. Ямар шатандаа яваа бол?

Дэлхийн бараг бүх орон ангийн хишгийг хүртдэг газар нутаг буюу агнуурын бүс нутагтай байдаг. Харамсалтай нь манайх л байхгүй. Үүнийг БОНХЯ хийнэ. Бид агнуурын бүс нутаг хаагуур байх вэ, гадаад орнуудын туршлага гээд тал бүрээс нь судалж байна. Ер нь үүнийг хувийн хэвшилд хариуцуулаад явна гэсэн зарчмын чиглэлтэй байгаа. Амьтны тухай хууль ийм бүс нутаг байхаар заалт байдаг ч ер хэрэгждэггүй юм. Энэ асуудлаар эрхзүйн зохицуулалт хийх, судалах зэрэг олон асуудал байгаа.

-Агнуурын бүс нутгийг иргэн, аж ахуйн нэгж, улсын хэн нь ч хариуцсан бай тодорхой шалгууртай байна байх?

-Ер нь бол агнуурын бүс нутгаас улс түрээс авдаг. Харин хариуцаж авсан иргэн, аж ахуйн нэгж нь тухайн нутаг дээр ан амьтдыг өсгөж үржүүлэх боломжийг бүрдүүлж, түүн дээрээ үндэслэн хууль ёсны агнуур хийлгэх эрхтэй байдаг. Үүнтэй холбоотой хууль, журмуудыг удахгүй гаргахаар ажиллаж байна. Одоогоор Газрын тухай хуульд агнуурын бүс нутгийг газрын нэгдмэл санд оруулах асуудал тулгамдаад байгаа. Мөн агнууртай холбогдох үнэлгээ, тариф, хэнд хариуцуулах вэ зэрэг асуудлуудыг Герман, Польш зэрэг улсын туршлагаас судалж, төрийн бус байгууллага, эрдэмтэдтэй хамтран ажиллаж байна.

Агнуурын бүс нутгийг хариуцуулахад хувийн аж ахуйн нэгж, иргэнд түрээслүүлэхэд дэлхийд ийм жишиг байна, манайх ингэж хийе, агнуурын бүс нутгийг ингэж зааглая, ямар үнэлгээтэйгээр, аль бүс нутгийг өгөх вэ, эрхийг нь тендер зарлаж олгох уу гэх мэт тодорхой, асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсгүүд ажиллаж байна.

Өөр нэг чухал зүйл нь Монгол орны хэмжээнд агнуурын бүс нутаг хаана хаана байж болох вэ гэдэг судалгааг хийлгэхээр зэхэж байна. Жишээ нь Өвөрхангай аймгийн нутагт байдаг Өгшгийн нурууг аргалын агнуурын бүс нутаг, Өмнөговь аймгийн тийм нурууг янгирын агнуурын бүс болгох гэх мэтээр хаана агнуурын бүсүүдийг байгуулах вэ гэдгийг эхлээд судалгааны байгууллагаар судлуулах юм.

Өнөөдөр ангийн зөвшөөрөл авсан иргэн хаана, хэдэн амьтан агнасныг хянах бололцоо бараг байхгүй. Хэрэв агнуурын бүс нутгийг бий болгочихвол хууль ёсны агнуур бүгд хяналттай болно. Хамгийн гол нь ан амьтад харж хамгаалах, зохистой ашиглуулах эзэнтэй болно.

Нөгөө нэг чухал ач холбогдол нь агнуурын ан амьтад бүхий газар эдийн засгийн эргэлтэд орно. Энэ нь эргээд хүмүүс, нийгэм, хувийн хэвшил ан бүхий газраас ашиг хүртэх, нийгмийн баялаг бүтээгдэх боломжтой болдог. Эдийн засгийн энэ хөшүүрэг нь эргээд ан амьтныг өсгөх рүү түлхдэг. Монголд өнөөдөр 44 мянган иргэн ан хийх сонирхолтой байна гэж үзвэл түүнийг дэмжиж хууль ёсны агнуурыг хөгжүүлье гэж байгаа хэрэг. Үүнээс нийгэм эдийн засгийн олон сайн үр дагавар гарна. Наад зах нь татварын суурь шинэ төрлөөр өргөжинө,  маш олон ажлын байр шинээр бий болно.

Энд би нэг жишээ татъя. ХБНГУ Монгол Улсаас дөрөв дахин бага газар нутагтай, Тэнд 340 мянган анчинтай. Анчид нь агнуурын бүс нутагтаа очиж ан хийдэг. Тэр бүс нутагт нь 700 мянган хүн ажиллаж байдаг. Хувийн хэвшил нь жилд нэг тэрбум еврог зөвхөн агнуурын бүс нутагт хөрөнгө оруулалт хийдэг. Түрээсээр улс нь олон зуун мянган евро авдаг байх юм. Ийм их хөрөнгийг газар, ан амьтныхаа эдийн засгаас босгож чадаж байна. Иймээс тэд “Манайд ирээд ан хий, хорхойгоо дар, цөөлөөд өгөөч” л гэсэн сурталчилгаа байхаас бус тоо толгой нь цөөрч, ховордож байна гэж гомдолдоггүй гэсэн.

-Нэг үгээр хэлбэл Монголын байгаль, ан амьтад тодорхой эзэнтэй болно, эдийн засгийн эргэлтэд орно гэсэн үг юм байна?

Одоогийн тогтолцоо бол хэн нэгэн гахай агнах гэтэл хэнээс, хаанаас зөвшөөрөл авах нь тодорхойгүй, нөгөө хүн нь ажил дээрээ байдаггүй гэх мэт бэрхшээл олон. Харин агнуурын бүс бий болгож, агнуурыг хууль ёсны болгсоноор бүх юм тодорхой болно. Агнуурын бүс нутаг эзэнтэй болно. Ангийн сонирхлууд агнуурын бүс нутаг руу чиглэнэ. Нөгөө хүн зэрлэг гахайн агнуурын бүсэд шууд очно. Хариуцсан хүнтэй нь уулзаад, төлбөрөө төлчихнө, бусад асуудлаа цэгцэлчихнэ, ангаа хийнэ, хэдийг агнасан тоо баримтаа үлдээнэ, хяналтад орно.

Өөрөөр хэлбэл, бид хэн, хэзээ, хаана ямар галт зэвсгээр ан хийх вэ гэдгийг хянадаг, холбоотой асуудлыг Галт зэвсгийн тухай хуульд оруулчих юм бол үүнийг дагаад хууль бус ан хумигдаж, хууль ёсны ан цэцэглэж, ан амьтдыг ч хомроглон устгахгүй болох юм. Мөн олон хүн ажилтай болж, зэрлэг байгаль эзэнтэй болж, улс татвар авдаг тогтолцоог бий болгохыг бид хүсэж, хичээж байна. Удахгүй ийм сайхан тогтолцоотой болгох зорилт тавин зүтгэж байна.

Э.БААТАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.