Лав л Чингисийн үеийн түүхийг харуулсан номноос хөөрөгний талаар уншиж байсангүй...

Twitter Print
2020 оны 06-р сар 03-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Шатар, даамаар жишээ авч олон зүйл тайлбарлаж болно.

Шатар сурахад шатрыг хийсэн материал нь үнэтэй байх эсэх тийм ч сонин биш. Сайн сурсан хүнд бол шатрын байрлал, тоглолтын арга, комбинациуд л сонин болохоос яг тэр тоглож байгаа шатрыг юугаар хийсэн нь тийм ч сонин биш. Сайн яривал мастеруудад заавал биет шатар байх ч шаардлагагүй. Алхаж явахдаа нүүдлээ хэлээд тоглочихдог хүмүүс ч их. В.Адъяасүрэн багш "Их сургуулийн багш нар намрын ургац хураах ажилд явахад шатар тоглодог багш нар төмс шуудайлж байхдаа л шатар тоглоод зогсч байдаг байсан" гэж ярьж байв. Дэлхийн шатрын аваргын тэмцээн болоход тэмцээнд тоглогчид алтан шатраар тоглолоо гэх мэт материаллаг зүйл онцолсон мэдээ лав харахгүй. Харин шатрыг сайн сураагүй, тоглохдоо тааруу хүмүүсийн хувьд бол алтаар хийсэн шатар, мөнгөөр хийсэн шатар, эрдэнийн чулуугаар хийсэн шатар, зааны ясаар хийсэн шатар гэх мэтэд их ач холбогдол өгч байгаа харагддаг. Монголчуудын хувьд шууд зорилгоосоо илүү дагавар зүйлд анхаарах нь эрдмийн тал дээр их ажиглагддаг. Жишээ нь Ганжуур гэдэг номыг хэдэн кг алт, мөнгө, эрднийн чулуугаар хийжээ гээд л шагшаад байдгаас тэр номонд юу бичсэнээр нь бахдаж байгааг харсангүй. Уг нь бол номны дотор бичсэн зүйл нь л чухал болохоос хийсэн материалыг нь хараад л гайхан шагших нь ёстой утгагүй асуудал гэж санагддаг.

Эрдэнийн чулуугаар хийсэн шатраар тоглолоо гээд анхаарал илүү төвлөрдөг бол бас нэг хэрэг. Харин ч эсрэгээрээ эд марериал нь анхаарал татаад сурах үйл явцад нь сөргөөр нөлөөлж магадгүй юм. Эцэг эхчүүд эрдэнийн чулуугаар хийсэн шатартай болох юмсан гэж анхаарахаас илүүтэй энэ тоглож байгаа шатрын материал гар хурууг нь зүсэх вий гэх мэт эрүүл ахуй, аюулгүй байдалд л анхаарах, зааж байгаа багш, хамт сурч байгаа сурагчдын нөлөөг харах чухал юм.

Ер нь бол иймэрхүү эд материалыг хамгийн чухал мэт ойлгуулдаг болсон нь борлуулалтын, наймааны авъяастнуудын л нөлөө байх. Үүний тод жишээ бол Монголд хөөрөг, хусуур байна. Ийм үнэтэй хөөрөггүй бол чи хүн биш, чи сайн уяач бол ийм материалаар хийсэн хусуургүй бол юу ч биш, тэр шувууны хошуугаар мориныхоо хөлсийг хусчихвал сайн гэх мэтээр хэдэн чулуу, материалыг зохиомол гайхамшиг үүсгэн өндөр үнээр зардаг. Монголчууд хөөргийг бүгд л мэднэ. Гэхдээ хөөрөг хаанаас юунаас үүссэнийг бараг л мэдэхгүй. Би ч мэдэхгүй. Миний бодлоор бол Манжийн үед л хөөрөг, гаансны соёл манайд орж ирсэн. Гаанс бол тамхи татах хэрэгсэл, хөөрөг бол хар тамхины савны зориулалттай үүссэн байх л гэж боддог. Лав л Чингисийн үеийн түүхийг харуулсан номноос хөөрөгний талаар уншиж байсангүй.

Монголд сургалтын байгууллагад хандах эцэг эхчүүдийн хандлагыг судалгаанаас харвал эд материалын өнцөг маш чухлаар тусдаг. Үүнд тохируулаад сургалтын байгууллагууд гол давуу талаа байшин барилга, эд хөрөнгөөр л харуулах гэж хичээх нь элбэг харагддаг. Манайх хамгийн сүүлийн үеийн, үнэтэй тоног төхөөрөмжтэй, алтаар хийсэн шатраар хичээл заадаг гэчихвэл эцэг эхчүүдийн анхаарлыг татаж, шүлсийг гоожуулах янзтай. Гэтэл хамгийн чухал нь хүүхэд сурах ёстой зүйлдээ гол анхаарах, багшийн хандлага, чадвар, сэтгэл, байгууллагын соёл. Ингээд эцэг эхчүүдийн сургалтын төлбөр бетон, арматур, алтан шатарт илүү их зарцуулагдана. Харамсалтай нь алтан шатар хүүхдэд нь үлдэхгүйгээс гадна, гол зорилго буюу шатар тоглох чадвар нь ч хангалттай биш болдог.

Сугардорж Чагнаадорж 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.