Монгол Улс улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон орон боллоо

Twitter Print
2014 оны 06-р сар 26-нд 12:26 цагт
Мэдээний зураг,

Манай улс 1973 оноос эхлэн улаанбурхан өвчний эсрэг вакцинаар хүн амаа дархлаажуулж эхэлжээ. Өнгөрсөн 40 жилийн хөдөлмөрийн үр дүн өнөөдөр гарч “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг Монгол Улсын Засгийн газарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олголоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуягт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчин хариуцсан захирал Марк Жакобс батламж гардуулах үеэрээ бүс нутгийн 37 орноос Австрали, Монгол, Макао, БНСУ гэсэн дөрвөн орон улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг хэлээд халдварт өвчний тархалтыг таслан зогсоох нь улс орнуудын хөгжлийн түвшингээс шалтгаалахгүй, дархлаажуулалтын ажлын үр дүн, зөв тогтолцооноос хамаардаг гэдгийг хэллээ.

40 жилийн өмнөөс улаанбурхан өвчний тархалтын эсрэг авч хэрэгжүүлсэн дархлаажуулалтын тогтолцооны үр дүнд Монгол Улс улаанбурхан өвчний тархалтгүй орон болж чадлаа. Энэ нь эрүүл мэндийн салбарын үе үеийн удирдлагууд, эмч, эмнэлэгийн ажилтнууд, дархлаажуулалтын сувилагч нарын ажлын олон жилийн ажлын үр дүн юм гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Улаанбурхан нь халдварлалтын зэрэг өндөр, хүнд явцтай өвчин  юм. Энэ өвчний улмаас дэлхий дээр жилд 2,6 сая хүүхэд эндэж байна.

Манай улс 1940 онд цагаанцэцэг өвчнийг устгасан Азийн анхны орон болж байсан бол 2000 онд халдварт саа өвчнийг устгасан батламжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч байсан юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.