Хүүхдэд тань дараах сөрөг зан үйл илэрч байна уу

Twitter Print
2021 оны 11-р сар 24-нд 10:21 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд тань

- Зөрүүд

- Өөртөө итгэлгүй

- Хувиа хичээсэн

- Зодоонч, ховч болох

- Хумсаа идэх

- Удаа дараа бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авах

- Ах, эгч, дүүтэйгээ үргэлж таарамжгүй байх

зэрэг сөрөг зан үйл ажиглагдаад байвал та юуны өмнө тоглоомын булан тохижуулж өгөөд түүнд зориулж хамтдаа тоглох цагийг тусгайлан гаргаарай. Хүүхэд хэн нэгний анхаарлыг өөртөө тусгайлан хүсэх үед дээрх зан төлөв ажиглагдах нь элбэг (2-9 настнууд).

Хүүхэд төвтэй ТОГЛООМОН ЗАСАЛ гэж байдаг. Тусгай тохижуулсан өрөөнд түүнтэй тусгайлан хамтарч, санаа тавин тоглоход хүүхдийн стресс тайлагдаж амархан тайвширдаг. Гол нь энэ үед хүүхэд таныг удирдаж ахлаж тоглоно гэсэн үг. Та зааварчилж хэрхэвч болохгүй. Өрөөнд хүүхдийн өөрийн сонирхдог тоглоом байхаас гадна:

- Элс, давс, будаатай (хүүхдийн каш байсан ч тохиромжтой) тавцан байх. Үүн дээр хуруугаараа хүссэнээрээ зурж арилгаж шинээр ургуулан зурж болно.

- Усан будаг, гуашаар будаж болох том жижиг чулуу, бод богийн шагай. Чулуун дээр цэцэг, гэр бүл, үлгэрийн баатруудыг хамтран зурж амилуулан тоглож ярилцаарай.

- Айл гэрдэж тоглож болох зүйлсүүд (айл гэрдэх явцад охинтой бол охиноо ээж болгоод түүнээс гарах зан үйлийг ажиглаарай. Тоглоомуудаа хооронд нь зодолдуулаад, хүүхэлдэйнхээ бөгсийг алгадаад байна уу? Тийм бол бүү хориглоорой. Хэд тэгж тоглоод тайвширсны дараа сонголт өөрчлөгдөнө. Хүчирхийлэлд стресс авсан хүүхдээс голдуу ийм авир гарна. Та энэ үед өмнөхөөсөө ойрхон давтамжтайгаар гоё сайхан үгсийг хэрэглэж байгаарай.

- Эвлүүлж угсардаг тоглоом (Хүүхдэдээ шинэ загвар гаргахад нь л санаа өгч оролцоно)

- Олон төрлийн хоол хийж болох тоглоом
(Та үйлчлүүлэгч болоод хоолыг нь амтархан идээрэй. Хоол бүрд нь тохирсон урамшууллын үг хэлээрэй. Тухайлбал, ногоотой хуурга чинь үнэхээр гоё өнгөтэй харагдаж байна. Миний дуртай лууванг хийсэн чинь бүр амттай санагдлаа г.м)

- Хайч, цавуугаар тоглох (Урт үстэй хүн, урт хумстай гарыг хатуу цаасан дээр зурж бэлтгээд хумсыг нь авч, үсийг нь тайрч шинэ дүр төрх бүтээж тоглоорой)

гэх мэтээр дурьдаад байвал олон төрлийн тоглоомыг нэрлэж болно. Гол нь та хүүхэдтэйгээ хамтран тоглох хамгийн чухал.

Хүүхэд төвтэй тоглоомын арга нь хүүхдийн өөрийн болон бусдын тухай ойлголт, нийгэмд дасан зохицох, сэтгэл хөдлөлөө хянах удирдах чадвар стрессээ зөв тайлахад эерэгээр нөлөөлдөг.

Өдөр бүхэн хүүхэд нэг бүртээ тусгайлан хамтдаа тоглох, ном унших, ярилцах 10-20 минут гаргаж хэвшээрэй. Эцэг эх нь хүүхэдтэйгээ хэрхэн харилцдаг, хамтдаа байх цаг хэдий их зарцуулдагаас хамаарч тэдний ирээдүйн өнгө харагддаг.

Г. Төмөрзаяа

"Хөөрхөн шар шувуу" сургалт судалгааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.